Хятадад сүүлийн үед хүүхэд ноцтой гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарч байгаагаас шалтгаалан хүн амины болон бусад хүнд гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх насны доод хязгаарыг 14 байснаас 12 болгон бууруулжээ.
Ингэснээр цаашид аллага, халдлага үйлдэж бусдын амь нас болон эрүүл мэндэд нөхөж баршгүй том хохирол учруулсан 12-оос дээш насны хүүхэд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхээр болж байгаа юм. Үүнээс өмнө тэд эрүүгийн хуулинд заасан шийтгэл амсалгүйгээр засан хүмүүжүүлэх төвд очдог байжээ.
Хятадад эрүүгийн хариуцлага хүлээх насны доод хязгаар 16 хэдий ч олон улсад аллага, халдлага, хүчин, дээрэм тэргүүтэй ноцтой гэмт хэрэг үйлдсэн бол 14-өөс дээш насны хүүхдэд мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байсан билээ.
Хүнд гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны доод хязгаарыг буулгах тухай асуудал өнгөрсөн жил 13 настай хүү 10 настай охины аминд хүрсэн хэргээс хойш эрчимтэй яригдсан юм.
10 настай охиныг хуурч гэртээ аваачин аминд нь хүрснийхээ төлөө хүү гурван жил засан хүмүүжүүлэх төвд явах шийтгэл амссан нь ард иргэдийн эсэргүүцлийг асар ихээр дагуулсан байна. Түүнээс өмнө 14-өөс бага насны зургаан хүүхэд 13 настай хүүг бүлэглэн зодож, амийг нь бүрэлгэсэн хэрэг Шаанси мужид гарсан гэнэ. Харин хэрэгтнүүдийн нэгийг асран хамгаалагчийн онцгой хяналтад шилжүүлж, үлдсэн тавыг нь баривчилсан аж.
Өмнө нь прокурорууд эрүүгийн хариуцлага хүлээх насны доод хязгаарыг дээшлүүлэхээр ярилцаж байв. Гэтэл өнгөрсөн жил бага насны хүүхдүүдийн гэмт хэргийн тоо таван хувиар өсч, гэмт хэргийн ихэнхийг дээрэм, тонуул, бусдын биед гэмтэл учруулах, садар самуун, эмх замбараагүй байдал үүсгэх, хүчин зэрэг гэмт хэргүүд эзэлж байгаа юм.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ