Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын даргыг Ерөнхийлөгч бус Ерөнхий сайд санал болгон УИХ томилдог байхаар, АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог болох хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр (2020.12.30) хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гишүүн санал гаргасан нь шүүмжлэл дагуулаад байна.
Ж.Сүхбаатар гишүүн “Сүүлийн таван жил улс төрийн албан тушаал хашаагүй хүнийг АТГ-ын удирдлагаар томилно гэсэн заалтыг өөрчилж, сүүлийн 10 жил болгох хэрэгтэй. Улс төрөөс ингэж ангижруулах шаардлага байна. Таван жил гэдэг нь АТГ-т улстөрчдийг оролцуулахгүй байх хязгаарлалт болж чадахгүй. Тиймээс цаашдаа тав бус 10 жил гэдэг зохицуулалт оруулах нь зөв” гэсэн санал гаргасан юм.
Байнгын хорооны хуралдааныг анаж суудаг сошиалынхан эл саналд дор нь хариу барив.
Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр “Сонин ойлголт, сэтгэлгээ байгаа биз. Төрд ажиллаж байсан л бол итгэж ерөөсөө болохгүй. Хулгайч, худалч, идээчин уугаачин, жидүүчин, иймээс АТГ-ыг төрөөр бузартаагүй Долоон буудлын Должин авгайгаар толгойлуулах хэрэгтэй” гэж егөөдөв.
Засгийн газраас Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн есдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөлд АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог байхаар заасан юм.
Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч АТГ-ын даргаас гадна дэд дарга нарыг санал болгож, УИХ-аар томилдог байсныг өөрчлөхөөр тусгасан. Харин УИХ-д 62 суудалтай МАН энэхүү төслийг хэлэлцэх үеэрээ “АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгон, УИХ батлахаар болгож барьцаа ахиулсан нь бүх л эрх мэдэл ганцхан хүнд төвлөрөх зохицуулалт болж хувираад буй.
Дээр нь хуулийн байгууллагад улс төрөөс хамааралгүй 10 жил ажилласан хүнийг тус газрын даргаар томилох саналыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гаргасан нь онигоо цаашаа болох шинжтэй.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ