Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод зохион байгуулагдсан "Golden Soccer Awards" арга хэмжээний үеэр зууны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон Кристиано Роналдо хүүгийнхээ талаар ярьжээ. Түүний хүү бага Кристиано Роналдо өдгөө Ювентус багийн хүүхдийн академид суралцаж байна.
Кристиано Роналдо “Заримдаа хүү минь кола, газтай ундаа ууж, чипс иддэг. Энэ нь намайг уурлуулдаг гэдгийг тэр мэднэ. Заримдаа би хүүгээ гүйлтийн зам дээр гүйсний дараа мөстэй усанд орж, өөрийгөө сэргээ гэхэд тэр ‘Аав аа энд хүйтэн байна гэдэг’. Гэхдээ энэ зүгээр ээ, тэр одоо 10 настай” хэмээжээ.
Харин тэрбээр хүүгээ өөр шиг нь шилдэг хөлбөмбөгчин болж чадах эсэх асуултанд “Хүү маань агуу хөлбөмбөгчин болох эсэхийг харж л байя. Түүнд нөөц бололцоо бий. Тэр хурдан, сайн хуурдаг ч хангалттай сайн болоогүй л байна. Мессигийн хүү ч Барселонагийн хүүхдийн академи Ла Масиад тоглож байгаа шүү дээ. Магадгүй энэ бүхний дараа бид дахин өөр Месси-Роналдо гэсэн өрсөлдөөнийг харж болох юм. Лионель Мессигийн хүү Тиаго Месси одоо 8 настай. Би хүүдээ үргэлж хандлага, хөдөлмөр хоёр хүнийг амжилтанд хүргэдэг гэж хэлдэг. Би түүнийг хөлбөмбөгчин бол гэж шахахгүй ээ. Хэрэв та надаас хүүгээ хөлбөмбөгчин болгохыг хүсдэг үү гэж асууж байгаа бол би тийм гэнэ. Хамгийн чухал нь хүү маань хөлбөмбөгчин ч болсон бай, эмч ч болсон бай хийж байгаа зүйлээ тултал хийх хэрэгтэй” хэмээн өнгөрөгч Ням гаригийн шагнал гардуулах арга хэмжээний дараа ярьжээ.
Ирэх оны хоёрдугаар сард 36 нас хүрэх Кристиано Роналдо энэ улиралд 14 тоглолтонд 16 гоол оруулаад байна.
Харин Лионель Месси саяхан ирээдүйнхээ талаар ярьжээ. Сүүлийн үед Английн Манчестер Сити болон Францын ПСЖ багуудтай нэр холбогдож буй тэрбээр “Би үргэлж Америкт амьдрах эсвэл тэнд хөлбөмбөг тоглох ямар байдаг вэ гэдгийг мэдрэхийг хүсдэг. Гэхдээ энэ бүхэн биелэх эсэхийг мэдэхгүй байна. Он дуустал надад төлөвлөсөн зүйл алга. Би улирлын төгсгөл хүртэл ажиглана. Одоо хамгийн чухал нь багтаа санаа тавин улирлыг дуусгах, цом өргөх талаар бодож, бусад зүйлд сатаарахгүй байхыг хичээж байна. Ирэх зургаан сарын хугацаанд юу болохыг харж л байя. Багаас явах эсэхээ хэлж мэдэхгүй байна. Хэрэв явбал хаашаа явахаа ч хэлж мэдэхгүй юм. Гэхдээ аль болох өөртөө зөв гэсэн сонголтыг хийх болно. Багаас явсан ч хэзээ нэгэн өдөр эргэн ирж, Барселона багт ажиллаж, хувь нэмрээ оруулахыг хүсэх болно. Барселона бол ямар ч хувь тоглогчоос илүү том, бүр надаас ч том баг. Шинээр сонгогдох багийн ерөнхийлөгч Барселонагийн төлөө зөв шийдвэрүүдийг гаргаж, эргэн цомд хөтөлнө гэдэгт итгэж байна” хэмээн Аргентины Ла Секста сонинд ярьжээ.