Шинэхэн он айлчлан ирж буй энэ мөчид НҮБ-ын Хүүхдийн сан дэлхий даяар хүүхэд бүрийн төлөө хичээн зүтгэсэн 75 жилийн ажлаа нэгтгэн дүгнэж байна. Шинэ оны анхны өдөр дэлхий даяар 371,504 хүүхэд мэндэлнэ гэж НҮБ-ын Хүүхдийн сан тооцоолжээ.
Хуанлийн хуудас эргэхтэй зэрэгцээд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр энэ дэлхийн шинэхэн иргэн дуугаа хадаан мэндэлнэ. Номхон далайд орших Фижи Улсад шинэ оны ууган хүнээ угтаж байхад АНУ-д улиран одож буй оны отгон хүүхдээ эх барьж авах юм. Энэ өдөр төрсөн хүүхдүүдийн тал нь Энэтхэг (59,995), Хятад (35,615), Нигери (21 439), Пакистан (21,439), Индонез (12,336), Этиоп (12,006), АНУ (10,312), Египет (9,455), Бангладеш (9,236), Конго (8,640) гэх арван улсад мэндэлнэ.
МОНГОЛ ОРОН ЭНЭ ӨДӨР 174 ШИНЭ ИРГЭНЭЭ УГТАН АВНА
2021 онд шинээр мэндлэх 140 сая хүний дундаж наслалт нь 84 байх юм. “Өнөөдөр төрж буй хүүхдүүдийн амьдрал ердөө жилийн өмнө төрсөн ах, эгчтэй нь харьцуулахад эрс өөр байх болно. Шинэ он бидэнд бүхнийг өөрөөр төсөөлөх боломж олгож байна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал Хэнриетта Фор хэлээд “Өнөөдөр төрж буй бяцхан үрс тэдэнд зориулж бидний өнөөдөр бүтээж буй дэлхий ертөнцийг өвлөн авна. Ийм болохоор 2021 оныг бүгдээрээ шударга, аюулгүй, эрүүл дэлхий ертөнцийг бүтээх гараагаа болгоцгооё” хэмээн уриалав.
Хүүхдэдээ өгдөг хамгийн түгээмэл нэр НҮБ Хүүхдийн Сан** (эрэгтэй, эмэгтэй)
Австрали: Жон, Маргарет
Хятад: Мин, Шүлан
Хорват: Иван, Мария
Дани: Эрик, Кристэн
Франц: Жан, Мария
Герман: Ханс, Ринатэ
Израиль: Мошэ, Эстер
Япон: Масару, Казүко
Солонгос: Ёон-хо, Ёон-жа
Монгол: Ананд, Амин-Эрдэнэ
Польш: Яан, Мария
Орос: Иван, Мария
Испани: Хосе, Мария Кармен
Их Британи: Жон, Маргарет
АНУ: Жэймс, Мэри
Энэ онд НҮБ-ын Хүүхдийн сан үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Тус байгууллага өөрийн хамтрагчдын хамтаар хүүхэд бүрийг зөрчил мөргөлдөөн, өвчин эмгэг, ялгаварлан гадуурхалтаас хамгаалж, амьд мэнд явах, эрүүл өсөж бойжих, мэдлэг боловсрол эзэмших эрхийг нь хамгаалж ирсэн 75 жилийн ойн баяраа жилийн туршид тэмдэглэх юм.
“Цар тахал дэгдэж, эдийн засаг хямарч, ядуурал, тэгш бус байдал улам бүр газар авч буй өнөө үед НҮБ-ын Хүүхдийн Сангийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд аливаа зөрчил, мөргөлдөөн, нүүлгэн шилжүүлэлт, байгалийн гамшиг, онцгой байдал тохиох бүрд НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхэд бүрийн төлөө тэргүүн эгнээнд ажиллаж ирсэн.
Шинэ он гарч буй энэ өдөр бид дэлхийн хүүхэд бүрийг хаана амьдран суудгаас нь үл хамааран хамгаалж, хүүхдийн эрхийн төлөө, тэднийхээ дуу хоолойг хүргэхийн төлөө хичээн ажиллана гэдгээ илэрхийлж байна” гэж хатагтай Фор нэмж хэллээ.
Дэлхий даяар тархаад байгаа КОВИД-19 цар тахалтай тэмцэх, цар тахлын удаан хугацааны сөрөг нөлөөнөөс үр хүүхдүүдээ хамгаалах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сан “ШИНЭЭР ТӨСӨӨЛЬЕ” аяныг эхлүүлж байна. Уг аяны хүрээнд дэлхийн улс гүрний төр засаг, ард иргэд, хандивлагчид, хувийн хэвшлийнхэн НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран нэгдэж, цар тахлыг ялсны дараах илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээх шинэ зураглал гаргахаар ажиллахыг уриалж байна.
Эрхлэгчдэд зориулсан тэмдэглэл
*Хүүхдийн нэртэй холбоотой өгөгдлийг Америкийн нэр судлалын нийгэмлэгийн Др.Ник бэлтгэжээ. Тухайн улсын төрийн байгууллагаас гаргасан албан ёсны статистик мэдээнд үндэслэв.
Ашигласан 236 улс, бүс нутгийн төрөлтийн статистик мэдээллийг ЭНД-ээс авна уу.
Тухайн улсад тухайн өдөр төрж буй хүүхдийн тоог гаргахдаа тухайн улсын бүртгэл, өрхийн судалгааг ашиглан тооцоолов. НҮБ-ын Дэлхийн хүн амын тооцоолол (2019) ашиглан тухайн жилд бүртгэгдсэн амьд төрөлтийн тоонд үндэслэн 2021.01.01-ний өдөр төрсөн хүүхдүүд тэдний чацуутнуудын дундаж наслалтыг тооцоолов.
Шинээр төсөөлье аяны тухай
Энэ аян нь Covid-19 цар тахалтай тэмцэх, цар тахалд нэрвэгдсэн дэлхий ертөнцөө шинээр зураглах НҮБ-ын Хүүхдийн Сангийн хүчин чармайлтыг дэмжихийг дэлхийн улс орон бүрийн төр засаг, ард иргэд, хандивлагчид, бизнесийн байгууллагуудад хандан уриалж буй кампанит ажил юм. Бид хамтдаа энэхүү аюулт цар тахал хүүхэд багачууд, ялангуяа хамгийн эмзэг хэсгийн хүүхдүүдэд урт удаан үргэлжлэх гамшиг болохоос сэргийлж, илүү шударга, тэгш ертөнцийг ирээдүй хойчдоо зураглаж чадна.
Бидэнтэй нэгдээрэй: https://www.unicef.org/coronavirus/covid-19/donate
Дэлгэрэнгүй мэдээлэл: Sara Alhattab, UNICEF New York, +1 917 957 6536, salhattab@unicef.org
НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Б.БОЛД
Эх сурвалж: UNICEF.ORG
Холбоотой мэдээ