АНУ-ын Висконсин мужийн цагдаа нар энэ долоо хоногт 500 тун вакциныг хорлон сүйтгэж, үйлчилгээг нь алдагдуулсан гэх эмийн санчийг баривчилжээ. Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн вакцинуудыг тусгай хөргөгчнөөс нь гаргаж, хадгалалтын горимыг зөрчсөнөөр үйлчилгээгүй болгож байсан аж. Азаар эмнэлгийн удирдагчид болсон явдлыг эрт илрүүлсэн тул үйлчилгээгүй болсон Moderna компанийн вакцинуудыг хүнд тарихаас нь өмнө устгасан байна. Сэжигтний хувийн мэдээллийг нууцалсан бөгөөд одоогоор Аврора эрүүл мэндийн төвд ажилладаг байсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй байна.
Тус төвийн захирал Жефф Барр “Moderna компаниас тодруулахад хадгалалтын горим зөрчигдсөн вакцинуудыг хэрвээ хүнд таривал аюулгүй гэх баталгаагүй гэх хариу ирсэн. Гэхдээ хамгийн чухал нь баривчлагдсан сэжигтэн чухам хэчнээн вакциныг энэ аргаар хорлосон, өөр ямар арга хэрэглэсэн зэрэг нь нууц хэвээр байна” хэмээн ярьжээ.
Хөргөгчнөөс гаргасан вакцинуудыг арванхоёрдугаар сарын 26-нд илрүүлсэн бөгөөд сэжигтэн болсон явдлыг удирдлагын алдаа, дээд албан тушаалтнуудын өгсөн тушаал хэмээн мэдүүлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ