ПСЖ Мессиг авчрах эхний алхмаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.03-нд нийтлэгдсэн

ПСЖ Мессиг авчрах эхний алхмаа хийлээ

ПСЖ Мессиг авчрах эхний алхмаа хийлээ

Францын алдарт Пари Сен-Жермен (ПСЖ) баг шинэ ахлах дасгалжуулагчаа таницууллаа. Саяхан өөрсдийн Герман ахлах дасгалжуулагч Томас Тухелийг ажлаас нь халсан Францын аваргууд өчигдөр (2021.12.02) Аргентин мэргэжилтэн Маурисио Почеттиног шинэ ахлах дасгалжуулагчаараа зарлав.

Өдгөө 48 настай аргентин эрийн хувьд өмнө нь Английн Тоттенхэм Хотспур багийг удирдан, УЕФА Аваргуудын лигийн финалд хүрч байсан туршлагатай нэгэн юм. Тэрбээр Пари Сен-Жермен багтай 2022 оны зургадугаар сарын 30-ныг хүртэл гэрээ байгуулжээ.

Маурисио Почеттино шинэхэн ажлаа хүлээн авсныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Пари Сен-Жермен багийг удирдах болсондоо их баяртай байна. Та бүхний мэдэж байгаачлан энэ баг миний зүрх сэтгэлд үргэлж онцгой газар байсаар ирсэн. Энэ багтай холбоотой олон гайхалтай дурсамж надад бий. Ялангуяа Парк де Принц цэнгэлдэхийн ер бусын уур амьсгал надад таалагддаг” хэмээжээ.

Маурисио Почеттино тоглогч ахуй цагтаа Пари Сен-Жермен багийн төлөө 2001-2003 оны хооронд 70 тоглолтод оролцож байв.

ПСЖ багийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи багийнхаа албан ёсны сайтад “Почеттино багт эргэн ирсэн нь бидний амбицтай төгс тохирно. Багийн түүхэнд гайхалтай үйл явдал болж байна. Хөгжөөн дэмжигчид ч баяртай байгаа байх. Почеттино ирснээр баг маань ирэх жилүүдэд улам сайжирч, амжилтаа ахиулна” хэмээн ярив.

Почеттино 2019 онд Тоттенхэм Хотспур багийг дасгалжуулан, УЕФА Аваргуудын лигийн шигшээд хожигдож байсан бол ПСЖ баг өнгөрсөн жил УЕФА Аваргуудын лигийн шигшээд мөн ялагдаж байлаа.

Хөлбөмбөгөөр дагнан бичдэг гаднын хэвлэлүүд Пари Сен-Жермен багийг Лионель Мессиг авчрах эхний алхмаа хийлээ гэж харж байна. Учир нь Маурисио Почеттино хөлбөмбөгийн тамирчны гараагаа Аргентины Ньюэллс Олд Бойз багаас эхлүүлж байсан бөгөөд Лионель Месси мөн адил Ньюэллс Олд Бойз багаас замналаа эхлүүлж, Барселона баг руу явж байсан юм.

Өнгөрсөн жил Плата радиод өгсөн ярилцлагадаа Почеттино “Би Ньюэллс руу Месситэй цуг эргэн очмоор байна. Би Месситэй эргэн очих боломжийг, цаг үеийг 10 жил байсан ч хүлээх болно” хэмээж байжээ.

Лионель Мессигийн хувьд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өдрөөс эхлэн гаднын багуудтай гэрээ хэлэлцээр хийх боломж бүрдэж байна. Одоогоор түүнийг Францын Пари Сен-Жермен, Английн Манчестер Сити, Америкийн Интер Майами зэрэг багууд сонирхож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж