Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр болсон. Энэ үеэр Хармагтайн ордын 53.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53.1 тонн алтны нөөц буйг тогтоосон байна.
Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, улсын нөөцөд бүртгүүлжээ.
Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц нь 60 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөл гарсан аж. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ