С.Эрдэнэ: АН хүчтэй сөрөг хүчний байр сууриар ажлаа эхлүүллээ  

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: АН хүчтэй сөрөг хүчний байр сууриар ажлаа эхлүүллээ  

С.Эрдэнэ: АН хүчтэй сөрөг хүчний байр сууриар ажлаа эхлүүллээ  

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр (2020.12.28) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Үндсэн дүрмийн дагуу ажилдаа орж байна. Ардчилсан намд Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо гэж эрх бүхий хоёр байгууллага байгаа. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрыг шинээр байгуулж, Н.Цэрэнбатыг даргаар томилсон.

Хуулийн этгээдийн бүртгэлийг хийдэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гарсан шийдвэрийг та бүхэнд өгсөн, шаардлагатай мэдээллийг авна биз.

Улсын дээд шүүх дээр асуудал гарсан. Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэдэг дүрэм журмын хүрээнд 2017 оны 01 тоот тогтоолоор албан ёсоор бүртгэлтэй  Ардчилсан намын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа.

Цахим мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулж, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн огт байхгүй албан тушаал дээр хүн бүртгэсэн асуудал дээр холбогдох газарт асуудлыг тавьсан, залруулга хийнэ гэсэн хариу өгсөн.

Улс төрийн намын тухай хуулиар эрх бүхий байгууллага нь шийдвэрээ гаргаад Улсын дээд шүүхэд асуудлаа хүргүүлдэг. Улсын дээд шүүх хуралдаанаараа аливаа улс төрийн хүчнээс ирүүлсэн хүсэлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн шийдвэр тогтоолтой нийцэж байвал тогтоол гаргаж, шаардлага хангасан улс төрийн нам, даргыг бүртгэлд оруулдаг. Энэ дагуу шийдвэр гаргана гэж найдаж байна.

Ардчилсан нам сөрөг хүчний  улс төрийн идэвхитэй байр сууринд шилжиж ажиллана. Дараагийн дүрмийн дагуу дараагийн намын даргыг сонгох  сунгаа, намын их хурлыг хуралдуулах, үндсэн дүрмийн гаргалгаа гарцыг судалж, санал боловсруулж оруулж ирэх үндсэн дүрмийн ажлын хэсэг байгуулж ажиллаж байна.  Ажлын хэсгийг дотоод сонгуулийн хорооны дарга Мөнхжаргал удирдаж ажиллана.

Үндсэн дүрмийн хугацаа бүгд хэтэрсэн. УИХ-ын сонгууль болсны дараа 30 хоногийн дотор Үндэсний бодлогын хороо,  90 хоногийн хугацаанд Ардчилсан намын их хурал хуралдах ёстой байсан. Энэ дүрмийн хугацаа хэтэрсэн учраас хуулийн хүрээнд, дүрмийн хүрээнд дараагийн намын даргын сунгаа, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ротаци  явуулах боломжийг судална, дараагийн их хурлыг зарлах ажлын хэсэг ажиллана” гэлээ.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ц.Туваан хууль ёсны дагуу Ардчилсан намын даргын үүргийг би гүйцэтгэж байгаа гэж мэдэгдээд байгаа. Гэтэл та "Би өнөөдрөөс Ардчилсан намын даргын ажилдаа орлоо" гэх?

-Монгол Улс хуультай улс. Хууль дээдлэх зарчмаар л ажиллана. Би өнөөдөр нэг зүйлийг хэлье.  Хууль ёсны эрх бүхий байгууллагаас олгогдсон тамга тэмдэг бүхий бүртгэл бүхий нам нь өнөөдөр энд ажиллаж байна. Улсын дээд шүүх дээр өнөөдөр Ардчилсан намын дарга нь С.Эрдэнэ гэж бүртгэсэн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан бүртгэл өнөөдөр хэвээр байгаа.

Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд хууль зөрчиж бүртгэл хийсэн этгээдэд хариуцлага тооцуулна. Улсын дээд шүүх  улс төрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа тухайн улс төрийн намын эрх бүхий байгууллагын шийдвэр, Улсын дээд шүүх хурлаа хийж, шийдвэрээр өөрчлөлт оруулдаг.

Манай намын дүрэмд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал байхгүй. Өөрийгөө эрхтэй гээд байгаа нөхөр дээр байгаа тамга хүчингүй болсон. Хүчин төгөлдөр тамга өнөөдөр албан ёсоор хэрэглэгдээд эхэлсэн.

Өнөөдөр банк санхүү, татвар, даатгал, шүүх, прокурор гээд бүх байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн, Ардчилсан нам хоёр хуваагдсан асуудал байхгүй. Нэг удирдлагататай нэг бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулна. Дотоод жижиг үл ойлголцол, зарим нэг этгээдийн дүрмийн бус үйл ажиллагаанаас болоод Ардчилсан нам хоёр хуваагдсан гэж ойлгож болохгүй.

-Та бүхний талцсан энэ байдал Ардчилсан намыг нийгэмд муухай харагдуулах боллоо. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахдаа гэрээнд заасан төлбөрөө шилжүүлээгүйгээс асуудал бас үүсч байна?

-Нэгдүгээрт, аливаа юман дээр гоё харагдах тухай асуудал байдаггүй. Би дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. Сонгуулийн дараа Ардчилсан намын шинэ даргыг сонгох сунгааг зарласан, наймдугаар сарын 23-нд намын их хурлыг зарлан хуралдуулахаар шийдвэр гаргаад дэд даргад эрхээ шилжүүлсэн. Харамсалтай нь, дүрэм зөрчигдөөд зургаан сар явлаа. Дүрмийн бүх хугацаа хэтрээд дууссан. Тийм учраас цаашдаа энэ намыг зөв зүйтэй явуулъя гэж бодож ажилдаа орлоо. Би өнөөдөр Ардчилсан намын дарга хэвээр байгаа, үүрэг хариуцлагаа хүлээгээд ажлаа үргэлжлүүлж байгаа. Эрх мэдэл албан тушаал хадгалах зорилго надад байхгүй. Энэ нам дүрэмтэй нам, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой.

Дүрмийн бус тоглолт явах тусам энэ нам муухай харагдана. Зургаан сар би дуугуй суусан, харсан, тэвчсэн. Аливаа юманд хэмжээ бий.

Олон телевизийн төлбөр тооцооны тухай ярьж байна. Би үүргээ шилжүүлэхдээ мөнгө төгрөгийг хамтад нь шилжүүлсэн.  Тийм учраас энэ асуудлыг зөв ойлгоорой.

-Зургаан сарын хугацаанд дүрэм зөрчигдлөө гэлээ. Та яагаад дуугүй байсан юм бэ. Сонгуулиар хэчнээн төгрөгийн зардал гаргасан юм бэ?

-Нэгдүгээрт, удаа дараа дүрэм зөрчигдөж байгааг анхааруулж ирсэн. Цахим хэлбэрээр, утсаар биечлэн анхааруулж байсан.

Тэр байтугай Ардчилсан нам X их хурал хуралдахад байр сууриа цахимаар илэрхийлж, дүрмийн бус хурал болж байна зогсоогооч гэсэн. Бүр аргаа бараад арванхоёрдугаар сарын 18-нд Ц.Туваанд олгосон байсан түр эрхийг цуцлаад Ардчилсан намын тамгыг 24 цагийн дотор ирүүлэхийг шаардсан албан тоот хүргүүлсэн. Муйхарлаад хариу ирүүлээгүй.

Арга буюу эрх бүхий байгууллагад хандахаас өөр гарц үлдээгүй, асуудлыг шийддэг хянадаг байгууллагад хандсан. Тэр дагуу асуудлыг шийдээд явж байна.

Энэ хугацаанд Үндэсний аудитын газарт орлого зарлагаа өгсөн. Манай тайланг хүлээж аваад зөрчилгүй гэдэг дүгнэлт гарсан. Харлуулах гэсэн гүтгэх гэсэн нотлох баримтгүйгээр ярьдаг болсон. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл байгаа бол нотлох баримтаар гаргаж ирэх ёстой.

-Таныг эрх үүргээ шилжүүлэнгүүтээ Ардчилсан намынхныг байрнаасаа хөөсөн гэсэн асуудал яригдсаар ирсэн. Үнэхээр ийм зүйл болсон юм уу?

-Ардчилсан намыг байргүй олгосон хүн би биш. Намайг ажил авахад намын хоёр байр худалдагдсан, өөрийн гэсэн байргүй байсан. Арга буюу энэ байрыг сонгож, зөвхөн урсгал зардлаараа байрлаж ажилласан. Дараагийн шинэ дарга сонгогдтол энд ажиллана.

Гэнэтхэн л пижигнээд явчихсан, гэтэл Ардчилсан намыг самарсан, Ардчилсан намын үйл хэргээс урвасан хүний байранд орчихсон байсан. Зөрчил алдааг залруулах зорилгоор үйл ажиллагаандаа эргэж орж байгаа юм.

-Сая болж өнгөрсөн их хурлаас Ардчилсан намын дүрмийг өөрилсөн. Түүнд гишүүдээр хэлэлцүүлээгүй заалт оруулсан гэдэг асуудал яригдаад байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн дүрмийг өөрчлөх шаардлага манай намд байхгүй. Шинэчлэлээ хэрэгжүүлж явах ёстой. Хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө Ардчилсан нам дүрмээ шинэчилсэн. Гурван жил шахам 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны гишүүдээрээ дүрмээ хэлэлцүүлсэн. Цөөн хэдэн хүний оролцоотой хуйвалдаан маягаар асуудлыг шийддэгийг зогсооё гээд нийт гишүүдийн оролцоо эрхийг хангаж асуудлыг шийддэг байя гээд түрүүчийн дүрэм батлагдаад өнөөдрийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нөхрийг  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн.

Бид  30-аад жил дотооддоо тэмцэлтэй, зөрчилдөөнтэй явж ирсэн. Үндэсний зөвлөлдөх хороон дээр фракц, бүлэглэлээрээ талцдаг, эрх мэдлээ булаалддаг байсан. Хэдхэн цөөн хүний хүрээнд асуудлыг шийддэгийг болъё гээд зорилгодоо хүрсэн. Гэтэл саяын дүрмийн өөрчлөлтөөр буцаад цөөн хүний хүрээнд асуудлыг шийддэг байдлаар дүрмийг өөрчилсөн.

Дээр нь Ардчилсан намын дүрэмд огт байхгүй заалт гэнэт оруулсан. Хэн нэгнийг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэн батлуулахаар оруулж ирсэн. Гишүүдийн оролцоо эрхийг хязгаарласан заалт оруулсан учраас зөвшөөрөөгүй юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоотой Ардчилсан намын дүрэмд огт байгаагүй заалт оруулсан гэдэг хардлага их яригдах болсон. Үнэхээр энэ хүн ийм заалтыг оруулсан бол хариуцлага тооцох уу?

-Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн манай намын хүн биш, нам бус болсон. Ямар нэг байдлаар энэ хүний асуудлыг намаас шийдвэрлэх, хариуцлага тооцох боломжгүй.

Хууль номынхоо хүрээнд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудал яригдах юм бол хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг асуудлыг ярина. Манай намын дүрмээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бүх гишүүдийн саналыг авч, сунгаагаар нэр дэвшинэ. Хэсэг бүлэг хүмүүсийн шийдчих асуудал биш.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар ирэх оны зургадугаар сард товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч дахин өрсөлдөх боломжгүй, боломжтой гэдэг маргаан гарах боллоо. Танай намынхан ямар байр суурьтай байгаа вэ, энэ асуудалд?

-Үндсэн хуульд орсон 32 дугаар заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаадаа зургаан жилийн хугацаатай томилогдоно гэж орсон. Тэр өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөөд явна.

Хуульчдын дунд маргаан байгаа. Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр шийднэ. Яагаад гэвэл Үндсэн хуульд орсон заалт учраас. Асуудал үүссэн тохиолдолд яригдана, Урьдчилж тэгнэ, ингэнэ гэж таамаг яримааргүй байна.

-Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялагдсан учраас С.Эрдэнэ дарга хариуцлагаа хүлээх ёстой гэж ярьж байна. Гэтэл та хууль ёсны дарга нь би гэх?

-Би хэлсэн, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, эрх үүргээ шилжүүлсэн байсан. Намын даргын сунгаа зарласан, намын их хурлыг наймдугаар сарын 23-нд хуралдуулахаар зарласан. Харамсалтай нь, эрх шилжигдэж очсон Ц.Туваан гэж нөхөр, түүний тэргүүлж байгаа хэсэг бүлэг этгээд дүрэм зөрчсөн. Үндэсний бодлогын хороо 30 хоногийн дотор хуралдах ёстой байсан, хуралдаагүй. Нэг хуралдсан ч ирц нь бүрдээгүй учраас хүчин төгөлдөр бус хуралдаан болсон. Намын их хурлыг 90 хоногийн дотор зарлах ёстой. Арваннэгдүгээр сарын 16-нд тов зарласан ч хуралдаагүй, арванхоёрдугаар сарын 18-нд дүрмийн бус хуралдаан хийсэн.

Тийм учраас дүрмийн хугацаа хэтэрсэн асуудлыг хэлэлцэж, дараагийн Үндэсний бодлогын хорооны хуралд оруулж, шийдвэр гаргуулна гэж бодож байна. Манай Ардчилсан намын үндсэн дүрмийн хорооны тайлбар нь үндсэн дүрмийн адил үйлчилнэ гэсэн дүрэмтэй.

Ардчилсан намын дүрэмд туссан заалтаар дарга нь бүх гишүүдээсээ сонгогдоно гэсэн байдаг. Тийм учраас хууль ёсоор гишүүдээсээ батлагдсан намын дарга нь хууль ёсны сонгогдсон даргад эрхээ шилжүүлснээр шинэ дарга ажлаа эхэлнэ гэсэн байдаг. Мөн Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны бүртгэлээр би хууль ёсны намын дарга учраас ажлаа үргэлжлүүлж байна.

           Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
89
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж