Улсын онцгой комиссын даргын тушаалаар Алтанбулаг боомтод олон улсын автомашины чирэгч сольж тээвэрлэх туршилтын ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, гаднын ачаа тээврийн автомашин Алтанбулаг боомтод ирж, чиргүүлээ салгаж орхиод, дан чирэгч толгой нь буцаж гарах, Монголын тээврийн автомашины чирэгч толгой чиргүүлийг авч, хатуу хяналтын дор Улаанбаатар хүргэж ачааг буулгаад, хоосон чиргүүлийг буцааж боомтод хүргэх, гаднын ачаа тээврийн автомашины чирэгч толгой эргэн орж ирж, чиргүүлээ авч гарахаар зохицуулсан автомашины чирэгч сольж тээвэрлэх ажил нь цар тахлын нөхцөлд гаднын тээврийн хэрэгслийг нутгийн гүн рүү нэвтрүүлэхгүй байх, жолооч нарыг халдвараас хамгаалах зорилгоор төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа туршилтын арга хэмжээ юм.
Шуурхай бүлэг өчигдөр (2021.01.02) Алтанбулаг боомтод ажиллаж, тус боомтод эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн ачсан олон улсын 20 автомашины чирэгч солих туршилтын ажлыг ХХЕГ, МХЕГ, ГЕГ хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд Алтанбулаг боомтоос үдэш хөдөлсөн тээврийн цуваа өнөөдөр (2021.01.03) өглөө Улаанбаатарт ирлээ.
Цуваа мэргэжлийн байгууллагуудын хяналттай гаалийн хоёр талбайд ачаагаа буулгаад, Алтанбулаг боомт руу буцаж, хилийн цаана хүлээж байгаа олон улсын тээвэрлэгчдэд хоосон чиргүүлийг хүргэж өгөх юм байна.
Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМ
Холбоотой мэдээ