2020 оны тайлагдаагүй нууцууд

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

2020 оны тайлагдаагүй нууцууд

2020 оны тайлагдаагүй нууцууд

Дэлхий дахинд цар тахлаас гадна олон олон нууцлаг, учир нь үл олдох зүйлс 2020 онд болж өнгөрлөө.


  • Нууцлаг металл хөшөөнүүд

Бүтээгч нь үл мэдэгдэх нууцлаг металл хөшөөнүүд өнгөрөгч арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн дэлхий даяар ил гарч эхэлсэн билээ. Эдгээр нууцлаг хөшөөнүүд нь АНУ-ын Юта, Калифорни мужууд болон Румын, Нидерланд, Испани, Герман, Их Британи зэрэг улсуудад гэнэт гарч иржээ. Нэг хэсэг хүмүүс эдгээр хөшөөнүүдийг харь гаригийнхан бүтээсэн гэдэгт итгэж байсан бол зарим нь "The Simpson" хүүхэлдэйн киноны ээлжит маркетинг гэж харж байлаа.

Гэвч саяхнаас АНУ-ын Нью Мехикогоос гаралтай “The Most Famous Artist” хэмээх уран бүтээлчид нууцлаг металл хөшөөнүүдийг бүтээснээ зарлаж, тус бүрийг нь 45 мянган ам.доллараар худалдаалах болсноо мэдэгджээ. Гэсэн хэдий ч “The Most Famous Artist” бүлгэмийн үүсгэн байгуулагч Мэтти Мо "Mashable" сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр эдгээр хөшөөнүүдийг бүтээсэн гэдгээ нотлохоос татгалзаж, ямар нэгэн баримт дэлгэхгүй гэж мэдэгджээ.

Мэтти Мо “Хөшөөнүүдээ анх суурилуулсан технологиосоо болж хуулиндаа захирагдан, олон зүйлийн талаар хэлж чадахгүй байна” хэмээжээ.

  • Нууцлаг нисгэгч

Өнгөрөгч есдүгээр сард Лос Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо гурван мянган футын өндөрт нэгэн нууцлаг нисдэг биет үзэгдсэн. Нэгэн онгоцны нисгэгчийн агаарын хяналтын төвд мэдэгдсэнээр бол түүнээс 10 миллийн зайд, тусгай өмсгөлийн тусламжтай нисч яваа хүнийг харсан гэж ярьжээ. Түүний ярьсныг хоёр дахь нисгэгч нь "Fox 11" телевизэд ярилцлага өгөх үеэрээ мөн баталсан аж.

Нислэгийн үеэр үзэгдэх орчин хангалттай сайн, мөн харанхуй биш байсан учир нисгэгчид тэрхүү биет нь нисч буй хүн байсныг тодорхой харсан аж. Үүний дараа FBI буюу Холбооны мөрдөх товчооноос энэхүү хэргийг мөрдөн шалгаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд одоог хүртэл үр дүн нь таавар хэвээр байна.

  • Америк даяар тархсан нууцлаг үр

Өнгөрсөн зуны турш Америк даяар айл өрхүүдэд нууцлаг үр хүргэгдсэн. Нууцлаг үрийг анх Хятадаас Америк руу илгээсэн гэж үзэж байсан боловч эцэст нь хаяг, шошгыг нь хуурамчаар үйлдсэн болохыг тогтоожээ. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас нууцлаг үрүүдийг хөрсөндөө тарихгүй байхыг анхааруулж байсан ч айл өрхүүд тарьж эхэлсэн аж. Зарим нь бүр эдгээр үрүүдийг идсэн гэжээ.

Одоогийн байдлаар үрүүдийг судлахад зарим нь хоргүй ургамал, цэцэглэдэг ургамал, хүнсний ногоо, өвсөн ургамал болохыг нь тогтоосон ч өөр улсаас ирсэн үрийг нутагтаа тарих нь аюултай байж болзошгүй хэмээн анхааруулсан байна.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас энэхүү үнэгүй үрийг бүтээгдэхүүнээ зарах гэж ядсан нэгэн компанийн явуургүй маркетинг хэмээн үзэж байгаа аж.

  • Алга болсон бүхэл бүтэн од

Одон орон судлаачдын судалж байсан асар том од ямар нэгэн ул мөр үлдээлгүйгээр алга болжээ. Мэргэжилтнүүд энэхүү одыг хар нүх үүсгэлгүйгээр супернова үүсгэсэн гэдэгт одоог хүртэл эргэлзэж байна.

Супернова гэдэг нь сансар огторгуйд гардаг, оддын хамгийн том дэлбэрэлт юм. Супернова ихэвчлэн манайхаас бусад галактикуудад тохиолддог.

Хааны одон орон судлалын нийгэмлэгийн сар тутмын хэвлэлд энэхүү одтой холбоотой нэгэн таамгийг дэвшүүлсэн бөгөөд сансар огторгуйн тоосонцорт хэсэгчлэн дарагдсаны улмаас одны гэрэл бүдгэрч, харагдахгүй байгаа хэмээжээ.

Энэхүү алга болсон гэгдэж буй асар том од нь дэлхийгээс 75 сая гэрлийн жилийн зайд, Кинманы Одой галактикт орших хумхын ордонд байрладаг аж.

  • Нью-Йорк хот дээгүүр үл мэдэгдэх биетүүд нисэх нь олшров

АНУ-ын үндэсний үл мэдэгдэх нисдэг биетийн тайлангийн төвөөс Нью-Йорк хотын дээгүүр үзэгдэх үл мэдэгдэх нисдэг биетүүдийн тоо өмнөх оныхоос 31 хувиар өссөн гэж мэдэгджээ. Өнгөрсөн 2019 онд Нью-Йорк хотын дээгүүр үл мэдэгдэх нисдэг биет нислээ гэсэн 35 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ онд 46 болж нэмэгджээ.

Сонирхолтой нь, 2018 онд ердөө 12 тохиолдол бүртгэгдэж байсан бол өдгөө энэ тоо 283 хувиар өссөн аж.

Энэ жил Нью-Йорк хотын Брүүклин дүүрэг дээгүүр 12 удаа үл мэдэгдэх нисдэг биет дайрч өнгөрсөн гэх тоо гарсан бол Манхэттен дүүрэг дээгүүр 11 удаа, Куинс дүүрэг дээгүүр 10 удаа тус тус ниссэн байна Мөн Стэйтен Айленд дээгүүр найман тохиолдол, Бронкс дээгүүр таван тохиолдол ниссэн нь бүртгэгджээ.

Өнгөрөгч зургадугаар сарын 8-ны өдөр Бронксын оршин суугч тэнгэр дээр 30 үл мэдэгдэх нисдэг биет нэгэн шугамд төгс нисч байхыг харсан тухайгаа "New York Post" сонинд ярьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж