“Байшин үйлдвэрлэх комбинат-1”-д ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

“Байшин үйлдвэрлэх комбинат-1”-д ажиллалаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилж байгаа “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийн угсралтын ажлын явцтай танилцлаа.

“Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийг шинэчлэн байгуулахтай холбоотой Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу  Хөгжлийн банкнаас  Чингис бондын эх үүсвэр болон ОХУ-ын санхүүжилтээр 23 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тоног төхөөрөмжийн санхүүжилтэд зориулж Германы Коммерз банкнаас 13 сая еврогийн шугам нээсний 12 сая еврог өнөөдрийн байдлаар ашиглаад байна гэж  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат  Ерөнхий сайдад танилцууллаа.

Германы  бүрэн автомат тоног төхөөрөмжийг тус улсын  “Ebawe” компанийн мэргэжилтнүүд угсарч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэр ашиглалтад орсноор бүх төрлийн барилгын хийц, төмөр битонон эдлэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлнэ. Жилд дунджаар 5000 айлын орон сууцны хавтан үйлдвэрлэх боломжтой. Хөгжлийн банкнаас тус үйлдвэрийн угсралтын ажилд зориулан 6.2 сая ам.долларын санхүүжилт олговол үйлдвэр ашиглалтад ороход бэлэн байна гэж “Байшин үйлдвэрлэх комбинат 1” төслийн удирдагч Б.Эрдэнэбат хэллээ.  

Нийт олгосон санхүүжилтийн тооцоог төсөл хэрэгжүүлж байгаа багийн санхүүтэй нийлж, нэгдсэн дүн гаргаж танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад үүрэг болголоо. Нийт хөрөнгө оруулалтын дүнг гаргасны дараа нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж