Төрсөн өдөрт уригдсан 20 хүний нэгээс нь Covid-19 илрэв

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Төрсөн өдөрт уригдсан 20 хүний нэгээс нь Covid-19 илрэв

Төрсөн өдөрт уригдсан 20 хүний нэгээс нь Covid-19 илрэв

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.30) мэдээллээ хийлээ. Өчигдөр 38 хүнд Сovid-19 илэрснээс 36 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн бол үлдсэн хоёр нь Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолооч болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтан байв. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 1175, түүнээс 702  нь дотоодод батлагдаад байна.


"БАЯНЗҮРХЭД ХАЛДВАР МАШ ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ТАРСАН НЬ ТОДОРХОЙ БАЙНА"

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 12828 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 20 хүнээс халдвар илэрлээ. Арванхоёрдугаар сарын 20-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн учраас тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр иргэний халдварыг дотоодын халдварт тооцохгүй. Үлдсэн 18 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй өвчтөн, сахиур, эмнэлгийн ажилчид юм. Тус голомтод батлагдсан ойрын 1418 хавьтал байгаа бөгөөд өчигдөр "Тэнүүн-Огоо" ХХК-ийн автобусны хоёр жолоочоос халдвар илэрсэн. 

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн 10 жолооч бөөнөөрөө салхинд гарсан байна. Тэдгээрийн дотроос хоёр хүнээс ийнхүү халдвар илэрлээ. Бусад жолоочийг нь тусгаарлаад байна. Тухайн автобус баазын 90 гаруй хүнээс шинжилгээ авсан бөгөөд одоогоор халдвар илрээгүй. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1195, дотоодын халдвар 394 боллоо. Эмчлэгдэж байгаа 361 хүнээс биеийн байдал хөнгөн 257, хүндэвтэр 96, хүнд 6, маш хүнд 2 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас халдварын тохиолдол дахин бүртгэгдээгүй. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрсэн.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэгдэлтийн улмаас 244 хүн халдвар авч, 1500 орчим ойрын хавьтал байна гэхээр халдвар маш өргөн цар хүрээтэй тарсан нь тодорхой байна. Үүнээс гадна өчигдрөөс эхлэн томуугийн тандалтын тогтолцоогоор эрсдэлт бүлгийн хүн ам болон олон хүн ажилладаг газруудад шинжилгээ хийж эхэлсэн. Улсын гуравдугаар төв эмнэлэг, 429 дүгээр хорих анги, “Номин” худалдааны төвөөс түүврийн аргаар сонгож, нийт 204 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Удахгүй шинэ жил болно. Гэр бүлийн хүрээнд, цөөхүүлээ тэмдэглээрэй гэж хэлмээр байна.

"ШИНЖИЛГЭЭГЭЭР ХАЛДВАРТАЙ НЬ БАТЛАГДСАН БАЙХАД ГЭРТЭЭ ХҮМҮҮС ЦУГЛУУЛСАН"

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:

Улсын хэмжээнд 34 тусгаарлах байранд 1753 хүн байна. Нийслэлийн хэмжээнд 24 тусгаарлах байранд 1655 иргэн, орон нутгийн долоон тусгаарлах байранд 89 иргэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 70 иргэн нэмж тусгаарлалтад шилжсэн. 12 иргэн тусгаарлах байрнаас өөр байр руу шилжсэн бол 123 хүн гэрийн ажиглалтад шилжлээ. Хавдар судлалын үндэсний төвөөс 79 иргэнийг Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төвөөс гадна гурван зочид буудал руу шилжүүлсэн. Мөн Цэргийн төв эмнэлгээс 11 иргэнийг Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төв рүү шилжүүлсэн.

“Амар”, “Улаанбаатар”, “Наранбулаг” зочид буудлаас ХӨСҮТ рүү тодорхой тооны иргэдийг шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 3502 хүн гэрийн ажиглалтад байна. Өчигдөр “Зүчи” зочид буудалд гэр бүлээрээ тусгаарлалтад орсон. Тэд 5, 16 настай хоёр хүүхдээ гэр нь тусгаарлалтад орхисон. Хоол хүнсний хангамж болон хүүхдүүдийн аюулгүй байдал доголдолтой байгаа талаар бидэнд ярьсан. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт дээрх асуудлаар хандаж шаардлагатай бусад дэмжлэгийг үзүүлэхээр болсон. Хэрэв дээрх хоёр хүний тусгаарлалтын арга хэмжээ цаашид үргэлжилвэл хүүхэд хамгааллын тусгаарлах байранд хүүхдүүдийг авчрахаар төвөвлөж байна.

Талийгаач О-ийн буяны ажилд 40 гаруй иргэн оролцсоноос тусгаарлагдсан зургаан хүнээс халдвар илэрсэн нь PCR шинжилгээгээр баталгаажсан. Тиймээс буяны арга хэмжээ зохион байгуулахдаа хүнийхээ тоог цөөлөх шаардлагатай байна. Олон хүн нэг дор цуглуулах нь халдвар гарах үндэслэл болж байна. Өөр нэг хүн төрсөн өдөртөө 20 гаруй хүн урьж баяраа тэмдэглэж, нэг хүнээс халдвар илэрсэн нь PCR шинжилгээгээр баталгаажсан. Халдварын сэжигтэй тохиолдлын хавьтал болсон хүн онлайнаар гар утасны худалдаа зохион байгуулж, хүргэлт хийсэн байна.

Өөр нэг иргэн гурван найзаа дуудаж архидсан. Тухайн хүнд халдварын шинж тэмдэг илрээд, шинжилгээгээр халдвартай нь батлагдсан байхад гэртээ хүмүүс цуглуулсан байна. Цахим сүлжээнд өчигдөр зургаан залуу УОК-ын нэр бариад мэргэжлийн үг хэллэг буруу хэлбэрээр ашиглан, хоорондоо марзаганасан, тэдгээр залууст хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Халдварт өвчин бол тоглоом биш. Улс орон даяар хүчин чармайлт гаргаж, төрийн байгууллагууд халдвартай тэмцэх гэж нойр хоолгүй зүтгэж байгаа энэ цаг мөчид хэсэг нөхдүүд энэ өвчнөөр тоглож байгаа нь зохисгүй хэрэг. Тийм учраас халдвар хамгааллын дэглэм зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж