2020: Covid-19, Путин, Байден, хойшлогдсон олимп

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

2020: Covid-19, Путин, Байден, хойшлогдсон олимп

2020: Covid-19, Путин, Байден, хойшлогдсон олимп

NEWS агентлаг 2020 онд гадаадад өрнөсөн “Оны онцлох ТАВАН үйл явдал”-ыг нэрлэж байна.


ХҮН ТӨРӨЛХТӨНИЙГ СӨГДҮҮЛСЭН COVID-19

Шинэ онтой золгоход хоёрхон хоног үлджээ. Ердөө нэг жилийн өмнө цар тахалд нэрвэгдэнэ гэж таамаглаа ч үгүй дэлхийн хүн ам хөл хөдөлгөөнд орж, шинэ оноо угтахдаа бэлдэцгээж байв. Гэтэл үүнээс хэдхэн хоногийн дараа Хятад улсад үл мэдэгдэх халдварт өвчин гарсан тухай мэдээ гарч, өдгөө хүн төрөлхтөн нэг жилийг амьсгаа авах сөхөөгүй цар тахалтай тэмцэж өнгөрөөлөө. Одоогийн байдлаар 80 сая гаруй хүнд халдварлаж, 1.7 сая хүний амийг авч одоод буй covid-19 өвчин нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн бөгөөд анх Хятадын Ухань хотод дэлгэрсэн гэж үздэг. Анхны халдвар тээгч Ухань хотын оршин суугч бөгөөд тус хотод байрладаг далайн бүтээгдэхүүний захаас халдвар авсан гэж эрдэмтэд үзсэн. Сарьсан багваахай, могой зэрэг амьтдаас хүнд халдварласан байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч одоог хүртэл энэхүү өвчний үүсэл гаралыг хэн нэг нь тайлж мэдээгүй л байна.

Хятад улс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд ийм өвчин дэгдсэн тухай ДЭМБ-д мэдээлснээр дэлхий нийт энэхүү өвчнийг анхаарч эхэлсэн. Нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, дэлхийн өөр хэд хэдэн улс оронд өвчлөл бүртгэгдэж эхэлсэн тул ДЭМБ нэг сарын дараа хоёр дахь удаагаа яаралтай хуралдаж, уг өвчний тархалтыг тогтоон барихын тулд “Global Health Emergency of International concern” буюу дэлхий даяар онц байдал зарлах шийдвэрийг гаргасан юм. Эрсдлийн энэ түвшинг зарласан нь дэлхийн улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж, олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах нөхцөл байдал үүссэнийг дэлхий нийтэд мэдэгдсэн явдал байв. Улс орнууд ч дор бүрнээ арга хэмжээ авч, өөр хоорондоо хил гаалиа хааж эхэлсэн. АНУ-ын эрх баригчдын зүгээс энэхүү өвчнийг тийм ч ноцтойгоор хүлээн аваагүй ч халдварт өвчний талаар эрт мэдээлээгүй, нуун дарагдуулсан гэж Хятадыг буруутгаж байв. Үүнээс үүдэн барууны орнуудад Азиудыг, тэр дундаа Азиудыг буруутгах, ялгаварлах үзэл газар авч эхэлсэн юм. Ингээд гуравдугаар сараас байдал бүр хүндэрч, ДЭМБ энэхүү өвчнийг "цар тахал" хэмээн зарласан билээ.

Өдөрт л мянга мянгаараа халдвар авч, хэдэн зуугаараа тэнгэрт одож, дэлхий даяараа цочролд орж, амны хаалт, хамгаалах хэрэгслийн хүрэлцээ муудаж, үнэ нь ч тэнгэрт хадсан. Улсууд нэгнийхээ худалдан авч буй амны хаалт, хамгаалах хувцас хэрэгслийг замаас нь өндөр үнээр цохиж авах явдал ч гарч байв. Мөн хөл хорио тогтоосноор хүнсний нийлүүлэлт саарч, олон сая хүн ажлын байраа алдахад хүрсэн юм.

Өдрөөс өдөрт эрчээ авсаар байсан цар тахлыг дарах эм бэлдмэл, урьдчилан сэргийлэх вакцин гаргаж, хүн төрөлхтнийг аврагч “супер баатар” болж түүхэнд бичигдэхийн төлөөх өрсөлдөөн эхэлж, вакцин боловсруулах судалгааны ажилд улс орнууд маш их мөнгө хаяж эхэлсэн.Түүнчлэн нэг нэгнээсээ вакцины судалгааны мэдээллээ хав даран нууж, нэгнийгээ "хулгайд сэрдэх” болов. Халдвар анх Хятад улсад бүтгэгдэж, улмаар Япон, Солонгос зэрэг Азийн улсуудад эрчимтэй тархсан ч тэдгээр улсууд цар тахлыг газар авхуулалгүй, харьцангуй хохирол багатай тогтоон барьж чадсан. Харин цар тахлыг үл ойшоож, амны хаалт зүүх, зай барих зэрэг өөрийгөө хамгаалах дэглэмээс татгалзаж байсан Европ, барууны орнууд, Латин Америкийн улс орнууд өдгөө бүгд тахлын голомт болж, хамгийн их хохирол амсаад байна. Азийн улс орнууд илүү хариуцлагатай хандсан бол Барууны улсууд дэндүү хайнга хандсаныхаа шанг өдгөө хүртэж байна. Өнгөрсөн зунаас дэлхийн ихэнх улс орнууд хөл хорионы дэглэмээ сулруулж,  covid-19 цар тахалтай зэрэгцэн амьдрахыг илүүд үзээд байсан билээ. Вакцины сураг ч дуулдаж, хүмүүс ерөнхийдөө тайвширч эхэлсэн. Гэтэл энэхүү цар тахал хүмүүсийн санасан шиг зэрэгцээд амьдрахад дэндүү аюултайг хатуу хөл хорио тогтоогоогүй, хөл хориогоо сулрууулсан, цар тахлыг үл ойшоосон улсуудын жишээнээс бидэнд харуулж байна. Улс орнууд намраас эргээд л хөл хориогоо чангатгаж эхэлсэн. Covid-19 өвчин ч устаж алга болох нь бүү хэл улам хувьсан өөрчлөгдөж, илүү аюултай болж байна.

Цар тахлыг ялан дийлэхэд дэлхийн улс орнуудын нэгдмэл байдал юунаас илүү чухлыг бүгд ярьцгааж байгаа хэрнээ цаагуураа далд өрсөлдөөн өрнөсөөр байгаа юм.

Н.АМГАЛАНТУУЛ


АНУ АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВ

2020 онд болсон хамгийн онцлох үйл явдлуудын нэг бол дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 3-нд болсон юм. Олон арван улс орны гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалахын ирээдүй энэ улсын сонгуулийн үр дүнгээс шалтгаалах учир дэлхий нийтээрээ уг сонгуулийн үр дүнг чих тавин хүлээж байв. Энэ удаагийн сонгуульд эрх баригч Бүгд найрамдах намаас одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас тус улсын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байден нар өрсөлдсөн. Өмнөх жилүүдэд сонгуулийн үр дүн санал хураалт болсон өдрийн орой гэхэд тодорхой болдог  байсан ч энэ удаа санал тооллого нэлээд удааширсан. Учир нь covid-19 цар тахлын улмаас ихэнх мужууд урьдчилсан байдлаар шуудангаар иргэдийн саналыг авсан юм. АНУ-ын хүн амын бараг гуравны нэг нь буюу 100 орчим сая хүн урьдчилсан санал хураалтад оролцсон билээ.

Ингээд удаан хүлээлгэсний эцэст сонгуулийн үр дүн ерөнхийдөө тодорхой болж Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден илт илүүрхсэн юм. Нийт 538 төлөөлөгчийн саналаас дор хаяж 270 санал авсан нэр дэвшигч ялах ба Жо Байдены хувьд 306 санал авсан бол Дональд Трамп 232 санал авсан.

Шуудангаар санал хураахад анхнаасаа таагүй хандаж байсан Дональд Трамп өрсөлдөгч нь сонгуулийг луйвардлаа хэмээн мэдэгдээд, гол өрсөлдөөнт мужуудын шүүхэд гомдол гаргаж эхэлсэн. Гэхдээ тэр өөрийн гомдлоо нотлох баримт байгаагүй юм. Сонгууль болохоос өмнө болон дараа нь явуулсан үндэсний хэмжээний санал асуулгаар Жо Байден илүүрхэж байв. Сонгогчдыг арьс өнгө, яс үндсээр нь авч үзвэл цагаан арьстнуудын 56 хувь нь Трампыг, 42 хувь нь Байденийг дэмжсэн бол хар арьстнуудын 87 хувь нь Байденийг, 12 хувь нь Трампыг дэмжжээ.

Мөн Испани хэлтэнгүүд буюу Латин Америкчуудын 65 хувь нь Байденийг, 32 хувь нь Трампын төлөө саналаа өгсөн бол Ази гаралтай америчуудын 63 хувь нь Байденд, 31 хувь нь Трампад саналаа өгчээ. Насны хувьд ангилж үзвэл 18-29 насныхан буюу залуучуудын 61 хувь нь Байденийг дэмжиж, 35 хувь нь Трампын төлөө саналаа өгсөн байна. 30-44 насныхны хувьд 45 хувь нь Трампыг дэмжиж, 52 хувь нь Байденийг дэмжсэн байв.

Дональд Трамп сонгуульд ялагдахад хэд хэдэн гол хүчин зүйлс нөлөөлсөн. Тус улсад сүүлийн хагас жилийн дотор арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөн эрчимтэй өрнөж, дэлхий нийтийг хамарсан цар тахалд хэтэрхий хайнга хандсан, олон улсын хамтын нийгэмлэгүүдээс АНУ-ыг гаргаж, хэт үндсэрхэг үзлээр олон улсын асуудалд хандсан, хэт өөрийнхөөрөө дураараа аашилдаг байсан, арьс өнгө, хүйсээр ялгаварлах үзэл гаргаж байсан зэрэг нь ард түмний итгэлийг алдах шалтгаан болсон. Трампын засаг захиргаа цар тахлыг үл тоомсорлосноор тус улс өдгөө энэхүү аюулт өвчинд хамгийн их хохирол амсч, үүнээс үүдэн эдийн засгийн хувьд уналтад орж, ажилгүйдэл газар авч байна. Түүнчлэн Трамп дахин сонгогдвол тэрбээр дэлхийд “Америк нэгдүгээрт” хандлагыг үргэлжлүүлж, АНУ-ыг 2017 онд Транс Номхон Далайн түншлэлийн хэлэлцээрээс гаргасан шиг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нүүрээ буруулсан шиг тус улсыг цаашид дахин хэд хэдэн олон улсын байгууллагуудаас гаргана гэж сонгогчид дүгнэсэн. Ингэснээр АНУ-ын дэлхийд тэргүүлэгч статус үгүй болох эрсдэлтэй юм. Харин түүний өрсөлдөгч Байден олон улсад илүү нээлттэй бодлого баримталж, дэлхий нийтийн Америкт итгэх итгэлийг сэргээх бодлого баримтлахаа амласан билээ. Жо Байдены хувьд санал хураалтаас хэдхэн сарын өмнө өөрийн дэд Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн, тэр тусмаа өнгөт арьст эмэгтэйг сонгосон нь АНУ даяар арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөн өрнөсөн цаг үед “улс төрийн том оноо” болсон гэж хэлж болно.

2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль нь олон дээд амжилт тогтоосон сонгууль болсноороо мөн онцлог байв. Тухайлбал,

  • Сонгуулийн ирц сүүлийн 120 жилд байгаагүй өндөр байв. 160 сая гаруй сонгогч буюу хүн амын 67 хувь нь цар тахлыг үл ажран сонгуулиа өгсөн юм. Ингэхдээ гуравны хоёр нь шуудангаар саналаа өгсөн билээ.
  • Нэр дэвшигчдийн нас мөн л түүхэнд хамгийн өндрөөр тэмдэглэгдэн үлдсэн. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп 74 настай бол өдгөө 77 настай Жо Байден
  • тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай төрийн тэргүүн болж байна.
  • Дэд Ерөнхийлөгчөөр ажиллах Камала Харрис энэ өндөр албан тушаалыг хаших анхны эмэгтэй, тэр дундаа ийм өндөр албан тушаалд хүрсэн анхны өнгөт арьст эмэгтэй болсон.
  • Энэ удаагийн сонгуулийн зардал 13,9 тэрбум ам.доллар болсон нь 2016 оны сонгуулийн зардлыг даруй хоёр нугалсан гэсэн үг юм. Мөн энэ дүн нь Монгол Улсын 2019 оны ДНБ-тэй тэнцэж байна.

Н.АМГАЛАНТУУЛ


ПУТИНЫ ОРОС

Сталинаас хойш хамгийн удаан ОХУ-ын төрийн эрхийг барьж буй Ерөнхийлөгч бол Владимир Путин. Путин ОХУ-ыг удирдсаны 20 жилийн ой өнгөрсөн онд тохиосон юм. Путин хэрхэн улс орноо өөрчилж, дэлхийн хүчирхэг удирдагчдын нэг болсныг дипломатууд, улс төр судлаачид, сэтгүүлчид “Аугаа Орос орныг дахин сэргээхээр Путин хичээж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд ОХУ нь олон улсын эдийн засгийн хоригуудтай нүүр тулж, Сирийн дайнд оролцож, АНУ-ын эсрэг Хятадтай харилцаагаа бэхжүүлсэн” гэж тайлбарлажээ.

Өдгөө 67 настай Путины бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусах байв. Оросын Үндсэн хуулиар Путин дахин сонгогдох боломжгүй байсан ба үүнээс үүдэн 2020 оны эхэн үед  Кремльд улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал үүсчээ. Путины залгамжлагчийг тойрсон элдэв таамаг, улс төрийн шум газар авахтай зэрэгцэн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нэгдүгээр сарын 15-нд Засгийн газраа тараасан.

Засгийн газрыг огцруулсан нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой эхний алхам байв. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Думд өргөн барьж, хэлэлцүүлэн өнгөрсөн гуравдугаар сард  баталсан юм. Путины санаачилсан Үндсэн хуулийн 200 нэмэлт, өөрчлөлтийн дунд Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг тэглэх заалт багтжээ.

Энэхүү нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсноор Путин бүрэн эрхийн хугацаа нь 2024 онд дуусмагц дахин хоёр удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болсон. Парламентад хуулийн төслийг баталсны дараа Путин өнгөрсөн дөрөвдүгээр сард ард иргэдийн дунд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэх бүх нийтийн санал асуулгыг явуулах зарлиг гаргасан. Гэвч Covid-19 цар тахал гарснаас  бүх нийтийн санал асуулгыг зургадугаар сарын 25-аас долдугаар сарын 1-ний хооронд явуулж, оролцогчдын 78.03 хувь нь дэмжсэн юм. Путин өнгөрсөн онд Covid-19 цах тахалтай тэмцэх, эдийн засгаа хамгаалахын зэрэгцээ дотоодын хэд хэдэн зөрчилт үйл явдалтай нүүр тулсан. Тухайлбал, ОХУ-ын алс зүүн хязгаарын Хабаровск хотын захирагч асан Сергей Фургалыг захиалгат хүн амины хэрэгт буруутган баривчилснаас үүдэн өнгөрсөн долоо, наймдугаар сард олон хоног эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Сергей Фургал нь Хабаровск бүс нутгийн ард иргэдийн дунд нэр хүндтэй нэгэн боловч Кремлийг эсэргүүцсэн үзэл санаатай байсан нь баривчлагдах шалтгаан болсон гэж жагсагчид үзжээ. Улмаар эсэргүүцлийн жагсаалд 10-30 мянга гаруй хүн оролцсон.

Үүний зэрэгцээ Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг хордуулсан хэрэгт олон улс тэр дундаа Барууныхан Москваг оролцсон хэмээн хардан буруутгасан юм. Алексей Навальный өнгөрсөн наймдугаар сард мэдрэлд хүчтэй нөлөөлөх новичок төрлийн химийн бодисоор хордож, Берлины эмнэлэгт ухаангүй хүргэгдэж, бүтэн сарын хугацаанд эмчлүүлж эдгэсэн юм. АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон гэх хардлагаас үүдэн хоёр орны харилцаа муудсан. Улмаар Оросын худалдаачид Ливид тулалдаж, Афганистан дахь америк цэргүүдийг хөнөөлгөхөөр мөнгө амласан гэх хэргүүдэд Москваг буруутгасан юм. Дэлхий дахиныг хамарсан Covid-19 цар тахлын улмаас өдгөө ОХУ-д гурван сая гаруй хүн өвчилж, 55 мянга орчим хүн нас бараад байна. Тус улсад халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 1-нд бүртгэгдсэн. Харин Путин тус улсад бүтээсэн, цар тахлын эсрэг дэлхийн анхны “Спутник-V” вакцин бэлэн болж, албан ёсоор бүртгүүлснийг өнгөрсөн наймдугаар сард  зарласан юм. Цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар улиралд ОХУ-ын эдийн засаг -3.6 хувиар агшсан байна.

Б.АНХТУЯА


ЖОРЖ ФЛОЙДЫН ҮХЭЛ БА АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЗЭЛ

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотын дөрвөн цагдаа нэгэн хар арьст эрийг баривчилж байгаа бичлэг цахим орчинд тавигдаж, тэр дороо маш олон хүний анхаарлыг татсан билээ. Тус бичлэг дээр цагдаа нар хар арьст эрийг гавлахын тулд газар доош харуулан хэвтүүлж, хүзүүн дээр нь өвдөглөсөн, хар арьст эр “Би амьсгалж чадахгүй байна” хэмээн найман минутын турш удаа дараа тусламж гуйсаар ухаангүй болж байгаа нь харагдана. Бичлэг дээрх хар арьст эрийг Жорж Флойд хэмээх бөгөөд хүнсний дэлгүүрт хорин ам.долларын хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийснээсээ болоод баривчлагдсан нь тэр аж. Харамсалтай нь тэрээр эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгаа нь боогдож нас барсан юм.

Эл бичлэг цахим орчинд тармагц Миннеаполис хотод иргэд цар тахлын аюулыг үл хайхран цагдаа нарын яргаллын эсрэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсаал хийж, удалгүй эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн удалгүй АНУ-ын ихэнх хотууд төдийгүй олон улсад өрнөж, зарим газарт эмх замбараагүй байдал үүсэн, иргэний дайн дэгдэхийн ирмэг дээр очсон юм. Эмх замбараагүй байдлыг далимдуулан зарим хүмүүс дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудыг тонож, сүйтгэх хэрэг их гарч байсанд цагдаа нар арга буюу жагсагчдыг резинэн сум, нулимс асгаруулагчаар тараахыг оролдоцгоож байв. Миннеаполис хотын жагсагчид эрх баригчдаасаа цагдаа нарын санхүүжилтийг зогсоох, баривчилгаанд оролцсон дөрвөн цагдаад ял оноохыг шаардаж байсан ч санаснаар  нь болоогүй тул хотын цагдаагийн байрыг хүртэл шатааж байлаа.

Иргэдийн хүчтэй эсэргүүцлээс шалтгаалан эрх баригчид тодорхой шийдвэрүүдийг гаргаж, дөрвөн цагдааг ажлаас нь халж, хэрэг үүсгэхээр болсон ч цагдаагийн байгууллагын санхүүжилтийг зогсоохоос татгалзан юм. Мөн тэд иргэдийг эмх замбараагүй байдал үүсгэхээ болихыг уриалж, эс бөгөөс цэргийн хүчээр жагсаалыг дарахаа мэдэгдэж байсан юм. Түүнээс гадна зарим хотын иргэд болон цагдаа нар нийлж хар арьст иргэдээс өвдөг сөгдөн уучлал гуйсан үйл явдлууд ч хэд хэдэн удаа болсон билээ.

Олон улсад жагсагчид үзэл бодлоо олон янзаар илэрхийлж байсны нэг нь хөшөө буулгах явдал байв. Анх Их Британид жагсагчид боолын наймаачны хөшөөг буулган голд живүүлсэн бөгөөд түүнээс хойш олон хотод хар бараан түүхтэй холбоотой хөшөө дурсгалуудыг иргэд сүйтгэж, тэр ч байтугай зарим хүмүүс АНУ-ын төрийн дууллыг өөрчлөхийг хүртэл шаардсан билээ. Болсон явдлаас хоёр долоо хоног орчмын дараа буюу зургадугаар сарын 5-нд Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөсөн цагдаа Дерек Човиныг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг, хоёрдугаар зэргийн аллагад буруутгаж, хэрэг болох үед цуг байсан гурван цагдааг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт тусалсан, өөгшүүлсэн гэх хэргээр яллахаар болжээ. Дерек Флойдын хүзүүн дээр 8 минут, 46 секундийн турш, тэр дундаа Флойдыг ухаан алдсанаас хойш 2 минут, 53 секундын турш өвдөглөсөн гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болсон аж. Харин баривчилгааг хамт гүйцэтгэсэн Томас Лэйн, Ж.Александер Күэн болон ойрхон харж зогссон Тоу Тао нарыг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг, хоёрдугаар зэргийн аллагын хэрэгт тусалсан хэргээр буруутгаж ял оноохоор босон юм. Гэвч хожим дөрвөн цагдаа бүгд барьцааны мөнгө төлөн батлан даалтаар шоронгоос суллагдсан юм. Эсэргүүцлийн жагсаалууд АНУ даяар нийт хоёр тэрбум гаруй ам.долларын хохирол учруулсан хэмээн даатгалын компаниуд хожим мэдээлжээ.

Д.АМАРБАЯСГАЛАН


НЭГ ЖИЛ “ӨНЖСӨН” ТОКИОГИЙН ОЛИМП

Цэнхэр бөмбөрцөгийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг Токио-2020 зуны XXXII олимпийн наадам эхлэхээс 120 хоногийн өмнө Япон улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо болон Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах нар наадмыг нэг жилээр хойшлуулж байгаагаа 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдөр зарласан. Япон улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо тухайн үедээ улс оронд нь үүсээд байсан цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахт олимпийг хойшлуулах санал тавин улмаар хоёр тал харилцан зөвшилцсөний эцэст Токио-2020 олимпийг 2021 оны долдугаар сарын 23-ны эхлүүлэхээр тохирсон билээ. Цар тахлын аюул дэлхий нийтийг айдаст автуулсан үеэс эхлэн олимпийн наадмыг зохион байгуулах эсэх талаар янз бүрийн яриа гарч, олны дунд эргэлзээ төрүүлээд байсан юм. Гэтэл Канад улсын олимпийн хороо болон паралимпийн холбоо хамгийн түрүүнд мэдэгдэл гарган баг тамирчдаа Япон руу илгээхгүй гэдгээ албан ёсоор зарласан. Үүний дараа Австралийн олимпийн хороо шуурхай хуралдаж, баг тамирчдаа олимпод оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн бол АНУ-ын хөнгөн атлетик болон усан сэлэлтийн холбоод улсынхаа олимпийн хороонд шахалт үзүүлэх болсон. Мөн Норвеги, Бразил, Словени гэх зэрэг улс орнуудаас ОУОХ-нд хандаж, цар тахлын хүнд үед хүн төрөлхтөний их наадмыг хойшлуулах албан бус хүсэлтүүдийг тавиад байсан юм. Улс орнуудын эдгээр үйлдлүүд болон өдрөөс өдөрт хүндэрч байсан цар тахлын нөхцөл байдал олимпийн наадмыг хойшлуулахаас өөр аргагүйд хүргэв.

Үүний дараа Япон улсын Сангийн яамны дэд сайд Таро Асо нэгэн сонирхолтой зүйл ярьсан бөгөөд тэрбээр Токиогийн 2020 оны олимпийг “хараагдсан” гэж тодотгоод хараал биеллээ оллоо хэмээж байжээ. Түүхийг эргэн харвал, 1940 оны зун болон өвлийн олимпийн наадмууд Япон улсын Токио болон Саппоро хотуудад зохион байгуулагдах хуваарьтай байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас цуцлагдсан. Үүнээс яг 40 жилийн дараа буюу 1980 онд ЗХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан зуны XXII олимпийн наадамд АНУ, Япон, Канад, Баруун Герман тэргүүтэй улс орнууд ЗХУ-ыг Афганистан улсын дотоод хэрэгт хэт их оролцож, нутэг дэвсгэрт нь зэвсэгт хүчнээ байрлуулсныг буруутган олимпийн наадмыг бойкотлон оролцоогүй. Тэгвэл дахин 40 жилийн дараа covid-19 гэж нэрлэгдсэн цар тахал Япон улсад саад болж олимпийг хойшлуулав.

Дээрх үйл явдалтай холбогдуулан олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцох тамирчид болон эрхээ авсан тамирчдын тал дээр ОУОХ нилээд өргөн цар хүрээтэй арга хэмжээ авах хэрэгтэй болсон. Тус хорооны зүгээс олимпийг хойшлуулах шийдвэр гарахаас өмнө наадамд оролцох тамирчдын тоог ихэсгэх, эрхийг нь өсгөх тал дээр олон улсын спортын холбоодтой хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд байсан юм. Мөн коронавирусийн улмаас олимпийн эрх олгох тэмцээнд оролцож чадахгүй байгаа тамирчдад боломж олгохоо ч амалсан. Санхүүгийн хувьд олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажилд Япон улс нийтдээ 12 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Тус улсын Засгийн Газар дотоодын аж ахуй нэгж, компаниудаасаа 3 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг орж ирнэ, улсдаа 40 сая жуулчин хүлээн авна гэх мэт тооцоог гаргаад байсан юм. Гэвч тэдний тооцоо талаар болж, хойшлогдсон олимпийн төлөө нэмж 2.4 тэрбум ам.долларыг төсвөөсөө гаргах хэрэгтэй болов.

Гэхдээ олимпийн наадмыг тойрсон шуугиан үүгээр дуусаагүй.Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёоширо Мори нэг жилээр хойшилсон олимпийг 2021 онд цуцлагдах аюултай гэж ярьсан. Гэвч  Ёоширо Мори үгүйсгэсэн юм. Сүүлд гарсан мэдээллээр Япон улсын Засгийн Газрын зүгээс Токио-2020 олимпийн наадамд оролцох баг, тамирчдыг үнэ төлбөргүй вакцинд хамруулна гэдгээ мэдэгдээд байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж