Covid-19-тэй хүний хавьтагч Ховдын Алтай суманд очжээ | News.MN

Covid-19-тэй хүний хавьтагч Ховдын Алтай суманд очжээ

COVID-19

Covid-19-тэй хүний хавьтагч Ховдын Алтай суманд очжээ

Covid-19-тэй хүний хавьтагч Ховдын Алтай суманд очжээ

Улсын онцгой комисс гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг нийслэлээс бусад орон нутагт 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 21 аймаг эрүүл, халдваргүй бүс болж байгааг зарласан.

Ховд аймгийн Алтай суманд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд нийслэлд халдвар авсан иргэн С-ийн нэгдүгээр зэргийн хавьтагч тус суманд ирсэн нь батлагдсан учраас тусгаарлан, 2, 3-р хавьтагч нарыг тогтоох шаардлагаар аж ахуйн нэгж байгууллага, үйлчилгээний цэг, дэлгүүрийн үйл ажиллагааг өчигдөр (2021.01.02)-өөс эхлэн нэгдүгээр сарын 5-ын өдрийн 09.00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоожээ. Мөн тус сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг дээрх хугацаанд хязгаарласан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлээс гадна зургаан аймгийн есөн суманд халдвар бүртгэгдсэн. Дахин халдвар бүртгэгдээгүй хоногийн тоогоор аймгууд халдварын голомтыг бүрэн таслан зогсоосон гэж үзэж байсан юм. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд нэмж халдвар бүртгэгдээгүй 29, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 31, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 23, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 38, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 43, Дорновговь аймгийн Замын-Үүд суманд 15, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод халдвар гараагүй 7 хоножээ. 

Улаанбаатар хотод Covid-19 авсан сувилагч С-ийн нэгдүгээр хавьтагч болох Б, Т нар 2020.12.24-нд Ховд аймгийн Алтай суманд очсонтой холбоотойгоор өчигдөр (2021.01.02) Алтай сумын Засаг даргын захирамжаар нэгдүгээр сарын 5-ныг хүртэл тус суманд хязгаарлалт тогтоосон билээ. Тус хоёр иргэний эхний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Одоогоор тэднийг сумын эмнэлэгт тусгаарласан бөгөөд тэдний ойрын хавьтагч болох 55 иргэнийг олж тогтоон, гэрийн ажиглалт, хяналтад авчээ.

Алтай сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын төвөөс орох, гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний төв, дэлгүүрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох тухай шийдвэр энэ сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөгдөх аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж