Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандаж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Дээдсийн голомтоо залгамжилсан монголчууд аа!
Дэлхий даяар түгэн суурьшсан элэг нэгт монгол угсаатнууд аа!
Шинэ он эхлэхэд хэдхэн хором үлдлээ. Монгол түмний итгэл найдвар, ирээдүйн хүсэл тэмүүллийг тээсэн 2021 он айсуй.
Улиран одож буй 2020 оныг дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулахад нийтдээ зориуллаа. Гурав дахь мянганы хорь дахь он бидэнд эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ эрхэмлэх, эв нэгдэл, шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан, ийм жил болж өнгөрлөө.
Монгол Улсын төр засаг ард иргэдийнхээ амь нас, аж амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнол хийгээд шударга ёсыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд цаг алдах эрхгүй гэдгийг энэ цаг үе бидэнд нотлон харууллаа.
Одоогоос яг нэг жилийн өмнө, 2020 онд шилжих агшинд миний бие Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр улсын өмчлөлд буцаан авсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эхний орлогоос нь тэтгэврийн зээлтэй бүх ахмадуудынхаа өрийг тэглэх тухай мэдэгдэж байсан нь саяхан мэт санагдаж байна.
Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна.
Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа.
Шударга ёсыг сахин хамгаалах тэмцлийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ.
Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна.
Баялгийн шударга хуваарилалт нэг, хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээх хандлагаар монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болох ёстой.
Монгол Улсын иргэд бол монгол төрийн язгуур үндэс мөн.
Шинэ он солигдох энэ алтан агшинд 2021 он амар амгалан, эрүүл энхийг авчирч, улс түмнээрээ аз жаргалтай, сэтгэл тэнүүн байж, шударга ёс ялан мандахын ерөөлийг дэвшүүлье!
Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд тэгш жаргаж, хөгжин мандахын чөлөө учрал бүрдэх болтугай!
Холбоотой мэдээ