"Шөнө тэсэхгүй бэлгээ задалж идсэн үе хамгийн дурсамжтай"

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

"Шөнө тэсэхгүй бэлгээ задалж идсэн үе хамгийн дурсамжтай"

"Шөнө тэсэхгүй бэлгээ задалж идсэн үе хамгийн дурсамжтай"

Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн шинэ он айсуй. Монголчууд шинэ жилийн баярыг сэтгэл догдлон, хамт олноороо өргөн хүрээнд тэмдэглэдэг ч энэ жил цар тахлын улмаас анх удаа хатуу хөл хорионд шинэ оноо угтах гэж байна.

Хүн бүхэнд сэтгэлд хоногшсон шинэ жилийн баярын сайхан дурсамж бий. Тиймээс энэ цаг үед ажиллаж, бидний эчнээ танил болсон мэргэжилтнүүдээс хүүхэд насны сайхан дурсамжийг нь сонсож, шинэ жилээр хэрхэн баярлаж, шинэ оноо угтахыг нь хамтдаа сонирхъё.


 “ ШӨНӨӨР ТЭСЭЛГҮЙ БЭЛГЭЭ ЗАДАЛЖ, ИДЭЖ БАЙСАН ҮЕ ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ”

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:

-Би эмээ дээрээ өссөн. Дулмаагийн Нямхүү гэж эмээгээрээ овоглодог. Хүүхэд байхад эмээгийн хайр халамж, шинэ жилийн бэлэг хамгийн сайхан. Одоогийнх шиг гялгар уут байгаагүй, даавуун ууттай бэлэг өгнө. Тэр үеийн алим, мандарин жимсний амт часхийсэн амттай байлаа шүү дээ. Шөнө унтахдаа хүмүүсийн өгсөн бэлгийг дэрнийхээ хажууд тавиад, бараг бэлгээ сахиад хонодог байсан санагдана. Шөнө тэсэхгүй бэлгээ задалж, идэж байсан үе хамгийн дурсамжтай. Ер нь би арван жилдээ ч анагаахын дунд, сувилагчийн сургууль, их сургуульдаа ч сурлага сайтай хүү байсан. Би арван жилийн сургуульд байхдаа боксын спортоор хичээллэж, спортын мастер болсон. Их олон тэмцээнд оролцсон. Тухайн үед “Барселон 1992”-ын хүрэл медальт, Н.Баярсайхан, Н.Энхбат гээд шилдэг боксчидтой нэг баг болж, тоглож байлаа. Хоршоолол нийгэмлэг дээр их очно. Миний хүүхэд нас хотод өнгөрсөн. Долоон буудалд эмээтэйгээ хамт зуныг өнгөрүүлнэ.

Энэ жил хатуу хөл хорионд иргэд маань урьд өмнөх шиг шинэ жилийн баяраа тэмдэглэж болохгүй болсон. Тиймээс аль болох онлайнаар хоорондоо харилцаж, бие биедээ урмын үг, сэтгэлийн дэм хайрлаарай.  Дэлхий нийтээрээ өмнө нь хэзээ ч ингэж шинэ жилээ угтаж байгаагүй шүү дээ. Бид өнөөдөр түүхэн үед ажиллаж, амьдарч байна. Ёстой л сүүлд эргэн дурсахад хамгийн сонирхолтой, дурсамжтай шинэ жил 2020 оны шинэ жил болох биз.

“Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГААС БЭЛЭГ АВЧ, УУТЫГ НЬ ХОЁР ЖИЛ ХАДГАЛЖ БАЙЛАА”

Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

-Жил бүрийн шинэ жилийн баяр их сайхан санагддаг. Хамт олны маань хамгийн сайхан шинэ жил гэвэл 2018 онд Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын хэлтэс анх таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, дөрөв нь шагнал авч байсан юм. Тэр мөч их сайхан байсан.

Хүүхэд байхад Харшийн шинэ жилийн тоглолтод оролцож, Маршал Ю.Цэдэнбал даргаас бэлэг авч байлаа. Бэлгийн уутнаас их сайхан мандарин үнэртдэг учраас хаяж чадахгүй хоёр жил хадгалсан санагдана. Би хотын унаган хүүхэд. Багын сурлага сайтай охин байсан. Ээж маань эмэгтэйчүүдийн эмч хүн байсан учраас эмч мэргэжлийг сонгон суралцсан даа.

Энэ жил хатуу хөл хориотой учраас ажил дээрээ шинэ оноо угтах байх. Эрүүл мэндийн яаманд бүтцийн өөрчлөлт хийж, миний хувьд албан тушаал буурч, ахлах шинжээч болсон.

"ХАРШИЙН ЁОЛКАНЫ БЭЛЭГ ИХ ДУРСАМЖ ҮЛДЭЭСЭН"

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-Хүүхэд байхдаа жил бүр Хүүхдийн ордонд болдог Харшийн ёолк үзнэ. Харшийн ёолкны бэлэг их дурсамж үлдээсэн байдаг. Тоглолтоо үзчихээд бэлгээ авахаар яарч догдолно. Миний хувьд дуулж, бүжиглэхээс илүүтэй сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг хүүхэд байсан. Би улсын хэмжээний тэмцээнд амжилт гаргаж байгаагүй ч анги, сургууль, их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байлаа.

Бага нас маань хотод өнгөрсөн. Аав, ээж маань ажилтай завгүй учраас би өвөө, эмээтэйгээ хотод зуслан дээр л өссөн. Би энэ жил 38 нас хүрэх гэж байна. Шинэ жилийн баяраа хоёр хүүхдээ баярлуулаад, гэр бүлээрээ цомхон тэмдэглэнэ дээ. Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх бас сонин л юм байна.

ЦАГААН ХӨВӨНГӨӨР ЦАСАН ШИРХЭГ ХИЙЖ ЯВСАН ХҮҮХЭД НАСНЫ ШИНЭ ЖИЛ ХАМГИЙН ГОЁ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Хамт олны шинэ жил гэвэл манай Тандалт судалгааны алба дөрвөн удаа шилдгээр шалгарч байсан. Тэр мөч үнэхээр сайхан дурсамжтай. Ер нь хүүхэд байх үеийн шинэ жил л хамгийн гоё доо. Хүүхэд байхад одоо үеийнх шиг бүх зүйл бэлэн байсангүй. Цагаан хөвөнгөөр цасан ширхэг хийж, гинжин цаасан чимэглэл зурж, хайчлаад, 12 жил болон ойн амьтад болцгооно. Өвлийн өвгөн бэлэг тараана. Хүүхдүүд хэд хоногийн өмнөөс чимэглэлээ гэртээ бэлтгэж, анги танхимаа чимэглэнэ. Тэр үед алим, мандарин, орос вафли зэрэг амттай жимс, чихэр өвлийн өвгөн бэлэглэнэ. Алиалагч нар гарч ирж бэлгээ авахгүй бол өгөхгүй гэхээр хүүхдүүд уралдаад  бэлгээ авдаг байлаа.

Би Дундговь аймгийн төвийн арван жилийн сургууль төгссөн учраас бага нас маань хөдөө өнгөрсөн. Би багаасаа сурлага сайтай охин байсан. Нэгдүгээр ангиасаа ариун цэврийн комиссын дарга болж, хүүхдүүдийн нус, гутлын алчуур их шалгана. Тэгж явсаар байгаад эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн болсон доо. Анх лДундговь аймагт Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007 онд хотод орж ирээд, ХӨСҮТ-д өдийг хүртэл ажиллаж байна.  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд амралтгүй ажилласан. Энэ жилийн шинэ жилийн баяраар шинэ оноо ажил дээрээ л угтах байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
80
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж