Их Британи нь Европын холбооноос гарч, бие даах сонголтыг хийгээд удаж байгаа билээ. “Brexit” хэмээн нэрлэгдэж буй энэ үйл явц албан ёсоор өндөрлөж, өнөөдрөөс /2021.01.01/ тус нэгдсэн вант улс бүр мөсөн Европын холбоог орхилоо.
“Brexit” хөдөлгөөний гол зохицуулагч нь тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон. Тэрбээр шинэ оны өмнөхөн “Brexit”-ийн дараа үйлчлэх худалдааны гэрээг Европын холбоотой амжилттай байгуулсан. Гэтэл түүний эцэг Стэнли Жонсон өчигдөр /2020.12.31/ Франц улсын иргэн болох хүсэлт гаргасан нь шуугиан тарьж байна. Тэрбээр хүүгийнхээ эсрэг буюу Их Британийг Европын холбооноос гаргахын эсрэг байр суурьтай хүн аж.
“Би үргэлж л Европын талд байсан. Британи хүн европ хүн байхаа болино гэж байхгүй. Европын холбоонд байх нь чухал ач холбогдолтой зүйл. Би бол франц хүн. Миний ээж Францад төрсөн, түүний ээж, өвөө нь жинхэнэ франц хүмүүс байсан. Тиймээс миний хувьд байх ёстой газраа л байхыг хүсч байна. Би энэ сонголтондоо сэтгэл хангалуун байна” хэмээн Стэнли Жонсон ярьсан байна.
Их Британийн Европын холбоотой байгуулсан гэрээний хүрээнд өнөөдрөөс эхлэн британичууд Европын орнуудад чөлөөтэй зорчих, ажиллаж, амьдрах боломжгүй болж, ЕХ-ны гишүүн орнуудтай худалдаа хийхэд илүү төвөгтэй болж байна. Ийм учраас Их Британийн иргэд Европын орнуудын иргэншил авах хүсэлт ихээр гаргах болжээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ