Тойм: Цар тахлын халдвар хаана ч байж болохыг тодотгосон айдастай 7 хоног

Хуучирсан мэдээ: 2021.01.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Тойм: Цар тахлын халдвар хаана ч байж болохыг тодотгосон айдастай 7 хоног

Тойм: Цар тахлын халдвар хаана ч байж болохыг тодотгосон айдастай 7 хоног

Монголчууд бид амжилт ололт, сорилт бэрхшээлээр дүүрэн 2020 оноо үдэж, хатуу хөл хорионы дэглэм дор шинэ 2021 оноо угтлаа. Хоёр он солигдох торгон мөч тохиосон энэхүү долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг “Ньюс” агентлаг тоймлон хүргэж байна.

УИХ Коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хуулийн хугацааг зургаан сараар сунгаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр болсон нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.

Мөн Цар тахлын нөхцөл байдалд банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах хуулийн төсөл, Голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох хуулийн төслүүдийг өргөн барив.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэж байгаагаа мэдэгдсэн нь онцлох бас нэг үйл явдлын нэг байлаа. “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоожээ.

Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, Улсын нөөцөд бүртгүүлсэн байна. Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц 60% хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзэв.

УОК-оос өнгөрсөн долоо хоногт хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр гамшгаас хамгаалах дэглэмийг хэрэгжүүлэх санал гаргасныг Засгийн газраас дэмжин шийдвэрлэсэн билээ.

Аймгуудын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав.

Орон нутагт Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ гэсэн 6 аймгийн 7 суманд халдвар бүртэгдсэнээс хойш 7-43 хүртэл хоногийн хугацаанд дахин халдвар гараагүй. Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дээрхи аймгуудыг халдваргүй, эрүүл ногоон бүсэд тооцож, хатуу хөл хорионы дэглэмүүдийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ. Энэ шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас бусад орон нутагт иргэд, аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд хэвийн амьдралын горим руу шилжүүлэх боломж бүрдсэн юм.

Он солигдох торгон мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэддээ хандан үг хэлэхдээ, өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан өрх бүрд сая төгрөгийн эрхийн бичиг олгох санаачилгаа давтлаа. Тэрбээр “Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч өрх бүрт нэг сая төгрөг олгох, ингэхдээ 800 төгрөгийг дотоодын үйлдвэрлэгчдээс хүнс, бараагаар олгох үлдсэн 200 мянган төгрөгийг бэлнээр олгох саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн ч дэмжигдээгүй билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр жилийн өмнө шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ 2020 онд ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байв. Энэ дагуу Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталж, 420 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж байв.

Зээл аваагүй байсан 194 мянган ахмадад нэг сая төгрөгийн үнэт цаас олгоно гэж тухайн үед мэдэгдсэн нь ажил хэрэг болж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ оны мэндчилгээндээ онцоллоо.

Тэрбээр зээлгүй байсан ахмадууддаа энэ оны тавдугаар сардаа багтаан нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байгааг дуулгав. Өнгөрсөн жил УИХ Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль баталсан. Тус хуульд "Зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, 2021 оны тавдугаар сарын 1 гэхэд иргэд үнэт цаасаа мөнгөжүүлэх боломжтой болно” гэж тусгасан билээ.

Өнгөрч буй долоо хоногт УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл сошиал хуудсаараа дамжуулан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, багагүй шуугиулав. Тэрбээр ирэх зургаан жилд олон асуудлаар гар бие оролцож, хувь нэмрээ оруулах зорилгоор намаасаа нэр дэвшиж, өрсөлдөхөөр шийдсэнээ дуулгасан нь дэмжинэ, дэмжихгүй гэсэн саналаар олныг талцуулаад амжсан юм. Түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх өгөх эсэхийг Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд шийднэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны зургадугаар сард зохион байгуулагдах билээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сүүлийн хоёр хоногт олон нийтийн дундаас голомтлон халдвар тархаж байгаа талаар, вакцин, бүх иргэдээс шинжилгээ авах эсэх, гэрээр эмчилж болох эсэх талаарх мэдээллүүдэд хариулт өгөв. Түүний мэдээлснээр, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар голомтлон үүссэнтэй холбоотойгоор тус дүүрэгт өргөжүүлсэн тандалт байнга хийж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд 85 мянган иргэнээс шинжилгээ авч, тус дүүрэгт шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомтоос халдвар илрээд буй. Тодруулбал, “Мөнххада”, Баянзүрх дүүргийн гэр бүлийн хоёр, сайн дурын шинжилгээнээс хоёр, тус дүүрэгт амьдардаг нэг хүн зэрэг дөрвөн эх үүсвэр тодорхойгүй голомт гарав. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 130 мянган хүнд хийсэн шинжилгээгээр хаанаас халдвар авсан нь тодорхойгүй өвчтөн байгаа нь ард иргэдийн дунд халдвар тархсан байх магадлал өндөр байж болзошгүй гэж үзэж, шуурхай ажиллахад хүргэжээ.

Цар тахлын халдвар алаг, цоог байдлаар голомтлон үүсч байна гэж дүгнэж буй ч цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй байгаа юм.

Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, богино хугацаанд ард иргэдээ вакцинд хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд цаад хугацаа нь гуравдугаар сарын 1-ний өдөр гэж тооцож буй.

Ямартаа ч Covid-19-ийн цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдөж, шинж тэмдэггүй, эх үүсвэр тодорхойгүй байдалд шилжсэн тул монгол хүн бүр халдвар хамгааллаа сайтар сахиж, гараа байнга ариутган, амны хаалтаа тогтмол зүүж явах шаардлагатайг анхааруулсаар байна.

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Өнөөдөр (2021.01.03) нийт 11 байгууллагын хамтарсан хурал болж, эрсдэлийн үнэлгээ хийж байгаа юм.

Уг үнэлгээний хариуг үндэслэн Улсын онцгой комисс болон Засгийн газар маргааш буюу Даваа гаригт хуралдаж, хөл хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн, шийдвэр гаргахаар төлөвлөснөө мэдэгдсэн. ЭМЯ-наас хөл хориог дахин сунгах саналтай байгаагаа илэрхийлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж