Хүүхдийн нэр барин 2.2 тэрбум төгрөгийн хандив босгов

Хуучирсан мэдээ: 2020.12.31-нд нийтлэгдсэн

Хүүхдийн нэр барин 2.2 тэрбум төгрөгийн хандив босгов

Хүүхдийн нэр барин 2.2 тэрбум төгрөгийн хандив босгов

Хүүхдээсээ юуг ч харамладаггүй монгол хүний нинжин сэтгэлд дөрөөлөн төр нь өчигдөр 2.2 тэрбум төгрөгийн хандив босгов.

Дотоодод цар тахал дэгдсэнээс хойш эмч нар унтах, идэхээ ч умартан халдварт өвчинтэй тэмцэж, Эрүүл мэндийн яамнаас өдөр тутамд хүн ардыг халдвар хамгааллын дэглэм сахихыг сануулж байхад Соёлын яам нь хэдэн арваар нь олны танил хүмүүсийг цуглуулчихсан нэг танхимд суулгаж, зургаан цагийн турш ард иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагыг хандив өргөхийг уриалав.

Ард иргэд ч бухимдлаа. “Хэн нь хөл хорионд орж, бизнесээ дампууруулж, хэн нь цар тахалтай тэмцэхийн тулд амь насаараа дэнчин тавьдаг, хэн нь хууль дүрэм зөрчин олноороо цуглаж, түүнийгээ телевиз болгоноор цацаж суух ёстой юм бэ” гэж шүүмжиллээ.  Өмнө нь хандивын олон арга хэмжээ зохион байгуулагдаж байсан ч өчигдрийн арга хэмжээ шиг бухимдал төрүүлсэн удаагүй. Гэвч монголчууд тэсрэлт хийхээс өөр арга байсангүй.

Үнэндээ ч Coid-19 цар тахал дотоодод алдагдсан үеэс монголчууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг бие биедээ уриалж, сануулсаар ирсэн. Хөл хорио тогтоох бүрийд дуулгавартай дагаж, өдрийн орлогоороо хоногийн хоолоо залгуулдаг байсан иргэд ч өнөөдрийг хүртэл шүд зуун цар тахлыг гэтлэх өдөр ирнэ гэсэн хүлээлтээр итгэл найдвар тавьж буй.

Харамсалтай нь, дөрвөн ч том эмнэлэг цар тахлын голомт болж, нөхцөл ч хүндрэн, улсын нийслэл Улаанбаатар хотод байдал улам ноцтой болж буйг мэргэжлийн байгууллага нь анхааруулсаар атал яаж энэ олноор нь цуглуулан, хандив нэхэж чадаж байна вэ. Мөнгө цагаан нүд улаан болсон хэрэг үү?.

Баттай эсэхийг нь мэдэхгүй ч Соёлын яамны санаачилгаар зохион байгуулсан энэхүү арга хэмжээний ард Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар нарын 14 хоногийн өмнө байгуулсан төрийн бус байгууллага бий тухай ч шуугилаа.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагаа сэргэж буй мэдээлэл давхар цацагдав. Анхны хуримтлалыг нь үүсгэх зорилгоор энэхүү хандивын тоглолт зохион байгуулагдаж байгааг төрийн тэргүүн мэндчилгээндээ онцолжээ. Үүгээр бол Ерөнхийлөгч ч, Засгийн газар ч дэмжсэн болж таараад байгаа.

Хүүхдийн төлөө уриатай төрийн бус байгууллага Монголд олон бий. Хэд нь жинхэнээсээ хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа эрхэлдэг нь тодорхой бус байсаар ирсэн. Олон улсын байгууллагаас хөрөнгө татах зорилгоор байгуулагдсан нь ч бишгүй тухай шүүмжилсээр л ирсэн.

Тэгвэл Соёлын дэд сайд М.Батбаяр нарын байгуулсан төрийн бус байгууллага нь цугласан хандивыг хүүхдийн төлөөх үйлсэд зориулна гэсэн баталгаа бий юм уу.

Цугласан хандивын хэд нь арга хэмжээ зохион байгуулахад зарцуулсан гээд татах бол…

Covid-19 цар тахал дэлхий дахинд дэгдсэний дараахан Монгол Улс хилээ хааж, гадаадад амьдарч буй иргэдээ тусгай үүргийн нислэгээр татан авчирсны дараагаас Улсын онцгой комисст иргэд, аж ахуй нэгж хандив өргөн олон тэрбум төгрөг цугласан ч түүнээс нь өнөөдөр нэг ч төгрөг байхгүй, дашийншог сууж буй.

Цар тахал дотоодод дэгдэхэд халдвар авсан бүхий л хүмүүсээ нийслэл рүү татдаг, PCR шинжилгээ авах явуулын лаборатори нь хүрэлцээгүйгээс “Эмээлт” товчоон дээр ирсэн иргэнээс шинжилгээ авч чадахгүй хүлээсээр амь насыг нь хохироосон харамсалтай явдал болсон.

Хандивт монголчууд харамгүй мөнгө зарцуулдаг ч үр дүн нь эцсийн дүндээ ийм л байдаг.

Харин энэ удаад хүүхдийн нэр барин 2 тэрбумыг босголоо. Олипийн аварга нь кемоногоо дуудлага худалдаанд оруулж, 25 сая төгрөгийг хүүхдийн сайн сайхны төлөө зориулж буйгаа зарласан бол төрийн өмчит компаниуд ч гар хумхин суусангүй, том, том мөнгөн дүнтэй хандив өргөлөө.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 500 сая, нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилчдын нэг өдрийн цалин 1 тэрбум гаруй төгрөгийг хотын дарга нь толгой мэдэн хандивлалаа.

Харин энэ хандив хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахад зарцуулагдах санхүүжилтийн эх үүсвэр болж чадах уу.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
132
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж