Израилын эрүүл мэндийн яамны мэдээлснээр нийт 9.3 сая хүн амын 10 хувь буюу 950 мянга нь вакцины эхний тунг тариулсан бөгөөд тэдний 41 хувь нь 60-аас дээш насныхан гэнэ. Ингэснээр тус улс энэ долоо хоногт нийт хүн амынхаа 10 хувийг вакцинжуулсан дэлхийн анхны улс болж байна. Израилын эрүүл мэндийн сайд Эделстейн “Бид 2020 оны сүүлийн өдөр шинэ дээд амжилт тогтоож нэг өдөрт хамгийн олон буюу 153430 хүнд вакцин тарилаа. Ингэснээр манай улсын нийт хүн амын 10 хүн тутмын нэг нь буюу нийт 950 мянган хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Шаргуу ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа маш их баярлалаа. Өнөөдөр энэ тоо нэг сая давах болно” хэмээн ярьжээ.
Израилд вакцинжуулалт арванхоёрдугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 60-аас дээш насныхан болон эрсдэлтэй орчинд ажиллаж буй эмч нарт вакцин тарьж байгаа аж. Харин дараагийн ээлжинд энгийн иргэдийг вакцинжуулах ажлыг дараа долоо хоногт Тель Авивын Рабин талбайд эхлэх гэнэ. Тэгэхдээ нэг өдөрт 5000 хүн вакцинжуулах зорилго тавьсан байна. Израилд одоогоор зөвхөн Pfizer/BioNTech компанийн вакцин л зөвшөөрөгдсөн байгаа юм. Гэвч сүүлийн үед вакцины хангамж ховордох төлөвтэй байгаагаас харахад нэгдүгээр сард Израилын бүх нийтийг вакцинжуулах ажил ойролцоогоор 14 хоног царцах бололтой.
Оксфордын их сургуулийн хөтлөн харуулж буй вакцинжуулалтын жагсаалтаас үзвэл Израилын араас хоёрдугаар байранд Бахрейн улс хүн амынхаа 3.37 хувийг вакцинжуулснаараа, гуравдугаар байранд Нэгдсэн Вант улс хүн амынхаа 1.39 хувийг вакцинжуулснаараа жагсч байгаа аж. Харин АНУ өдгөө нийт хүн амынхаа 0.84 хувийг вакцинжуулаад байна.
Эх сурвалж: TIMESOFISRAEL
Холбоотой мэдээ