Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.01) мэдээлэл хийлээ.
-ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр 17764 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс вирус илэрсэн. ХӨСҮТ-ийн нэг сувилагч, БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан хоёр хүн, мөн Мөнххада ХХК-ийн хоёр хүнээс өчигдөр шөнө коронавирусийн халдвар илэрсэн. Халдвар авсан эх уурхайг судалж, тандаж байна. Мөнххада ХХК нийт 116 ажилтантай. Ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн, нийт хүмүүст тандалт судалгаа хийж байна.
Халвар голомтлон гарч байсан аймгуудад сүүлийн 24 цагийн байдлаар халдвар нэмж бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 740 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Улаанбаатарт: 414
Сэлэнгэ аймагт: 217
Орхон аймагт: 25
Дархан-Уул аймагт: 45
Дорноговь аймагт: 32
Говьсүмбэр аймагт: дөрөв
Архангай аймагт: гурав
Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 1220, үүнээс эдгэрсэн 837 буюу 68.3 хувь нь эдгэрсэн.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 373 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал нь маш хүнд хоёр хүн, хүнд зургаа, хүндэвтэр 104 хүн, хөнгөн 261 хүн эмчлэгдэж байна.
- ХӨСҮТ-д хөнгөн 76, хүндэвтэр 19, хүнд нэг хүн байна.
- Цэргийн төв эмнэлэгт 216 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 124, хүндэвтэр 85, хүнд тав, маш хүнд хоёр хүн байна.
- Сэлэнгэ аймагт эмчлэгдэж буй 21 хүний биеийн байдал хөнгөн байна.
- Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 40 хүн хяналт тандалтад байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны арванхоёрдугаар сарын 16, 17-наас тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, дөрвөн удаагийн шинжилгээ сөрөг гарсан тул 332 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Энэ голомттой холбоотой 918 хүн ажиглалтад байна.
Нийтдээ хоёр голомттой холбоотойгоор 1870 хавьтал хяналтад байна.
Шинэ ондоо ард иргэд минь эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, маскаа зүүж, гадуур аль болох гаргахгүй байхыг уриалж байна" гэлээ.
-ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:
-Улсын хэмжээнд оношлогооны цэгүүдээр 475 мянга гаруй хүн шинжилгээ өгөхөөр үйлчлүүлсэн. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн баг есөн объектын 7177 м2 талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. Нийтдээ ЗӨСҮТ-ийн лабораторит 3250 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын уртын тээврийн 52 жолоочоос мөн халдвар илрээгүй.
24 цагийн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд 2556 хүн хандаж, зөвлөгөө мэдээлэл авсан.
Дэлхий дахинд халдварын тархалт өндөр хэвээр байна. 218 улс орны 81.4 сая хүн халдвараар өвчилж, 1.7 сая хүн нас барсан бол 59.3 сая хүн эдгэрсэн байна.
Англи улсаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар нь дэлхийн 30 гаруй улсад тархсан. Энэ хувилбар нь 20-оос доош насны хүүхэд залуучуудыг их халдварлуулж байна.
Холбоотой мэдээ