Италийн археологичид галт уулын үнс нурманд дарагдсан эртний Ромын Помпей хотын балгаснаас 2000 жилийн тэртээх гудамжны түргэн хоолны газрыг олжээ. Тус хотын балгасны “Regio V” хэсгээс орчин цагийн түргэн хоолны газартай төстэй хоолны лангуунуудыг илрүүлсэн ба эдгээр лангуунуудыг гоёмсог зургаар чимэглэжээ. Энэ нь олон жилийн турш маш сайн хадгалагдсан байна. Түүнчлэн лангуун дээр суурилуулсан тогоонуудаас тухайн үеийн хоол хүнсний үлдэгдэл илэрсэн нь эртний ромчуудын хоолны орц, найрлагыг судлах боломжийг олгож байна.
Эртний Ромын эзэнт гүрний үед цэцэглэн хөгжиж байсан, өнөөгийн Наполи хоттой ойролцоо байрлалтай Помпей хот нь МЭ 79 онд Везувий галт уулын дэлбэрэлтээр газрын хөрснөөс арчигдсан юм. Тус хотыг сүйрснээс хойш маш олон жил өнгөрөхөд балгас дээр нуур цөөрөм бий болж, мод цэцэгс ургасны дараа 16-р зуунд италийн уран барилгач санамсаргүй олж нээжээ. Гэвч удалгүй эртний хотоос алт, эрдэнэс ухаж гаргаж байгаа мэдээг дуулсан хүмүүс Неополь хотын ойролцоох газруудыг хайр найргүй ухснаар чухал түүхийн олдворуудыг ихээр сүйтгэсэн байдаг байна. Гэсэн ч түүхт Помпей хотын тууриас хүн төрөлхтний урлаг, шинжлэх ухааны сор болсон сонирхолтой бүтээлүүд илэрсээр байгаа. Галт уулын дэлбэрэлтийн үеэр Помпейн 2,000 орчим оршин суугч амиа алдсанаас 1,500 орчмынх нь цогцсыг илрүүлсэн гэдэг.
Эх сурвалж: CNN