Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад 16 сая төгрөгийн урамшуулал олголоо

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад 16 сая төгрөгийн урамшуулал олголоо

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу гуравдахь  жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон зургаан алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Дашцэрэнгийн Оюунбат

            Дэд хурандаа Д.Оюунбат Онцгой байдлын байгууллагад 25 жил ажиллахдаа  6188 удаагийн гамшиг, осол аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 85, гал түймрийн утаажилтын бүсээс 307, аврах ажиллагаагаар 108 хүний амь нас, төр аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн 12,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.  Улаанбаатар хотод 2019 онд анх удаа зохион байгуулагдсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг мэргэжил арга зүйгээр хангаж, эрх зүйн томоохон баримт бичгүүдийн төслийг боловсруулан хэрэгжилтийг хангуулан ажилласан.Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн гэр хорооллын 220 мянга орчим айл өрхийг түлшээр хангах, сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, тээвэрлэлт, түгээлт, хүргэлт,  иргэдийг түлшний зөв хэрэглээнд сургах ажлыг хэрэгжүүлэн ажилласнаар агаарын бохирдол 54 хувиар, ахуйн хүрээний гал түймрийн гаралт 35 хувиар тус тус  буурсан үзүүлэлттэй байна. Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварын тархалтыг зогсооход мэргэжлийн байгууллагуудыг ажлын уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, Засгийн газар, Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын бодлого шийдвэрийг хариуцлагатай хэрэгжүүлэн, нийслэлийн төр захиргааны 12,550 ажилтан, албан хаагчийн хамгаалах хэрэгсэл, хоол, шатахуун, халдваргүйжүүлэлтийн бодис материал, нийгмийн халамжийн чиглэлээр иргэдэд дэмжлэг үзүүлэхэд зориулж нийт 2.6 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлэн ажиллаж байна.2020 онд Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах, коронавирусын халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комисс, Ажлын хэсэг, Шуурхай штабын хурлыг нийт 75 удаа хуралдуулж, нийслэлийн Засаг даргын 85 захирамж, Онцгой комиссын даргын 28 тушаал, 8 албан даалгавар, 57 хурлын тэмдэглэл,  75 хурлын протокол гаргаж холбогдох мэргэжлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хороодод хүргэж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын  аврагч, ахлах ахлагч Сосорбарамын Хүдэрчулуун

   Ахлах ахлагч С.Хүдэрчулуун нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 810 удаагийн гамшиг, ослын дуудлагаар 252 хүний амь насыг авран хамгаалж, 195 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 145 буцалтгүй нэрвэгдэгчийг ослын голомтоос гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 90 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт болсон үер усны дуудлагаар 12 хоног хамт олноо хошуучлан, эр зориг, авхаалж самбаа гарган 5 аж ахуйн нэгж байгууллага, үерт автагдсан айл өрх, хашаа хооронд тогтсон 230 тонн усыг зайлуулж, 36 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. “Богд хан” уулын Их тэнгэр, “Бага тэнгэрийн ам”, “Зайсан”-ийн ам,  Хараацай зуслангийн ам, Шарга морьт, Их бага баян, Хандгайт, Санзайн ам зэрэг газруудад гарсан ой, хээрийн түймрүүдэд 45 хоног ажиллаж 262 га бэлчээр, Завхан аймаг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хонин Нуга, Халуун рашаан, Майн сантын нуруу, Минжийн застав, Мөнгөн морьт, Асралт хайрхан, Хэнтий аймаг, Дорнод аймгийн Баянуул, Баян дун сумдад гарсан ой, хээрийн түймрүүдэд нийт 5 сар ажиллан ой мод, бэлчээрийг гал түймрийн аюулаас хамгаалсан. 2020 онд томилгоот ээлжинд 80 удаа гарч, 2056 цагийн үүрэг гүйцэтгэн 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар 65 иргэний амь насыг авран хамгаалж, 18 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дашийн Хасбазар

  Ахлах ахлагч Д.Хасбазар нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна.  Сүүлийн хоёр жилийн хугацаанд 320 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар 750 цагийн үүрэг гүйцэтгэн, 280 гаруй удаагийн гал түймрийн дуудлага дээр тархалт хийн тактикийн алдаа дутагдалгүй, гал түймрийн голомтод ажиллаж, 245 хүний амь насыг нь аварч, төр, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.  Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Бугант, Мандал сумдад болон Улаанбаатар хотын ногоо бүсэд гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилд идэвх санаачлагатай оролцож Хандгайтын ам, Гачууртын Өнхөрдөгийн ам, Богд Хан уулын Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн ам, Богины ам, Зүүн салааны Дөл амралтын газрын дээд ам, Төр хурхын ам, Жаргалантын даваа зэрэг газруудад гарсан ой, хээрийн түймэр дээр нийт 120 хоног ажиллан 10,6 мянган га ой, хээрийн газрыг гал түймрийн аюулаас авран хамгаалж ажилласан.Тэрбээр Гал унтраах техникийн олон төрөлт спортоор 9 жил хичээллэж улс, бүсийн тэмцээнүүдэд  тогтмол амжилттай оролцож 2017 онд спортын дэд мастер цол хүртсэн. 2020 онд томилгоот ээлжинд 90 удаа гарч 2160 цагийн үүрэг гүйцэтгэн, 245 иргэний амь насыг аварч, 6 иргэний цогцостой ажиллаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлах ахлагч  Пүрэвийн Энхзул

    Ахлах ахлагч П.Энхзул нь Онцгой байдлын байгууллагад 2011 оноос хойш 9 дэх жилдээ ажиллаж байна. Гал сөнөөгчөөр ажиллах хугацаандаа 110 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллан 170 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2014 онд гарсан “Гахайн үржил, амьсгалын зам хам шинж” өвчний хорио цээрийн бүсэд 14 хоногийн үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрээр галын техник спортоор хичээллэж 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль, 2018 онд “Байлдааны тархалт”-ын төрөлд 32,81 секундын амжилтаар алтан медаль хүртэж, спортын “Мастер” цол хүртсэн. 2020 онд 20 удаагийн дуудлагаар 109 иргэний амь насыг авран хамгаалж,  үер усанд осолдсон хоёр иргэний цогцсыг 25 метрийн гүнээс  гаргасан. Үерийн эрсдэлийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан  90 хоногийн үүргийг тасралтгүй амжилттай гүйцэтгэн, ард иргэдийн 380 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-тэсэлгээчин, нохой хөтлөгч, ахлах ахлагч Улаанхүүгийн Баатархүү

      Ахлах ахлагч У.Баатархүү нь Онцгой байдлын албанд 14 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа давхардсан тоогоор 1079 удаагийн томилгоот ээлжинд үүрэг гүйцэтгэн, гамшигт үзэгдлийн 169 удаагийн дуудлагаар ажиллан 2458 хүний амь нас, 3500 гаруй толгой малыг цасан болон шороон шуурганд уруудахаас хамгаалсан. Эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад анхаарч эрэлч нохой сургахад хэрэглэгддэг гүүр, дүүжин гүүр, мөлхдөг тор, харайлтын цагираг, сүлждэг туг, урт богино хөтөлгөө, чээжэвч, оосортой оосоргүй бөмбөг, опорт зэрэг багаж, төхөөрөмжийг хийж ашиглаж байна. 2020 онд 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 36 хүний амь насыг аварч, 150 сая төгрөгийн эд хөрөнгийгавран хамгаалж, 4 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хулд сумын “Ар цагаан” гэдэг газрын “Баян булаг” нөхөрлөлийн жоншны уурхайн 20 метрийн гүнд дарагдсан цогцсыг гаргаж, Сайнцагаан суманд алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэлч нохойн хамтаар гүйцэтгэж, 83 настай иргэний амь насыг нь авран хамгаалсан.

Завхан аймгийн Онцгой байдлын назрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч Галиндэвын Маналжав

  Дэслэгч Г.Маналжав нь Онцгой байдлын байгууллагад долоо дахь жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 2017 онд Отгонтэнгэр ууланд болсон ослын дуудлагаар   далайн түвшнөөс дээш 3200-3400 м өндөрт цасан нурангинд эрлийн ажиллагааг зохион байгуулж, осолдсон иргэдийн цогцсыг цасан нуранганаас гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 2019 онд “Ойгон нууранд” хорогдсон 143 үхрийн сэг зэмийг устгаж, төөрсөн, сураггүй болсон 12 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 иргэнийг эсэн мэнд олж, хөлдөж осгохоос урьдчилан сэргийлж ажилласан. 2020 онд нийт 21  удаагийн дуудлагаар 31 хүний амь насыг аварч, иргэдийн 120 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Өөрийн санаачлагаар аймгийн ойн сан бүхий Тосонцэнгэл, Их-Уул сумдад ой цэвэрлэж мод бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ЗиЛ-131, ГАЗ-66 маркийн автомашинуудад яндангийн оч баригч 30 ширхэгийг хийж БОАЖГ-т хүлээлгэн өгсөн. Мөн Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчидтай хамтран  мананцар үүсгэгч хошуугаар шүршин ариутгах зориулалттай ариутгагч төхөөрөмжийг зохион бүтээсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж