Теннеси мужийн долоон настай баатарлаг хүү шатаж буй байшингаас нялх охин дүүгээ аврахын тулд цонхоор үсрэн оржээ. Хүүг Эли Дэвидсон хэмээх бөгөөд гэр нь шатаж байгааг мэдээд зугтаж гарсан ч ой, арван сартай дүү Эрин нь унтлагын өрөөнд үлдсэн гэдгийг мэдээд эргэн орж, дүүгээ эсэн мэнд аварч чаджээ. Хүү, охин хоёр хэн нь ч ноцтой шархдаагүй хэмээн анхны тусламжийн ажилтнууд мэдэгдсэн гэнэ.
Хүүхдүүдийн ээж Никол Дэвидсон энэ сарын 9-нд өглөө эрт утааны үнэрээр сэржээ. Удалгүй тэрбээр гэр нь шатаж байгааг мэдэж, Никол болон түүний нөхөр Крис нар өмнө нь гал унтраах ангид ажиллаж байсан туршлагатай хүмүүс тул Эли болон хоёр настай хүү Элия нарыг гаргаж, аюулгүй газарт үлдээсэн байна. Учир нь тэр хоёрын өрөө гал гарч буй хэсэгтэй хамгийн ойрхон байсан гэнэ. Гэвч гал дэндүү хурдан газар авч байсан тул тэд бага охин Эринээ аварч чадахааргүй байсан ч зоригт хүү Эли гал руу үсрэн орж дүүгээ аварсан аж.
Болсон явдлын талаар Эли “Аав цонхыг хагалахад нь би “Ааваа би чадахгүй ээ” гэж хоёр ч удаа хэлсэн. Гэхдээ дүүгээ аврах хэрэгтэй байсан учир би зориг орж “За ааваа, би дүүгээ аваръя” гэж хэлээд байшин руу орсон. Би маш их айж байсан ч дүүгээ үхүүлэхийг хүсээгүй юм” хэмээн ярьсан байна.
Байшин, грашд байсан гурван машин бүхэлдээ шатаж дууссан ч зоригт хүүгийн ачаар гэр бүлийн бүх гишүүд эсэн мэнд үлдсэн байна. Тэд одоо байшингаа дахин барихаар ажиллаж байгаа бөгөөд тэдний гэр бүлд 6000 гаруй хүн нийт 330 мянга гаруй ам.долларын хандив өгчээ.
Эх сурвалж: UNILAD