ЭМЯ: БЗД-т 10, Цэргийн төв эмнэлэгт 6 тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: БЗД-т 10, Цэргийн төв эмнэлэгт 6 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, December 27, 2020

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.28) мэдээллээ хийлээ.


Өчигдөр (2020.12.27)  8894  нийт хүнд шинжилгээ хийхэд  16 хүнээс Сovid-19 илэрлээ. Үүний 10 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол зургаа нь  Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан эмч, сувилагч нар халдвар авсан гэж  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Тэрбээр “Шинээр илэрсэн 16 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Үүнээс 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдвартай холбоотой байна. Тэдний хоёр нь өвчтөн бол найм нь гэр бүлийн гишүүд юм.  Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч нар байна. Эдгээр хүмүүс ажиглалт, тусгаарлалтын 14 хоногийн хугацааныхаа долоо дахь хоногтоо халдварт өртсөн" гэв.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын тоо 194 боллоо. Үүнээс,

  • Эрүүл мэндийн ажилтан 19 байгаагаас их эмч зургаа, сувилагч найм, үйлчлэгч гурав, эмзүйч нэг, жолооч нэг,
  • Гэр бүлийн гишүүн 59,
  • өвчтөн 86,
  • сахиур 24, хавьтлаас зургаан хүн

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1137 болсон бол үүнээс 711 хүн эдгэрсэн. Эмчлэгдэж байгаа 416 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд найм, хүндэвтэр 56, хөнгөн 350 эмчлэгдэж байна.

Нийт халдварын тархалт:

  • Улаанбаатарт-340
  • Сэлэнгэ-217
  • Орхон-25
  • Архангай-гурав
  • Говьсүмбэр-дөрөв
  • Дорноговь 32
  • Дархан-Уул-45

Эмчлэгдэж байгаа 416 хүн байна. ХӨСҮТ-д 18 хүн байгаагаас хүнд нэг хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 217 хүнд эмчлэгдэж байгаагаас маш хүнд хоёр хүн, хүнд долоо хүн, Сэлэнгэ аймагт 21 хүн бүгд хөнгөн байна. Яармагийн 300 ортой эмнэлэгт 160 хүн эмчлэгдэж байна.  Сүүлийн тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбоотойгоор ойрын хавьтал 82 хүнийг олж, өчигдөр шинжилгээ авсан. Энэ 82 хүнээс найман тохиолдол батлагдсан.

ХӨСҮТ-ийн ойрын хавьтал болох 130 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан. Эхний шинжилгээгээр Covid-19 илрээгүй байна. Хоёр дахь давтан шинжилгээг өнөөдрөөс авч байна.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн бусад оронд  эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөх эрсдэл нь 11-31 хувь байна. Манай улсын хувьд  эмч, эмнэлгийн ажилтны 4.7 хувь нь халдварт өртсөн. Эмч нарынхаа сэтгэл санааг дэмжих тал дээр ард түмэн маань нэгдсэн дуу хоолойтой байгаасай гэж хүсч байна.

Цар тахлын үед халдварын эх уурхай нь тодорхой бус өвчлөлүүд алаг цоог байдлаар гардаг учраас хүн бүр халдвар, хамгааллыг сайтар сахих ёстой. Баянзүрх дүүргийн эмнэлгээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд зайлгүй хамрагдах шаардлагатай. Эрсдэлд өртсөн л бол халдвар авах эрсдэл нь мөн өндөр.

-ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийн 218 улс орон, бүс нутагт 80 сая хүн Covid-19 халдвараар өвчилсөн. Хөрш ОХУ, Тува, Буриад, Алтайн бүгд найрамдах улсад хоногт 70-200 хүн өвчилж, хил залгаа бүс нутагт өвчлөл их байна. Бээжинд дахин шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 24 цагт 93 хүн халдвар авч, нийт тохиодол 96 мянгад хүрлээ. Олон нийтийн арга хэмжээг хорьж эхэлсэн.

Их Британиас эхэлсэн Covid-19-ийн  халдварын мутацид орсон шинэ хувилбар Дани, Итали, Норвеги зэрэг Европын орнуудаас гадна Азийн зарим оронд энэхүү халдвар бүртгэгдэж байна. Мутацид орсон вирус хэд хэдэн онцлогтойг судлаачид хэлж байгаа. Уг вирусийн халдварлуулах чадвар 75 хувь өндөр учраас цаашид халдвар өсөх магадлалтай гэж үзэж байна. Шинэ вирусийн халдвараар хүүхэд, залуучууд өвчлөх нь бага байсан бол мутацид орсон шинэ хувилбар өндөр настан, хүүхдэд илүү аюултай мөн 50-60 хувь нь шинж тэмдэггүй байх, энэ хугацаандаа халдвар тараах, эхний 2-3 хоногт шинжилгээгээр илрэхгүй байх магадлал их байна. Ахмад, архаг хууч өвчтэй, жирэмсэн эхчүүдэд хүндээр тусах эрсдөл өндөр байгаа учраас энэ бүлгийн хүмүүс халдвар хамгааллаа сайтар сахиж, гэртээ байх шаардлагатай. Гадуур гарах үед амны хаалтаа зөв зүүж, айл хэсэхгүй, гэртээ зочин урихгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

-ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-ХӨСҮТ-д биеийн байдал нь маш хүнд нэг хүний биеийн байдал сайжирч,  хүнд ангилал руу шилжсэн. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд байсан гурван хүний нэгийнх нь биеийн байдал дээрдэж, хүнд рүү шилжсэн байна. Маш хүнд хоёр хүний нэг нь 81 настай эрэгтэй хүн, зүрхний шигдээстэй, тархины цус харвалттай, Covid-19 шинжилгээний хариу сөрөг гарсан, халдвар эмчлэгдсэнийг илтгэх эсрэг бие үүссэн. Тухайн өвчтөний эмчилгээн дээр УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нар хамтран ажиллаж байна. Биеийн байдал нь тогтвортой болохоор холбогдох эрүүл мэндийн байгууллага руу нь шилжүүлнэ.

Дараагийн маш хүнд байгаа өвчтөн бол 73 настай эмэгтэй. Тухайн өвчтөний хувьд арванхоёрдугаар сарын 23-ны шөнө БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс шилжиж очсон. Онош нь сүрьеэгээр өвчилж байсан үлдэцтэй, артерийн даралт ихсэлт,  цус багадалтын маш хүнд хэлбэртэй, уушгиндаа хатгалгаатай хүн эмчлэгдэж байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт байгаа дөрвөн хүүхэд, хоёр насанд хүрэгчдийн биеийн байдал тогтвортой байгаа.

ХӨСҮТ-д нас барсан тохиолдлыг өчигдөр хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Тухайн хүний хувьд 60 настай эмэгтэй. Арванхоёрдугаар сарын 19-нд эмнэлэгт унтаа байдалтай, хар хүрэн өнгөтэй бөөлжиж, эмчийн өгсөн командыг ойлгож байгаа мэт боловч хариу үйлдэл үзүүлж чадахгүй биеийн байдал нь маш хүнд байсан. Ингээд дөрвөн цаг гаруй эмчилгээ хийлгэсэн байна. Эмчилгээ хийлгэх үед амьсгалын замын өвчний зовуурь хэлээгүй. 2018 онд элэгний зүүн дэлбэнгийн хавдартай гэж оношлогдсон хүн байсан. Элэгний хорт хавдрын хожуу шатанд, хавдрын хордлоготой эмнэлэгт ирээд сэхээн амьдруулах тусламж авч байгаад нас барсан. Тухайн үед өвчтөнөөс хамар залгиурын шинжилгээ авах боломжгүй байсан. Ингээд арванхоёрдугаар сарын 25-ны өглөө 07:00 цагт ар гэрийнхэн нь шарилыг авсан.

ХӨСҮТ дотор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. 114 өвчтөн, 44 сахиур эмнэлэгт байна. Гадна талдаа ХӨСҮТ-ийн тусламж үйлчилгээг улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, БГД-ийн Эрүүл мэндийн төв, Амгалан амаржих газар руу  тус тус шилжүүлэн хийж байгаа. Аймаг, дүүргийн эмнэлгүүд хими эмчилгээг хийж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-ийн гадна байгаа эмч нар очих, цахимаар зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хийж байна.

Цэргийн төв эмнэлгийн хувьд халдварын батлагдсан тохиолдлуудын 70 орчим хувийг хүлээн авч, эмчлэн өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Голомтод ажиллаж байгаа эмч нартаа талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж