Автомашины худалдаа эрхлэгчдийн амьдралаар бүү тогло гэж сануулав

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Автомашины худалдаа эрхлэгчдийн амьдралаар бүү тогло гэж сануулав

Автомашины худалдаа эрхлэгч болон түрээслэгч, үйлчилгээ эрхлэгч нарын хүсэлтээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ө.Энхтүвшин, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Бат-Амгалан болон албаны бусад өнөөдөр тэдэндтэй уулзаж байдлыг нүдээр үзлээ. Баянзүрх дүүргийн 9, 17, 19 дүгээр хорооны иргэд амьжиргаанаасаа салж, үл хөдлөх хөрөнгө нь үнэгүйдэж тоосго, шороо болох гээд байгаагаа төр засгийнханд өнгөрсөн хэдэн жил хэлээд хэн ч сонсоогүй учраас ийн МАН-ын бүлгийхэнд ханджээ. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо сансарын тойргоос эхлээд Шархад хүртэл ойролцоогоор 30 орчим мянган иргэн тэнд худалдаа эрхэлж, аж амьдралаа төвхнүүлсэн гэсэн тоог мэргэжлийн байгууллагынхан хэлж байна лээ. Да хүрээ захыг тойроод том, жижиг найман зах үйл ажиллагаа явуулдаг гэнэ.   Тэндээс ойролцоогоор 12 мянга гаруй иргэн шууд амьжиргаагаа залгуулдаг юм байна. Хүн амаараа нийслэлд тэргүүлдэг Баянзүрх дүүргийн гол худалдааны төв бол Да хүрээ болон түүнийг тойрсон худалдааны төв, захууд юм. Тэдний үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс шууд зогсоож 22-ын товчооны орчимд барьж буй “Автомашины цогцолбор”-т  шилжүүлэх шийдвэрийг хотын мээр Э.Бат-Үүл гаргасан аж. Худалдаа эрхлэгч, түрээслэгчид эл шийдвэрийг тууштай эсэргүүцэнэ гэж мэдэгдлээ.  Тиймээс хотын мээр Э.Бат-Үүл амьдралд нийцэхгүй шийдвэрээ эргэн харж автомашины худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хэвийн амьдралыг хангахыг олон хүн хүсч байлаа. Тэд төр засгаас ажлын байр нэхэж, цалин хангамж хүсээгүй. Өөрсдөө ажлын байр бий болгож, аж амьдралаа төр засгийн ямар ч  дэмжлэг, туслалцаагүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тус болохгүй бол бүү гай бол гэгчээр тэд “бусдын бизнест бүү гар дүр” хэмээн сануулж, Э.Бат-Үүлийн гаргасан 190 тоот захирамж, Нийслэлийн ИТХ-ын 29 дүгээр тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлтээ хэлсэн юм. 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шинээр баригдсан “Автомашины цогцолбор”-т бизнес эрхлэх орчин бүрдээгүй. Тус цогцолбор ажиллаж эхлээгүй байж газрын наймааг өөгшүүлж үнийн хөөрөгдлийг бий болгож байна гэж тэд буруушаасан юм. Хэрэв тийш нүүлээ гэхэд машины нэг урсгал замтай тул худалдаачид ажилдаа явахдаа өглөө, оройдоо битүү түгжирнэ. Дээр нь “Автомашины цогцолбор” хотын хамгийн хүйтэн хэсэгт баригдсан тул машины сэлбэг, тос, масло зардаг иргэдэд хүндрэлтэй зэргээр олон бэрхшээл буйг тэд ам уралдан ярьцгааж байлаа. Харин Да хүрээ рүү явахад олон салаа, урсгал замтай, түгжрэлгүй, худалдааны олон барилга байгууламж, ажлын байр нь бэлэн, гэр нв дэргэдээ гээд давуу тал олон аж.  

Зах зээл хямарч, худалдаа, наймаа, барааны эргэлт муудсан,  ажилгүйчүүд нэмэгдэж байгаа энэ хүндхэн цагт нэг дор цогц болж өргөжин суурьшсан бизнесийн орчныг өөрчлөн шилжүүлэх гэж байгаа нь олон хүнийг талхны, унааны, цаашлаад амьжиргааны мөнгөнөөс нь салгаж байгаа харгис хэрэг гэж үзэж буйгаа худалдаа эрхлэгчид хэлж байсан. Ажилтай нэг хүний цаана 7-10 ам бүл тэжээлгэдэг. Тэдний хоол унд, амьжиргааны мөнгө, хичээл, сургалтын зардлыг Да хүрээ захад ажиллан цуглуулдгаа худалдаа эрхлэгчид учирлаж байсан. Худалдааны төвөө өргөжүүлэн банкнаас дөрвөн тэрбум төгрөгийн зээл авч томоохон байгууламж барьсан хүмүүс ч гэсэн банкны өрөө төлөх гэж зүдэрч байгаа ийм жишээ Да хүрээгийн наймаачин бүрт их, бага хэмжээгээр тулгарч байгаа юм билээ. Бизнес эрхлэгчид цаашдаа одоогийн худалдаа эрхэлж буй байршлаа хамгаалж, үлдэхээр захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа гэнэ. “Даяар хас”, “Нийтийн эрхийг хамгаалах холбоо ТББ”, “Да хүрээ худалдааны төвийн үйлдвэрчний эвлэл”, “Нийслэлийн Автомашин болон сэлбэгийн худалдаа эрхлэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо” зэрэг байгууллага нэгдэн эрх ашгаа хамгаалахаар болж “Автомашины худалдаа эрхлэгчдийн амьдралаар бүү тогло” хэмээн хотын даргад сануулсан юм. Төр нь иргэнийхээ үгийг сонсохгүй энэ нийгмийг өөрчлөхийн төлөө тэд эвлэлдэн нэгдэж чадах бүхнээ хийнэ хэмээн хэллээ.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж