Монголд гурван хүн тутмын нэг нь 18 хүртэлх насны хүүхэд. Харамсалтай нь, өнөөдөр харгис нийгмийн золиос нь бяцхан үрс болж байна гэхэд нэг их буруудахгүй. Өдөр бүр хүүхэд ямар нэг байдлаар осолдсон, эсвэл гэмт хэргийн хохирогч болсон, гэмтэж, бэртсэн таагүй мэдээ тасралтгүй хөвөрсөөр. Хүүхдүүд аюултай орчинд амьдарч байгаагаа цахилгаанд цохиулж, тоглоомондоо даруулж, тогтоол усанд живж, тоглоомын талбай дээрээ гэмтэж, гэртэйгээ шатаж, бусдын гарт амиа алдаж хангалттай нотоллоо. Харин томчууд хий дэмий халаглаж шаналаад өнгөрснөөс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал тавьсангүй. Халдварт өвчин тархсанаас болж сургууль, цэцэрлэг хаасан нь хүүхдүүдэд том эрсдэл болж байна. Үүнийг дэлхий дахины асуудал болсон Covid-19 тодхон харуулах болов.
Хөл хорионд гарах ч эрхгүй гэртээ “хашигдсан” хүүхдүүд хичээлгүй өнжсөн хугацаандаа толгой, гараа боолгосон, таяг тулсаар эмнэлгийн үүд сахиж байна. Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж гэмтсэн, буцалсан ус, халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд гэмтлийн эмнэлгийн хаалгыг татах нь олширчээ.
Зөвхөн хатуу хөл хорионы үед л гэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр эмнэлгийн тусламж авах хүмүүсийн тоо 2-3 дахин буурсан ч эсрэгээрээ ахуйн хүрээний ослоор 18 хүртэлх насныхан эмнэлгийн хаалга татах нь эрс нэмэгдсэн болохыг эмч нар хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ердийн үед эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 30-35 орчим хувийг хүүхдүүд эзэлдэг байсан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн (2020.11.11)-ий дараа энэ үзүүлэлт 40-50 орчим хувь болж өсчээ.
Одоо ч хөл хорионы дэглэм үргэлжилж буй энэ үед цаашид ч өсөх хандлагатай байгааг эмч нар анхааруулсаар. ГСҮҮТ-өөс сэрэмжлүүлснээр хүүхдүүд гэртээ байх үедээ түлэгдэх, хайхрамжгүй орхисноос тавилга, тавцан дээрээс унах осол цөөнгүй гарч байгаа аж. Тиймээс эцэг эхчүүдэд сонор сэрэмжтэй байж, анхаарал халамжаа сулруулахгүй байх нь чухал болохыг зөвлөсөөр байна. Үүнийг хэнэггүй эцэг эхчүүд чихнийхээ хажуугаар өнгөрүүлж, эцэст нь хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулсаар буй юм. Тэр тусмаа ямарваа тэмдэглэлт баярын үеэр эмнэлгийн хаалга татах хүүхдийн тоо эрс нэмэгддэг нь эцэг эхийн хайнга зангийнх. Бага насны хүүхдээ хайхраагүйн улмаас хэл, хөлд ороод удаагүй бяцхан үрс гэртээ хүнд бэртэх тохиолдол их байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байтал энэ төрлийн осол буурахгүй байна.
Судлаачдын үзсэнээр, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хугацааг сунгах тусам хүүхдүүд хамгийн их хохирдог аж. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр, арваннэгдүгээр сар хатуу хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийг хааснаар хүүхдүүд хүчирхийлэлд өртөх, ахуйн ослоор бэртэж гэмтэх нь эрс нэмэгджээ.
Хөл хорионы үед хүүхэд нь түлэгдэж бэртэхээс авхуулаад элдэв зүйлс залгиж гэмтсэн зэрэг олон шалтгаанаар эцэг эхчүүд ГССҮТ-д хандаж, эмнэлгийн тусламж авах болжээ. Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд багш нарын хараа хяналтад байдаг тул бэртэж, гэмтэх, түлэгдэх аюулаас хол өнгөрдөг. Гэтэл хөл хорионы үед хүүхэд түлэгдэж, бэртэх болсон нь эцэг эхийн хариуцлагатай салшгүй холбоотой.
Тоон баримт сөхвөл, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчүүлэгчдийн дийлэнх нь хүүхэд аж. Тус төвд жилд дунджаар 1500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдгийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг байна. Мөн дөнгөж хэл, хөлд орж буй 1-4 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл өвчлөлийн хамгийн их хувийг эзэлдэг нь харамсалтай. Түлэгдсэн хүүхдийн 80 гаруй хувь нь гэртээ байж байгаад осолд өртдөг аж. Энэ мэтчилэн эрүүл мэндээрээ хохирох, улмаар өвөл нь галд өртөж, зуны улиралд усанд живж хүүхдүүд амь насаа алдсаар байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчлэн тогтоож, хөл хорио үргэлжилж буй энэ үед онцгой байдлын алба хаагчид бага насны хүүхдүүдээ гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг сэрэмжлүүлсээр байна. Тус газраас мэдээлснээр, хөл хорионы үед хүүхдүүд галд өртөж амиа алдах эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа нь гэрт нь хараа хяналтгүй, цоожилж орхидогтой холбоотой аж. Иймд хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг сануулж байгаа юм.
Мөн цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдийг үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүүхдэдээ анхаарал хандуулахыг зөвлөж, анхааруулсаар байна. Цагдаагийн алба хаагчдын мэдээлснээр, хөл хорионы үед хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг буурсан ч ахуйн ослын улмаас бэртэж гэмтсэн хүүхдийн тоо өсчээ. Энэ мэтчилэн хүүхэд бэртэж, гэмтэж байгаа нь эцэг, эхийн хариуцлагатай холбоотой болохыг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байна. Эцэг эхчүүдийн хувьд бусдаар гуйлгаж, сануулахгүйгээр хүүхдэдээ анхаарал хандуулах нь тэдний үүрэг хариуцлага билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ