“Эрүүл амьдрах арга ухаан” хичээл сургалтыг Монгол Улсад эрхлэн явуулдаг “Сайн энергийн төв” ТББ -аас санаачлан Мөнхөө эмч багш, Өвөр Монголын ‘’Сайн энерги’’ компани, Өвөр Монголын бүх сайн энергичидэд хандан Улаанбаатар хотын амжиргааны түвшин доор ард иргэдэд хүнсний тусламж хүргэх сайн үйлсийн хандивын аяныг зохион байгуулж байна.
Мөнхөө эмч багш “Эрүүл амьдрах арга ухаан ” эрүүл мэндийн цогц хичээлийг зохион бүтээгч бөгөөд 2014 оноос хойш Монгол Улсад эрүүл мэндийн сургалт, бясалгалын хичээлийг тогтмол явуулснаар маш олон хүн, гэр бүл эрүүл амьдрах арга ухаанд суралцаж үзэл бодлоо өөрчилж эрүүл энх, аз жаргалыг олж авсаар байна.
Өвөр Монгол даяар эрүүл мэндийн их багш хэмээн алдаршсан Мөнхөө эмч багш иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар хийсэн олон жилийн ажил хөдөлмөрөөрөө 2019 онд Хятадын 1.3 тэрбум хүнээс оны шилдэг 10 хүний нэгээр шалгарч улс даяар танигдсан алдар гавъяатай хүн юм.
Манай уриалгыг Мөнхөө эмч багш болон компанийн удирдлага дуртайяа хүлээн авч хандивын ажлыг эхлүүлж Өвөр Монголын өнцөг булан бүрд Мөнхөө эмч багшийн эрүүл мэндийн хичээлд суралцагч ард иргэд, бүх сайн энергичид, элэг нэгт Монгол ахан дүүс минь идэвхийлэн зүтгэж маш богино хугацаанд 206 мянган юань / 90 сая төг/-ийн хандивыг цуглуулжээ.
Хүн өлсөхгүй байна гэдэг эрүүл байхын үндэс болохоор бид бүхэн энэ мөнгөөр хүнсний бүтээгдхүүн худалдан авч МУЗН-ээр дамжуулан Улаанбаатар хотын бүх 9 дүүрэг бүх хороонд хүнсний тусламж нэн шаардлагатай айл өрхүүдэд нэг дүүрэгт дунджаар 300-аад өрхөд, нэг хороонд 15 айлд хүнсний багц / нэг айлд-гурил 10кг, будаа 5кг, тос 2л / хүргэхээр тооцоолж нийтдээ 25 тн гурил, 12.5 тн будаа, 5 тн ургамлын тосыг нийт 2,500 өрхөд шинэ оны босгон дээр хүргэж байна.
Өвөр Монголын олон аймаг хошуудаас мянга мянган сайхан сэтгэлт ард иргэдээс 10, 20, 50,100, 500, 1,000 юань гээд ёстой олны олон таван цэн гэгчээр хүн бүр боломжийнхоо хэрээр хандивлаж үндэс угсаа нэгт Монгол түмнээ гэх халуун сэтгэлээр ирүүлсэн мөнгөнөөс энэ их хүнсний тусламж бүрдэж байна.
Ажил бизнесийн зардал хөрөнгийг хасаж, айл гэрийн хэрэглээг хэмнэж, ирээдүйд зориулах хадгаламжаасаа илүүчилж цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан ашиг орлогоосоо ядарч зүдэрсэн хүмүүст өгөөмөр сэтгэлээр харамгүй хуваалцана гэдэг үнэхээр энэрэнгүй сайхан сэтгэл төдийгүй их эр зориг юм.
Халдварт өвчний хорио цээрийн үед хүнд хэцүү нөхцөлд байгаа Улаанбаатар хотын 2,500 өрхөд хүнсний тусламж хүргэх ажлыг “Сайн энергийн төв” ТББ-аас амжилттай зохион байгуулсандаа баяртай байна.
Өвөр Монголчуудын онож хэлснээр хайр халамжийн энэ хандив тусламж нь зохих эзэндээ хүрч Монгол Улсын төр засгийн байгууллагаас эхлээд Монгол түмэн баярлаж талархаж буйг сайхан сэтгэлт тэр хүмүүс сонсож мэдвэл бидний зүгээс барих хамгийн том хариу бэлэг болох юм.
Холбоотой мэдээ