Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.02/ мэдээлэл хийлээ.
"АМАР, ЖАРГАЛАНТАНД ТУСГААРЛАГДАЖ БАЙСАН 7 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ"
Өчигдөр /2021.01.01/ нийт 11152 сорьцод шинжилгээ хийхэд 22 хүнд covid-19 илэрчээ. Тодруулбал,
- Мөнххада компанийн 4 ажилтан
- Төв шуудангийн гүний гаалийн 2 ажилтнаас
- Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 7 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээ
- "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 5
- "Жаргалант" сувилалд 2 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээний хариу тус тус эерэг гарсан байна.
"ХАЛДВАРЫН ЭХ ҮҮСВЭР ТОДОРХОЙГҮЙ ГЭР БҮЛИЙН 3 ХҮНЭЭС COVID-19 ИЛЭРСЭН"
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Төв шуудан компанийн гүний гаалийн 2 ажилтны нэг тохиолдол гэр бүлийнх нь хүн халдварт өртсөнөөс үүдсэн. Эх уурхай нь, тус компанийн ажилтны гэр бүлээс. Тиймээс тухайн шуудангийн 70 гаруй ажилтныг хяналтад авч 20 орчим хүнийг тусгаарласан. Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос үүдэлтэй 4 тохиолдол батлагдсан. Эдгээр нь гэр бүлийн хавьтал болсон хүмүүс байгаа юм. Түүнчлэн өргөн хүрээний цэгүүдэд хийсэн шинжилгээгээр гэр бүлээрээ халдварт өртөх 3, 4 тохиолдол бүртгэгдэж байна. ХӨСҮТ-д бас гэр бүлтэй холбоотой тохиолдол батлагдсан зэрэг нийт 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Бид голомтыг тандан судлах ажлыг өргөн хүрээнд хийж, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтыг дотооодод нь хумьж байгаа ч гэр бүлээс салбарлаж, дамжсан халдварууд гарсаар байна. Вирус маш өндөр агууламжтай байна. Голомтолсон өвчлөлд Улаанбаатар хотод батлагдсан 429 тохиолдлын 3000 гаруй хавьтал байна. Иймд иргэд халдварт өртөх эрсдэлтэй. Өнгөрсөн шөнө гэхэд гэр бүлийн 3 хүн халдварт өртсөн нь батлагдлаа. Хаанаас халдвар авсан эх уурхайг судалж байна.Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байхгүй бол халдвар тархах эрсдэл нэмэгдэж байна.Нөхцөл байдал амаргүй байна. Халдвар тархах эрсдэл өндөр байна.Иргэд амны хаалт зүүж, гэр бүлээрээ цуглахгүй байх хэрэгтэй.Зочин урихгүй байхыг сануулъя. Хэчнээн уйдсан ч, уламжлал тогтсон ч гэртээ зочин урихгүй байх, хүүхдээ гадаа тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан 1242. Үүнээс 755 нь дотоодод бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 18 хүн эдгэжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 377 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд 2 хүн байгаа бол хүнд 9 хүн байна.
Өнөөдрийн байдлаар 33 тусгаарлах байранд 1712 хүн ажиглан тусгаарлах байранд байна гэж УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас мэдээлэв. Тус газрын дарга Б.Ууганбаярын мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 28 тусгаарлах байранд 1651 иргэн ажиглалтад байгаа бол орон нутагт 5 тусгаарлах байранд 58 иргэн хяналтад байгаа аж.
ОХУ-ААС АЛБАДАН ГАРГАСАН 4 ИРГЭНИЙГ ДАРХАН-УУЛД ТУСГААРЛАЖ БАЙНА
Шуурхай штабын дарга Б.УУГАНБАЯР:
-Сүүлийн 24 цагт 134 иргэнийг шилжүүлэн тусгаарласан. Энэ нь дотоодод тусгаарлах байрны хооронд шилжүүлэхийг хэлж байгаа юм. Мөн 143 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байруудад 243 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Өчигдөр 29 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. ОХУ-аас Алтанбулаг хилийн боомтоор албадан гаргасан 4 иргэнийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлах арга хэмжээг авлаа. Түүнчлэн “Мөнххада” компанид батлагдсан тохиолдлуудтай ойрын хавьтал болсон 30 гаруй иргэнийг Хабул зочид буудалд тусгаарласан. Өчигдөр үдээс хойш 14:00 цагийн орчимд “Амар” зочид буудалд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Энэ нь халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Тусгаарлах байранд байсан 95 иргэн, алба хаагчид болон нийт 111 хүнийг өөр 2 буудал руу шилжүүлэх арга хэмжээг авлаа. Зөрчил гаргаагүй.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Friday, January 1, 2021
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ