Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн талбайд өнөөдөр(2020.12.28) тун сонирхолтой тоглолтууд явагдаж, итгэмээргүй үр дүнгээр өндөрлөжээ.
- Лос Анжелес Клипперс 73 – 124 Даллас Маверикс
Багийнхаа гол тоглогч Кавай Леонардыг гэмтэлд алдсан Клипперс өнөөдөр талбай дээрээ “сүйрсэн” гэж хэлж болно. Тоглолтын эхний хагаст л гэхэд 50 оноогоор хожигдож, лигийн түүхэнд эхний хагаст хамгийн олон оноогоор хожигдсон тохиолдол болсон юм. Эсрэг Даллас Маверикс багаас нь Лука Дончич 24 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол багийнх нь есөн тоглогч тав болон түүнээс дээш оноо авчээ.
Тоглолтын дараа багаа ахлан талбайд гарсан Пол Жорж “Би хариуцлагыг бүрэн үүрнэ. Бид нар багаараа өчигдөр Зул сарын баяр тэмдэглэсэн. Хүн бүхэн өчигдөр баяраа хэтрүүлчихсэн юм шиг байна. Энэ нь л өнөөдрийн назгайрсан тоглолтын шалтгаан байх” хэмээжээ.
Харин NBA-ийн домог Мэжик Жонсон өөрийн твиттер хуудаснаа “Би өмнө нь NBA-д ийм зүйл харж байсангүй. Клипперс бүр талбай дээрээ тоглож байна шүү дээ” хэмээн жиргэжээ.
NBA-ийн ахмад тоглогч Кендрик Перкинс “Өнөөдрийн Клипперсийн тоглолтыг харахад Кавай Леонард энэ дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин юм байна. Түүний энэ багт үзүүлдэг нөлөөг нь хар л даа. Клипперс түүнгүйгээр эхний хагаст 50 оноогоор хожигдож байна. Бурхан минь гэж” жиргэв.
Америкийн спортын тайлбарлагч, мэргэжилтэн Скип Бэйлес “Кавай энэ багт хэр үнэ цэнэтэй вэ гэдэг нь харагдлаа. Түүнгүйгээр Клипперс алсын зайн 19 шидэлт гүйцэтгэхэд ердөө нэг нь амжилттай болж, Маверикст 50 оноогоор хожигдож байна. Гэхдээ энэ зүгээр ээ. Тэд сая Лэйкерсийг ялж, Наггетсийг хожсон шүү дээ” хэмээв.
Мөн дараах тоглолтууд сонирхолтой үр дүнгээр өндөрлөв.
- Шарлотт Хорнетс 106 – 104 Брүүклин Нетс
- Нью Йорк Никс 130 – 110 Милвауки Бакс
- Индиана Пэйсерс 108 – 107 Бостон Селтикс
- Кливленд Кавальерс 118 – 94 Филадельфиа 76ers
Холбоотой мэдээ