Монголын хүүхэд багачуудын төлөө үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээн хөгжүүлэх үйлсэд зориулж “Улаанбаатар төмөр зам” ХНН 500 сая төгрөгийг хандивлаж, нэг өдрийн цалингаа хандилахыг 16 мянган төмөр замчиддаа уриаллаа.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг анх байгуулахад чухал хувь нэмрээ оруулж байжээ. УБТЗ-ын хамт олон 1972 оны 4 дүгээр сарын 16-нд бүх нийтийн коммунист субботник зохион байгуулах уриалга гаргаж, хуримтлуулсан орлогоо хүүхдийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх санаачилга гаргажээ. Улмаар коммунист субботникоос олсон орлогоороо төмөр замын Аршаант өртөөнд хүүхдийн цэцэрлэгийн барилга барьсан байна. Уг цэцэрлэгийн барилгыг төмөр замчид, УБДС-ийн оюутны гавшгай отрядын хүчээр барьж 1972 оны намар ашиглалтад оруулсныг нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал тэргүүтэй МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүд ирж танилцаад хөдөө орон нутагт ийм цэцэрлэг яслийн барилга олноор барих хөдөлгөөн өрнүүлэхийг холбогдох байгууллагуудад зөвлөжээ. Удалгүй МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө фонд байгуулах тухай УБТЗ-ын хамт олны уриалгыг сайшаан дэмжих, фонд байгуулах”-аар шийдвэрлэжээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь хүүхдийн төлөө маш их анхаарч ажилладаг бөгөөд өнөөдөр УБТЗ-ын 27 цэцэрлэгт 5300 шахам хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. УБТЗ хүүхдийн байгууллагынхаа үйл ажиллагаанд жил бүр 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг нь хүүхдийн эрүүл тав тухтай орчин нөхцөлд сайн боловсрол хүмүүжил олгоход зарцуулагддаг юм. УБТЗ өнгөрсөн жил Сүхбаатар өртөөнд шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулснаас гадна 2021 оноос Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын Газартай хамтран “Хүүхдийн төмөр зам” төслийг хэрэгжүүлж эхлэх юм.
Холбоотой мэдээ