Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.12.29/ мэдээлэл хийлээ.
38 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 36 НЬ БЗД-ИЙН ЭМНЭЛГИЙН ГОЛОМТООС ИЛРЭВ
Өчигдөр /2020.12.28/ нийт 14035 сорьцод шинжилгээ хийхэд 38 хүнд covid-19 илэрчээ. Шинэ тохиолдлуудын 36 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой. Үүнийг задалбал, сувилагч 2, үйлчлэгч 1, өвчтөн 6, сахиур 4, гэр бүлийн хавьталт 17, бусад 2 хавьтал тус тус батлагджээ. Нэг шинэ тохиолдол нь Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлаж, бусад хавьтлуудаас шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтнаас коронавирус илэрсэн.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Нэгдсэн эмнэлгийн голомтот ойрын хавьтал болсон 682 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс 15 хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн үг. Мөн сүүлийн гэр бүлийн хамааралтай сүүлийн 10 тохиолдлын ойрын хавьтал 124 хүнд шинжилгээ хийснээс 17 хүнд covid-19 илэрсэн. Нэгдсэн эмнэлгийн голомтот нийт хамааралтай 226 тохиолдол болсон. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 22, гэр бүлийн өвчтөн, сахиур 204 хүн байна.
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ COVID-19 ХАЛДВАРААР АВСАН
ХӨСҮТ-ийн мэдээлснээр Хавдар судлалын үндэсний төвд хавьтал болсон 126 хүнд давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс covid-19 илэрчээ. Энэ нь батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн 3 хүн, тухайн тасагт хамт ажилладаг 1 сувилагч халдвар авсан байна. Улаанбаатарт шинээр батлагдсан 38 тохиолдлоос 1 нь Цэргийн төв эмнэлгийн эмч, Франкфуртын онгоцоор ирсэн 1 хүний давтан шинжилгээний хариу тус тус эерэг гарчээ. Ингэснээр Улаанбаатар хотод covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 376 болж байна. Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
34 ХҮН ЭДГЭРЧ ЭМНЭЛГЭЭС ГАРСАН БОЛ 2 ХҮН МАШ ХҮНД БАЙНА
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1175. Үүнээс 702 нь дотоодод батлагдаад байна. Сүүлийн 24 цагт 34 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Нийт 745 хүн эдгээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудаас ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 420 хүн эмчлүүлж байна. Тэдний дунд биеийн байдал маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 77 хүн байгаа бол бусад нь эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн байгаа аж.
ЦААШИД НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ ТУЛ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХ НЬ ЧУХАЛ
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Улсын хэмжээнд 24 цагт шинээр батлагдсан 38 тохиолдлыг өнгөрсөн хоногтой харьцуулахад 22 тохиодлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Covid-19 халдварын тандалт судалгааны ажилд 2400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан өнгөрсөн хоногт ажилалаа. Тусгай дугаарын 7 утсанд 4333 хүн хандаж, covid-19 халдварын зөвлөмж авлаа.Бидний хажууд covid-19 халдвар авсан хүн байх өндөр магадлалтай. Баярын өдрийг гаднаас зочин урихгүй, олон хүнтэй газраар аль болох үйлчлүүлэхгүй байхыг анхааруулъя. Халдварын эрсдэлтэй үед хүн хоорондын зай барих нь маш чухал. Амны хаалт зүүхдээ гартаа хүргэж болохгүй. Дэлгүүр, худалдааны төвд заавал нимгэн бээлий өмсч, дархлаагаа дэмжсэн бүтээгдэхүүн хэрэглэж, хоолойгоо давс, содын уусмалаар зайлах хэрэгтэй. Манай улсад одоогоор вакцин хийж эхлээгүй байгаа тул энгийн аргаар халдвараас урьдчилан сэргийлэх нь чухал. Мөн буяны ажилд оролцсон хүмүүс халдвар авах, төрсөн өдрөө тэмдэглэж байгаад халдвар авсан тохиолдлууд бүртгэгдэж байгаа тул зовлон тохиосон ч гэр бүлийн хүрээнд өнгөрүүлэх хэрэгтэй байна. Дэлхийн улс орнуудтай адил манай улсад цаашид ч асуудал хүндэрнэ. Тиймээс сонор сэрэмжтэй байх нь маш чухал байна.
ЭНЭ САРЫН 20-24-НД АВТОБУСААР ЗОРЧСОН ИРГЭД ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтан, Тэнүүн Огоо компанийн автобусны жолоочоос covid-19 илэрсэн гэх мэдээлэл байна.Энэ баталгаатай юу?
–А.АМБАСЭЛМАА: Өчигдөр батлагдсан тохиолдлуудад автобус баазын жолоочоос халдвар илэрсэн.Хамгийн сүүлд энэ сарын 24-нд ажилдаа очсон, гэр бүлийн хавьтлаас халдвар авсан. Чингэлтэй-Зунжин чиглэлд үйлчилгээнд гардаг байсан тул ойрын хавьтлын 10 гаруй хүнийг тусгаарласан.Үүнтэй холбоотойгоор энэ сарын 20-24-нд тус автобусаар үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагатай. Мөн цагдаагийн ажилтны гэр бүлийнх нь хүн халдвартай байсан тул цагдаагийн ажилтнаас covid-19 илэрсэн. Энэ сарын 21-нд ойрын хавьтлаар тусгаарлагдсан.Тухайн өдөр хоёрдогч хавьтлаар цагдаагийн алба хаагчдаас шинжилгээ авсан, мөн хамт ажилладаг 14 хүнийг ойрын хавьтлаар тусгаарласан. Тус хэлтэст ажиллаж буй 74 хүнээс шинжилгээ авч байна.
-Одоогоор дөрвөн том эмнэлэгт халдвар гараад байна.Бусад өрх, дүүргийн эмнэлгүүдэд ч бас халдвар тархах өндөр эрсдэлтэй байна. Өрхийн эмнэлэгт халдвар гарсан гэдэг нь үнэн үү?
–Д.НАРАНГЭРЭЛ: Дөрвөн эмнэлэгт covid-19 халдварын голомттой байна. Улсын хэмжээнд 60 гаруй эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтан халдварт өртсөн.Одоогоор өрхийн эмнэлэгт халдвар гараагүй, хоёрдугаар хавьтал үйлчлүүлсэн.
-Тэнүүн-Огоо компанийн автобусны жолоочийн гэр бүлийн хүн халдвар авсныг мэдээллээ. Тухайн жолоочийн гэр бүлийн хүн хаанаас халдвар авсан бэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү. Мөн Хавдар судлалын эмнэлэгт цаашид халдвар нэмж илэрч болзошгүй гэх болгоомжлол байна?
-А.АМБАСЭЛМАА: Тэнүүн-Огоо компанийн жолоочийн гэр бүлээс халдвар гарсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сахиур хийж байсан хүн халдвар авч, үргэлжлүүлэн гэр бүлээс нь халдвар авсан. Жолоочтой нэг гэр бүл биш ч хамаатан нь тул гэрээр нь орж, гардаг байж. Жолоочийн ойрын хавьтал 13 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгаас 2 хүнээс covid-19 илэрсэн.Эдгээр 2 хүний нэгийнх нь гэр бүлийн хүнээс covid-19 илэрсэн. Мөн тус тасгийн сувилагч халдварт өртсөн. Хавдар судлалын үндэсний төвд ойрын хавьтал 124 хүнээс давтан шинжилгээ авсан.Ер нь баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн халдварын дэгдэлт маш өндөр байна. Ихэвчлэн нууц үеийн хугацаандаа, халдвар давтан шинжилгээгээр илэрч байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар тархсан тул дүүргийн хэмжээнд ч бас голомт байх магадлал өндөр болов уу. Үүнтэй холбоотойгоор дүүргийн хэмжээнд банк болон худалдааны төвүүдээр тандалт, судалгааг эхлүүлсэн. Энэ ажил хэр үр дүнтэй вэ?
–Д.НАРАНГЭРЭЛ: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын дэгдэлт идэвхтэй байна.Зарим тохиолдолд шинжилгээний хариу 12 хоногт ч илэрч байна.Цаашид эерэг гарах магадлал маш өндөр. Иргэдийн дунд эхний 2 удаагийн шинжилгээний хариу сөрөг гарч дараагийн давтан шинжилгээ эерэг гарах тохиолдол түгээмэл байна.Гэтэл нэг удаагийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн дунд айл хэсэг, шинжилгээний хариу сөрөг гарснаа тэмдэглэж архи уух тохиолдол их байна.Харин нэг удаагийн PCR шинжилгээ бол таныг covid-19 халдвараар өвдөөгүй гэх баталгаа огт биш. Шинжилгээ өгөөд гарч явахдаа ч халдварт өртөх эрсдэл маш өндөр
Б.ЦЭЦЭГ
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Monday, December 28, 2020
Холбоотой мэдээ