Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өчигдөр (2021.01.02) цаазаар авах ялаас татгалзах олон улсын гэрээнд нэгдэх баримт бичигт гарын үсэг зурсан тухай тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын вэбсайтад мэдээлжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 1989 онд баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай Хоёрдугаар нэмэлт протоколд тус улс нэгдсэнээр цаазын ялаас албан ёсоор татгалзаж байна.
Казахстан улс 2003 оноос эхлэн цаазаар авах ялыг хойшлуулах болсон бөгөөд зөвхөн терроризмын гэмт хэрэгтнүүдэд оноосон ялыг гүйцэтгэж байжээ. Хамгийн сүүлд 2016 онд Алматы хотын гудамжинд хүмүүс рүү гал нээсэн Руслан Куликбаев гэгчид цаазын ял оноосон ч ялыг гүйцэтгэлгүй өнөөдрийг хүртэл хорьж байгаа билээ. Тэрбээр найман цагдаа, хоёр энгийн иргэний аминд хүрсэн бөгөөд одоо Казахстаны шоронд цаазын ялтай хоригдож байгаа цорын ганц хүн юм байна.
Одоогоор Европ тивд зөвхөн Орос, Беларусь улсууд дээрх баримт бичигт нэгдээгүй байгаа бол Төв Азийн “стан” улсуудаас ганцхан Тажикстан нэгдээгүй үлджээ. Дээрх улсуудаас зөвхөн Беларусь улсад цаазын ялыг гүйцэтгэсэн хэвээр байгаа юм.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт нь 1966 онд батлагдаж, 1976 оноос хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлжээ. Уг баримт бичигт дэлхийн 173 орон элсэн ороод байна. Харин цаазын ялыг халах зорилготой Хоёрдугаар нэмэлт протокол нь 1989 онд батлагдаж, 1991 оноос мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Казахстанаас гадна 88 улс орон нэгджээ.
Эх сурвалж: AFP, AL JAZEERA
Холбоотой мэдээ