"Өмнөх сарын үлдэгдэл энэ сард нэмэгдэж гарч байгаа"

Хуучирсан мэдээ: 2021.01.02-нд нийтлэгдсэн

"Өмнөх сарын үлдэгдэл энэ сард нэмэгдэж гарч байгаа"

"Өмнөх сарын үлдэгдэл энэ сард нэмэгдэж гарч байгаа"

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон албаны хүмүүс цахилгааны төлбөр нэмэгдсэн эсэх талаар мэдээлэл хийлээ.

"НЭГДҮГЭЭР САРЫН 1-5-НД ГАРАХ ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРҮҮДЭД 11-Р САРЫН ТӨЛБӨР МӨН БАГТСАН"

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ:

-Засгийн газрын шийдвэрээр цахилгаан, дулаан, дулааны уурын төлбөрийг төр даахаар болсон. Долоон сарын хугацаанд бид тусгай журам гаргаж, олон нийтэд танилцуулсан. Дулаан, эрчим хүчний талаар ямар нэг гомдол ирээгүй, айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөртэй холбоотойгоор гомдол, маргаан гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд 362500 хэрэглэгчид цахилгааны төлбөрийн бичилт хийснээс 137 мянга нь гэр хорооллын иргэд. Үүнээс 4914 гомдол Эрчим хүчний яаманд ирснээс 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон хүлээн авч, гомдлыг арилгахаар ажиллаж байна. Төлбөр өндөр гарсан, арванхоёрдугаар сарын 1-ээс төр хариуцаж байхад иргэн өөрөө төлөхөөр болж байгаа нь ямар учиртай вэ гэсэн гомдол их ирсэн. Улсын хэмжээнд 690 мянган айл өрх байдгаас цахилгааны заалтыг биеэр очиж авдаг, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Иймээс хэрэглэгч нарын 6 хэсэгт хувааж, бичилт хийдэг. Хэрэглэгчдийг гэрээ байгуулж, сүлжээнд холбогдсон өдрөөс нь эхлэн 30 хоногоор цахилгааны хэрэглээг тооцож бичдэг. Жишээлбэл, арванхоёрдугаар сарын төлбөрийг тус сарын 1-ээс бус арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд арванхоёрдугаар сарын төлбөрт орж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн гэрээ байгуулж, сүлжээнд холбогдсон өдрөөс эхлэн төлбөрийн бичилтийг хийж, тооцдог. Хэрэглээ өндөр гарч байгаа санал гомдол их гарч байна. Засгийн газрын тогтоол гарснаас хойш цахилгааны хэрэглээ 25 хувиар өссөн дүнтэй гарсан. Тоолуурын заалтаар цахилгааны төлбөрийг тооцож байгаа. Хэрэв хэрэглээ нэмэгдсэн бол цахилгааны хэрэглээ нэмэгдсэн л гэсэн үг. Бид ирсэн гомдлуудыг шалгаж, тоолуурын заалтад алдаа гарсан зүйл байхгүй байна.

УБЦТС: ӨМНӨХ САРЫН ҮЛДЭГДЭЛ АРВАНХОЁРДУГААР САРД БОДОГДНО

Хэрэглэгчдийн цахилгааны төлбөр өндөр гарсан гэх гомдол мэдээллийн асуудлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ станц ТӨХК-иас дараах тайлбарыг өглөө.

-Арваннэгдүгээр сард төлбөрөө төлсөн хэмээн ойлгож байгаа иргэдэд хэлье. Аравдугаар сарын 15-аас арваннэгдүгээр сарын 15 хооронд цахилгааны төлбөрийн бичилт хийж байгаа юм. Тэгэхээр арваннэгдүгээр сарын төлбөрөө төлсөн хэрэглэгч дээрх хугацаанд л төлбөрөө төлсөн. Нөгөө талаас арванхоёрдугаар сарын 15-нд цахилгааны төлбөрийн бичилт ирхэд үлдсэн 15 хоногийг төрөөс хөнгөлж байгаа юм. Арваннэгдүгээр сард ногдож буй 15 хоногийг иргэд төлж байна. Цахилгааны төлбөрийг гурав дахин үндэслэлгүй нэмсэн гэх асуудлыг иргэд шүүмжилж байна. Үүнд, иргэдтэй холбогдож, тайлбар өгч байна. Тоолуураас тоолуурын заалтын хооронд бичилтэд ямар нэгэн эргэлзээ байхгүй. Тухайн 30 хоногийн л хэрэглээний зардлыг гаргаж байна. Хэрэв тоолуурын заалт өндөр гарсан бол таны хэрэглээ өссөн байна гэсэн үг. Хэрэв эргэлзээтэй бол шалгуулж болно. Түүнчлэн хэрэглэгчийн өмнөх өр төлбөр тухайн сарын хэрэглээнд нэмэгдэж бодогдож байгаа нь төлбөр өндөр гарсан мэтээр ойлгогдож байгаа юм. Иргэд хэрэглэгчийн код холбогдох утастайгаа хандаж болно. Өнөөдрөөс эхлэн гомдол мэдээлэл хүлээн авах дуудлагын тоог нэмэгдүүлсэн.

                  ТӨРӨӨС ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭРЭЭСЭЭ УХРААГҮЙ

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газраас айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг тэглэхээр шийдвэрлэсэн ч агуулгаараа өөрчлөгдлөө.Үүнийг төр гаргасан шийдвэрээсээ ухарч байна гэж харж байна. Төлбөрийг хөнгөлөх болон тэглэх хоёрын ялгааг тайлбарлахгүй юу?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ээс энэ оны долдугаар сар хүртэл цахилгаан, дулааны уур, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахаар болсон. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан дулаан эрчим хүчний төлбөрийг долоон сарын хугацаанд төрөөс хэрэглэгчийн өмнөөс төлж байна. Иймд төр шийдвэрээсээ ухраагүй.

-Цахилгааны төлбөр нь сард 30 мянган төгрөг гардаг айлынх 90 мянган төгрөг болж өссөн гэх гомдол цөөнгүй байна. Арванхоёрдугаар сарын төлбөр нэгдүгээр сард дахин гарч, иргэд дахин төлбөр төлөх нөхцөл үүсч байна уу?

-Арванхоёрдугаар сарын төлбөрийн тухайд буруу ойлгосон байна. Хэрэглэгчдийн хувьд хоёр сар дамжин төлбөр өгдөг. Арванхоёрдугаар сарын эрчим хүчний төлбөрт өмнөх сарын төлбөр болон арванхоёрдугаар сарын төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайн сард бичилтэд ороогүй төлбөр дараагийн сард орно. Хэрэглэгчдэд ногдох хэмжээ багассан. Өмнөх сарын төлбөрийн тооцоо арванхоёрдугаар сард нэмэгдсэн тул төлбөр өндөр гарсан мэтээр ойлгогдож байна.

-Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдэд иргэдээс иргэний үнэмлэх шаардаж байна. Идэр ес эхэлсэн үед айл өрхүүдэд өдөрт ердөө 6 шуудай түлш өгч байгаа нь хангалтгүй гэх гомдол мэдээлэл цөөнгүй байна. Квотыг нэмэгдүүлэх боломжтой юу?

-Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл Эрчим хүчний яам хариуцна. Журмын дагуу нийслэлд бүс нутгийн хэрэглэгчдэд 7 хоногт 6 шуудайгаар олгож байгаа нь тооцоолол судалгаан дээр үндэслэсэн. Энэ нь хүрэлцээтэй.

-Цахилгаан тасалдах, олон цагаар тасрах асуудал гарч байгаа нь эрчим хүчний хязгаарлалт хийж байна уу гэх асуултыг иргэдээс ирүүлж байна?

-Хэрэглээний өсөлттэй холбоотойгоор бид бүхэн цахилгааны хязгаарлалт хийгээгүй. Төрөөс цахилгааны төлбөрийг дааж байгаатай холбоотойгоор эрчим хүчний ачаалал эрс өссөн ч журам гарснаар буурсан. Том аж ахуй нэгжүүд цахилгааны хэмнэлт гаргаж байна. Цахилгааны оргил ачааллын үед буюу 17:00-20:00 цаг хүртэл дотоодын үйлдвэрлэл, импортын хэрэглээнээс давж байна. Бусад үед хэрэглээнээс хэтрэхгүй байгаа тул хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарлах шалтгаан байхгүй. Ер нь цахилгааны доголдол үүсч байгаа. Шугам сүлжээнд үүссэн гэмтлийг тухай бүрт нь засч байна. Цахилгааны доголдол тийм ч их гараагүй.

-Гэр хороололд цахилгаан халаагуур хэрэглэж буй, шинэ хэрэглэгчид цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд  хэрхэн хамрагдах вэ?

-Шинэ хэрэглэгчдийн тухайд хэрэглээний гүйцэтгэл үндэслэн ижил төстэй хэрэглэгчдийн хэрэглээтэй дүйцүүлэн төлбөрийг төрөөс даахаар зохицуулсан. Шинэ биш хэрэглэгчид энэ жилээс цахилгаанаа халаалтаар шийдсэн бол ижил төстэй айл өрхийн хэрэглээтэй дүйцүүлнэ. Мөн цахилгааны төлбөрийн бичилтэд зарим тохиолдолд ойлголтын зөрүү алдаа гарсан.Үүнийг залруулж ажиллаж байна.

-Гэр хорооллын 220 мянган өрхөд түлшний үнийг хөнгөрүүлсэн ч нэг өрхөд 7 хоногт 6 шуудайг өгч байгаа нь хүрэлцэхгүй байна?

-Энэ жилийн хувьд олон жилийн дунджаар 6-10 градусаас хүйтэн байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдэж байна. Энэ жил 710 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр тооцоо гарсан. Хэрэглээний хувьд өдөрт 5700 орчим тонн байна. Үйлдвэрлэлээс илүү хэрэглээ давсан ч нөөцөөсөө гаргаж байгаа тул түлш хүрэлцээтэй байгаа. Айл өрхүүдэд 6 шуудайг олгохоор болсон нь замбараагүй хэрэглээг хязгаарлаж байгаа юм. Зургаан шуудай бол 7 хоногт хүрэлцээтэй болохыг иргэд мэдэж байгаа. Сайжруулсан шахмал түлшний нөөц хангалттай тул ямар нэгэн хомсдол гараагүй. Харин иргэдээс иргэний үнэмлэх шаардах учиргүй, картаар авч байгаа.

-Зургаан шуудайг 10 шуудай болгож нэмэгдүүлэх боломжтой юу?

-Энэ жилийн хувьд зургаан шуудайг 10 болгон нэмэгдүүлэх боломжгүй. Дундаж хэрэглээ 6 шуудай долоо хоногт хангалттай. Дээр нь цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс дааж байгаа тул айл өрхүүд цахилгаанаар хэсэгчлэн дулаалж байна.Иймд зургаан шуудайны асуудалд тийм ч их хүндрэл гарахгүй.

Цахилгааны үнэ нэмэгдсэн эсэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар өгч байна

Цахилгааны үнэ нэмэгдсэн эсэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар өгч байна

Posted by News.mn on Friday, January 1, 2021


ЦАХИЛГААН ҮНЭ НЭМЭГДСЭН ЭСЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс эхлэн айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэр гарсан. Гэвч цахилгааны хэрэглээ нэмэгдэж, ачаалал үүссэнтэй холбоотойгоор айл, өрхүүд өмнөх хэрэглээнээсээ давсан бол илүү цахилгааны төлбөрөө өөрсдөө төлөх зохицуулалт хийсэн. Харин энэ өдрүүдэд айл өрхийн цахилгааны хэрэглээ огцом өсч, төлбөр нь өмнөхөөсөө нэг дахин өндөр гарч байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Хүмүүс ч Засгийн газар цахилгаа тэглэж байгаа нэрийн дор өмнөх төлбөрөө авч байна гэж шүүмжилж байгаа юм.

Тэгвэл энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр /2021.01.02/ албан ёсоор тайлбар мэдээллийг 12.00 цагт Төрийн ордонд өгөхөөр болсон байна.

Бид энэ мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж