НЭМЭЛТ: 18.50 цаг
"МЭРГЭЖИЛТНҮҮД ХАТУУ ХӨЛ ХОРИОГ СУНГАХ УРЬДЧИЛСАН САНАЛ ГАРГААД БУЙ"
Эрүүл мэндийн сайд сүүлийн хоёр хоногт олон нийтийн дундаас голомтлон халдвар тархаж байгаа талаар, вакцин, бүх иргэдээс шинжилгээ авах эсэх, гэрээр эмчилж болох эсэх талаарх мэдээллүүдэд хариулт өгч байна.
Маргааш 11 мэргэжлийн байгууллагын мэргэжлийн үнэлгээ хийгдэж дуусах бөгөөд хөл хориог сунгах магадлал өндөр байгаа гэдэг урьдчилсан саналыг гаргаад байгаа юм байна.
"МӨНХХАДА БОЛОН БУСАД ГОЛОМТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА"
Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:
-БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдвар голомтлон үүссэнтэй холбоотойгоор БЗД-т өргөжүүлсэн тандалтыг байнга хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд 85 мянган иргэнээс шинжилгээ авч, тус дүүрэгт шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомтоос халдвар илэрсэн. Тодруулбал, Мөнххада, БЗД-ийн гэр бүлийн хоёр хүн, сайн дурын шинжилгээнээс хоёр, тус дүүрэгт амьдардаг нэг хүн зэрэг дөрвөн эх үүсвэр тодорхойгүй голомт гарлаа. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 130 мянган хүнд хийсэн шинжилгээгээр хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа нь ард иргэдийн дунд халдвар тархсан байх магадлал өндөр байж болзошгүй гэж үзэж, шуурхай ажилласан. БЗД-ээс илэрсэн гэр бүлийн хоёр хүн болон сайн дурын шинжилгээний эх үүсвэр нь БЗД-ийн эмнэлгээс халдвар авсан нь тогтоогдсон. Харин Мөнххада компанийн ажилчид, бие нь өвдөж очсон хоёр хүний голомтыг тогтоогоогүй байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, эх үүсвэр нь тогтоогдоогүй хоёр голомт байгаа гэж үзэж байна. Өнөөдрийн үүсч байгаа байдлыг алаг, цоог голомтлон халдвар үүсч байгаа гэж дүгнэж байгаа ч цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. Эх үүсвэр нь тодорхойгүй голомтуудын хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байна. Голомтуудыг тодорхой болгосны дараа цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тодорхой болгоно. Мөн Монгол Улс долдугаар сарын 24-нд ковакст бүртгүүлж, арванхоёрдугаар сард албан ёсоор бүртгэлд хамрагдсаныг мэдэгдэж, хүн амын 20 хувийг вакцинд хамруулна гэсэн мэдээлэл ирсэн. Бид богино хугацаанд ард иргэдээ вакцинд хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд цаад хугацаа нь гуравдугаар сарын 1-н гэж тооцож буй.
ЭМЧ, ЭМНЭЛГИЙН 85 АЖИЛТАН COVID-19 ХАЛДВАР АВСАН
ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн хэлтсийн дэд захирал Д.НАРАНЗУЛ:
-Covid-19 халдварын цар тахлын үед эрүүл мэндийн ажилчид хамгийн их өртөж, халдвар авч буй асуудал дэлхий дахинд гарч байна. Улсын хэмжээнд нийт 1200 гаруй тохиолдол батлагдаад байна. Үүнээс 6.9 хувь нь буюу 85 эрүүл мэндийн ажилтан халдвар авч, өвчилсөн. Эмч, эмнэлгийн ажилчид халдварт өртөж байгаа нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага нь эрсдэл өндөр орчин. Батлагдсан тохиолдлуудыг хүлээн авч, эмчилж буй ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг гэсэн гурван эмнэлэг байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 19 эмнэлгийн ажилтан, Цэргийн төв эмнэлэгт 13, Сэлэнгэ аймагт 19 эрүүл мэндийн ажилтан халдвар авч, эмчилгээ хийлгэж байна. Мөн Баязүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын томоохон дэгдэлт гарч тус эмнэлгийн 27 ажилтан өвчилсөн. Говьсүмбэр аймагт эрүүл мэндийн 2 ажилтан, Хавдар судлалын үндэсний төвийн голомтод 5 эрүүл мэндийн ажилтан халдварт өртөж, тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмч эмнэлгийн ажилчид халдварт өртөж байгаа нь сүүлийн үед хүн амын дунд халдвар тархсан, нэг хүнд илэрч буй эмнэлзүйн шинж тэмдэг ихэсч байна, халдварлалтын түвшин өндөр байна. Хүнд өвчтөнүүд удаан хугацаанд эмчлүүлж байна. Үүнтэй тулж ажиллаж буй эмч нар удаан хугацаанд ажиллаж буй зэрэг шалтгаанаас үүдэж, эмнэлгийн ажилтнууд халдвар авч байна. Халдвар авсан эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг мэргэжлээр нь авч үзвэл халдварын голомтод 23 их эмч, сувилагч 33, ариутгагч, лаборант тус тус 7, асрагч 11, бусад мэргэжлийн 4 нийт 85 хүн covid-19 халдвар авч, эмчлүүлж байна. Халдварт өртөөд эдгэсэн эмч нар ажил үүргээ гүйцэтгэж байна.
АМАР ЗОЧИД БУУДАЛД 7 ХҮН ТУСГААРЛАГДАХ ХУГАЦААНДАА ХАЛДВАР АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх асуултад хариуллаа.
–Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ хийж, салбарын сайд нь өөрийн хамаарал бүхий хүмүүсээ томилж байна гэх мэдээлэл байна?
–Т.МӨНХСАЙХАН:
-Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ хийсэн зүйл байхгүй. Энэ оноос эм эмнэлгийн хэрэгслийн авиа нэгж байгууллагыг анх удаа байгуулж байгаа нь манай салбарын нэг дэвшил. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, өргөтгөж байна. Тус газарт тавьж буй хяналтыг өргөтгөж багаар ажиллахтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамны бүтэц өөрчлөгдсөн. Миний хувьд ямар нэгэн байдлаар хүн халсан, ойр дотны хамаатнаа Эрүүл мэндийн яаманд ажиллуулсан тохиолдол байхгүй.
-Өнгөрсөн оны долоо болон наймдугаар сард PCR шинжилгээний хариу буруу гарсныг нуун дарагдуулсан уу. PCR шинжилгээ хэр найдвартай вэ?
-Өнгөрсөн долдугаар сар болон наймдугаар сард PCR шинжилгээний хариу буруу гарсан гэх асуудал яригдсан байна. Халдвартай хүн халдваргүй гэж тогтоогдож байсан бол энэ хугацаанаас хойш гурван сарын хугацаанд халдварыг дотоодод алдалгүй барьж чадсан. Тиймээс шинжилгээнд ямар нэгэн эргэлзэх зүйл байхгүй гэдгийг бидний ажлын үр дүн харуулж байгаа болов уу.
-“Энхсаран” сувиллын нөхцөл байдалтай адилхан “Амар” зочид буудалд үүссэн үү. Тусгаарлагдаж байсан иргэдийг ямар учраас нүүлгэн шилжүүлэв?
-Амар зочид буудалд тусгаарлагдаж байсан хүмүүсээс Франкфуртээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 7 хүнээс covid-19 илэрсэн. Иймд тус зочид буудалд тусгаарлагдаж байсан хүмүүсийг өөр зочид буудалд тусгаарласан. Учир нь, франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг арванхоёрдугаар сарын 18-нд ирсэн. Үүнээс 14 хоногийн дараа 7 хүнд зэрэг халдвар илэрч байгаа нь тусгаарлагдах хугацаанд халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Тиймээс өөр зочид буудал руу шилжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Амар зочид буудалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан уу гэдгийг камераар шүүнэ. Хэрэв халдвар хамгааллын дэглэм алдаагүй бол халдвартай хүмүүс ирсэн үү гэдгийг тогтооно. Энэ асуудалд өнөөдрийн байдлаар эцсийн дүгнэлт өгөх боломжгүй.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 85 МЯНГАН ӨРХӨӨС ШИНЖИЛГЭЭ АВАХАД 2 ХҮНЭЭС COVID-19 ИЛЭРСЭН
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос гадна хүн амын дунд халдварыг алдсан байж болзошгүй гэх эргэлзээ олон нийтийн дунд байна. Энэ асуудалд дараах тайлбарыг өглөө.
НЭМҮТ-ийн албаны дарга, тархвар судлаач Б.СУВД:
-Бид өчигдрийн байдлаар 4 голомт тодорхойлогдоогүй судлагдаж байна. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн гэхээр шинэ жилийн баяр болсноос гадна иргэд “би халдвар авна” гэж огт бодохгүй байна. Мөн шинж тэмдэггүй тохиолдлууд гадуур байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн амын дунд шинж тэмдэггүй халдварын нууц үеийн хугацаандаа байгаа хүн ч байж болзошгүй. Хөл хорионы хугацаанд иргэд хөл хорионы дэглэмийг сахиж чадсан уу гэдгийг бодох хэрэгтэй. Баянзүрх дүүргийн тухайд нэг өрх-нэг иргэн шинжилгээг зохион байгуулсан ч иргэд идэвхтэй шинжилгээ өгөхгүй, маш удаан явцтай байлаа. Тус дүүрэгт 85 мянган өрхөөс шинжилгээ авахад 2 тохиолдол илэрсэн. Үүний цаана хүн амын дунд халдвар гарч болзошгүй. Халдварын байршил тодорхойлогдвол хүмүүст тухай бүр мэдээлнэ. Дээр нь шинэ жилийн баярын үеэр ажилласан томоохон худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчдаас шинжилгээ авна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Saturday, January 2, 2021
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 18.30 цагт цаг үеийн мэдээлэл хийнэ. Олон нийтийн дундаас халдвар гарч буй байдал болон хавьтлын хүмүүсийг тогтоох, халдвар авсан уг шалтгаан хаанаас вэ гэдэгт хариулт өгнө. Мөн хөл хорионы үед covid-19-халдварын эсрэг хариу арга хэмжээний гол зорилго, үр дүнгийн талаар ярих юм байна.
Бид мэдээллийг шууд дамжуулж хүргэнэ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ