Шинэ жил, Зул сарын сэтгэл догдлуулсан дуунууд бүтсэн түүх

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

Шинэ жил, Зул сарын сэтгэл догдлуулсан дуунууд бүтсэн түүх

Шинэ жил, Зул сарын сэтгэл догдлуулсан дуунууд бүтсэн түүх

All I want for Christmas is you

Энэ дууг Мэрайя Кэри, Уолтер Афанасьефф нар 1994 оны намар ердөө 15 минутад зохиосон гэдэг. Гэсэн хэдий ч энэхүү дуу өдгөө дэлхийн хамгийн алдартай дуу болж, жил бүрийн арванхоёрдугаар сард дэлхийн өнцөг булан бүрт эгшиглэж байна. "15-хан минутад зохиосон энэ дуу яагаад тийм алдартай байдаг юм бэ?" гэж асуусан сэтгүүлчийн асуултад “Учир нь энгийн хэр нь тааламжтай болохоор л алдартай” хэмээн хөгжмийн зохиолч Уолтер Афанасьефф хариулсан байдаг.

“All I want for Christmas is you” дуу эзнийхээ хувьд алтны уурхай л гэсэн үг. Мэрайя Кэри зөвхөн энэ дуугаар жил бүр 2.6 сая ам.доллар, хамгийн багадаа 1.9 сая ам доллар олдог аж. Эдийн засгийн “Economist” сэтгүүлд бичсэнчлэн тус дуу 1994 онд анх олны хүртээл болсноосоо хойш 2017 оны байдлаар 60 сая ам.доллар олжээ.

Wham- Last Christmas

Зул сар, шинэ жилийн баярыг “Last Christmas” дуугүйгээр төсөөөлөхийн аргагүй билээ. Энэхүү дууг 1984 онд Жорж Майкл зохиож байжээ. Харамсалтай нь, тэрээр 2016 оны зул сарын өдөр таалал төгссөн юм. Энэ дууны тухай хамтлагийн гишүүн Андрэй “Бид Жоржийн аав, ээжийнд зочлох үеэр энэ дуу бүтсэн. Зурагт үзээд сууж байхад Жорж цаг хэртэй алга болоод, дээд давхраас нэлээд догдолсон байдалтай бууж ирсэн юм. Бид түүний бага насаа өнгөрөөсөн өрөөнд ортол тэр “Last Christmas” дууг бидэнд тоглож өгсөн” хэмээн хуучилжээ.

Уг дуу зохиогдсон цагаасаа хойш хит болсон боловч хэзээ ч тэргүүн байр эзэлж байгаагүй аж. 2016 онд дуучин Жорж Майклыг нас барахад шүтэн бишрэгчид нь “Last Christmas” дууг жилийн хит дууны нэгдүгээр байрт оруулах кампанит ажил өрнүүлсэн ч мөн л хоёрт жагссан байдаг. Гэхдээ энэхүү дууны цомог Их Британид 1.7 сая хувь, Японд 600 мянган хувь зарагдсан. Бусад улс оронд хэдэн хувь борлогдож, хэдэн долларын орлого авчирсныг таамаглах аргагүй ч жил бүр 500 мянган доллар олдог гэсэн тооцоо бий. 2019 онд энэ дууны нэрээр нэрлэгдсэн кино гарч, дэлхий даяар чамгүй орлого олжээ.

Let it Snow

Хэрэв уг дууны үгийг анхааралтай сонсвол шинэ жил, зул сарын тухай огт дурдагддаггүй. Уг дууг 1945 оны долдугаар сард Сэмми Кан, Жюль Стайн нар зохиосон байна. Аагим халуун өдөр цасыг санагалзан зохиосон тэдний дуу шинэ жилийн баярын дуулал болтлоо алдаршина гэж төсөөлөөгүй биз. Энэ дууг Фрэнк Синатра, Майкл Бюблэй, Кайли Миног зэрэг хэдэн арван дуучид өөр өөрсдийнхөөрөө амилуулсан байдаг.

Winter Wonderland

Энэхүү дууг 1934 онд Ричард Смит зохиосон. Смит уг дууг зохиохдоо сүрьеэ өвчнөөр өвдөж, эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд цасаар тоглож буй хүмүүсийг цонхоор хараад, дууныхаа санааг олсон гэдэг. Уг дууг бүтээсний дараа 200 гаруй уран бүтээлч өөрсдийнхөөрөө өөрчлөн дуулжээ.

Jingle bells

“Jingle Bells” бол Зул сар, шинэ жилийн баярын хамгийн алдартай дуунуудын нэг. Энэ дуу хаа нэгтээ эгшиглэж эхэлбэл шинэ жил, Зул сарын баярын уур амьсгал орж эхэлдэг. 1800-аад онд Их Британийн дуу зохиогч Жэймс Пьерпон уг дууг талархлын өдөрт зориулан зохиосон гэдэг. Уг дуу зохиогдсоноос хэдэн арван жилийн дараа Бостонд найрал дуучид Зул сарын баяраар дуулсан цагаас хойш тус баярын дуу болсон бөгөөд сансарт тоглогдсон хамгийн анхны дуу юм.

We wish you a Merry Christmas 

Энэхүү дуу нь хамгийн эртний зул сарын дуу бөгөөд 16-р зууны үед Английн хөгжмийн зохиолч Артур Уаррелл (1883-1939) зохиосон гэдэг. Хатан хаан Викториагийн үед хүүхдүүд зул сарын баяраар айлуудын хаалганы өмнө дуулж, баярын чихэр цуглуулдаг байжээ. Гэхдээ энэ дууны гол хэсэг болох “Бид танд Зул сарын мэнд хүргэж байна” гэсэн хэсэг нь анхандаа “Би танд Зул сарын мэнд хүргэж байна” гэж байжээ. Харин Уаррелыг нас барсны дараа найрал дуучид түүнд хүндэтгэл үзүүлж, “Би” гэдэг үгийг нь “Бид” болгосон нь өдгөө олонд алдаршчээ.

White Christmas

Бүх цаг үеийн хамгийн олон хувь борлогдсон зул сарын дуу бол “White Christmas”. Еврей гаралтай хөгжмийн зохиолч Ирвин Бэрлин энэхүү дуугаа анх Бродвэйн хөгжимт жүжигт зориулан бичсэн ба уг дууг зохиосныхоо дараа дэлхийн хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг болжээ.

Зул сарын өдрөөр Бэрлин гэр бүлээ санагалзахдаа энэхүү дууг зохиож байсан гэдэг ба япончууд Сувдан эргийг бөмбөгдсөний дараа олон нийтийн радиогоор цацагдаж, баярын үеэр гэрээсээ хол буй цэргүүдийн сүлд дуу болжээ. 1975 оны дөрөвдүгээр сард Вьетнам дахь цэргүүдэд Сайгон хотоос гарах дохиог “White Christmas” дуугаар дамжуулан зэвсэгт хүчний радиогоор явуулж байсан түүх ч бий.

ABBA-Happy New year

Шведийн алдарт дөрвөлийн амилуулсан энэ дуу нь мөн л айсуй жилийн мэндийг бидэнд дамжуулдаг алдартай дуунуудын нэг. 1980 оны нэгдүгээр сард бичигдсэн “Happy new year” дуу нь анх мюзиклд зориулж бичигдэж байжээ.

Уг дуу нь анх “Аав аа, шинэ жилийн өдөр бүү уугаарай” гэсэн хошин нэртэй байсан гэдэг. Харин англи хэл дээрх хувилбар нь сүүлд 1999 онд бичигдсэн ба энэхүү хувилбараараа дэлхий дахинаа алдаршиж, хит болсон байна.

Rockin’ Around the Christmas Tree

Энэ дууг Америкийн хөгжмийн зохиолч Жонни Маркс 1958 онд бичсэн ба дууг амилуулсан дуучин Брэнда Ли тухайн үед өсвөр насны охин байжээ. Брэндагийн ярьснаар, тухайн үед зуны улирал байсан бөгөөд Жоннигийн өрөө агааржуулагчтай, хүйтэн жавартай, зул сарын уур амьсгал оруулахын тулд гацуур зассан байсан аж.

Дуу зохиогдсоноос хоёр жилийн дараа буюу 1960 оны Зул сарын үеэр Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэ дууны 50 жилийн ойгоор буюу 2008 онд анхны хувилбар нь дэлхий даяар 25 сая хувь борлогдсон аж. Мөн энэ дуу нь бүх цаг үеийн Зул сарын дуунуудаас дижитал хэлбэрээр хамгийн их зарагдсан дуунуудын дөрөвт жагсаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж