Нэрт загвар зохион бүтээгч Пьер Карден таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

Нэрт загвар зохион бүтээгч Пьер Карден таалал төгсчээ

Нэрт загвар зохион бүтээгч Пьер Карден таалал төгсчээ

Францын нэрт загвар зохион бүтээгч Пьер Карден арванхоёрдугаар сарын 29-ний Мягмар гаригийн өглөө Парисын баруун хэсэгт байрлах америк эмнэлэгт 98 насандаа таалал төгсчээ. Түүний үхлийн шалтгааны талаар тодорхой мэдээлээгүй байна.

Театрын зураачаас карьераа эхлүүлсэн Кардин 1947 оноос Christian Dior-т ажиллаж, 1950 онд өөрийн загварын ордноо байгуулжээ. Тэрээр өнгө өнгийн оймс, цэцгэн хээтэй зангиа, The Beatles хамтлагийнхны өмсдөг товчтой нарийн өмд зэрэг 500 гаруй бүтээлээ патентжуулсан байна.

Зөвхөн эмэгтэй хувцас загвараас гадна Пьер Карден 1957 онд Adam нэртэй эрэгтэйчүүдэд зориулсан дэлгүүрээ нээжээ. “Юнисекс” буюу эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн өмсөж болох загварын чухал ойлголтыг Пьер Карден хувцас загварын ертөнцөд анх нэвтрүүлсэн аж.

Нийгэм дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх, үүрэг хувьсан өөрчлөгдөх болсонтой холбоотойгоор урган гарч ирсэн хэв маяг бол юнисекс бөгөөд жараад онд Карден юнисекс цуглуулгуудаа анх танилцуулжээ. Тэрээр "Гоо үзэсгэлэн ба араатан" киноны хувцас өмсгөлийг бүтээсэн аж.

Бүтээсэн хувцас загварууд нь Европ даяар алдаршиж, АНУ-ын зах зээлд хөл тавьж, Нью-Йоркт хүүхдийн брэндийн дэлгүүрээ нээсэн байна. Дараа нь Япон руу “нэвтэрч”, япон бүсгүйчүүд түүний хурц, тод өнгийг ихэд таашаажээ. Пьерийн хожмын бүтээлд япон соёлын нөлөө нэлээд давамгайлах болсон аж.

Карден 1970 онд Парис хотын төвд асар том байр түрээслэн авч, “Эспас Карден” театраа байгуулжээ. Тайзан дээр нь Майя Плисецкая, Марлен Дитрих, Марина Влади гээд алдартнууд тоглож байсан аж. Тэндээс Пьер насан туршийн сайн найз Майя Плисецкаягаа олжээ.

Пьер бүжигчин найзаа хамгийн сүүлийн хэв маяг бүхий тусгайлан урласан загварлаг хувцсаар гоёж, хамтдаа “Анна Каренина”, “Нохойтой хатагтай”, “Зөгнөл”, “Загвар ба бүжиг” жүжгүүдийг бүтээсэн байна. Орост очих бүртээ тэр Плисецкаятай заавал уулздаг байсан аж. Тэрээр 2008 онд ОХУ-ын Уран сайхны академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдөж, 2013 онд Найрамдлын одонгоор шагнуулжээ. Түүний амжилт, бүтээл энэ мэтчилэн олон шагнал дагуулсан байна. Тэрээр загварын ертөнцөөс Францын Дүрслэх урлагийн академийн гишүүнээр сонгогдсон анхны төлөөлөгч болжээ.

Загвар бол түүний цор ганц сонирхол биш байсан аж. Пьер Карден 1981 онд “Maxim” рестораны сүлжээг өөрийн эзэмшилд авчээ. Дараа нь сүрчиг гаргаж, автомашины дизайн хийж үзсэн байна. Түүгээр ч зогсохгүй оргилуун дарс гаргаж, хүүхдийн тоглоом бүтээж, зочид буудлын бизнест хөрөнгө оруулж, уран барилга сонирхон, “Хөөсөнцөр” нэртэй харшаа бариулж, сүүлийн 10 гаруй жил тэндээ амьдарчээ.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж