Монголд онлайн худалдаа "аз сорьсон" үйлдэл хэвээр байна | News.MN

Монголд онлайн худалдаа "аз сорьсон" үйлдэл хэвээр байна

COVID-19

Монголд онлайн худалдаа "аз сорьсон" үйлдэл хэвээр байна

Монголд онлайн худалдаа "аз сорьсон" үйлдэл хэвээр байна

Дэлхийд 2020 оны аравдугаар сарын байдлаар 4.6 тэрбум хүн интернэт идэвхтэй хэрэглэж байна гэсэн судалгааны дүнг Statista.com мэдээлжээ. Энэ нь дэлхийн хүн амын 59 хувийг хамарсан үзүүлэлт аж. Гар утасны интернэт хэрэглэгчид нийт интернэт хэрэглэгчдийн 91 хувийг эзэлж буй тул гар утас нь дэлхий даяар интернетэд холбогдох хамгийн чухал хэрэгсэл болжээ.

Монгол Улсын нийт хүн амын 2.6 сая нь интернэтэд холбогддог, хоёр сая нь ухаалаг утас, 1.3 сая нь фэйсбүүк, твиттер тогтмол ашигладаг (Харилцаа холбооны зохицуулах хороо) гэсэн тооцоо бий. Covid-19 цар тахлын энэ үед интернэт буюу цахим худалдан авалт хурдтай өсөн нэмэгдэж буй юм. Гэвч дотоодын цахим худалдаа хөгжихгүй байгаа нь худалдан авагч, худалдагч хоёрын хооронд итгэлцэл байхгүйгээс багагүй саад бэрхшээлүүд тулгарч буй нь нөлөөлж байгаа ажээ.

Мөн бүтээгдэхүүнийг үр дүнтэй хүргэх ложистикийн дэд бүтэц дутагдалтай, бүтээгдэхүүн олоход монгол хэл дээр ажилладаг хайлтын систем муу, хүргэлт, төлбөр, төлбөрт нөлөөлж буй засгийн газрын зохицуулалт, зөрчил, ойлгомжгүй байдаг зэрэг нөлөөлж буй юм байна.

Хоёр сая орчим монголчууд дотооддоо суурилсан худалдааны платформууд (үүнээс одоогоор арваад байгаа) болон Amazon, Alibaba зэрэг гадаадын цахим худалдааны цэгүүдээр дамжуулан онлайнаар тогтмол худалдаа хийдэг. Үүний зэрэгцээ фэйсбүүк нь өдөр бүр 50 мянга гаруй гүйлгээ хийдэг цахим худалдааны хамгийн алдартай орон нутгийн платформуудын нэг болжээ. Монголын фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгчдийн 70 хувийг 18-35 насныхан бүрдүүлдэг (Харилцаа холбооны зохицуулах хороо) байна.

Монголын нийт хэрэглэгчдийн 25 хувь нь онлайнаар худалдаа эрхэлдэг гэсэн тооцоо гарчээ. Эдгээр борлуулалтаас олох нийт орлогыг хараахан тооцоолж чадахгүй байгаа боловч тэдний 70 хувь нь онлайн банкны програм ашигладаг бол үлдсэн хэсэг нь дебит, эсвэл зээлийн карт ашигладаг аж.

Цахим худалдаа гэдэг нь интернэтийн сүлжээнд байрлах өөрийн хаяг бүхий интернэт дэлгүүрээр дамжуулан бараагаа зарах, бусад үйлчилгээ үзүүлэх ба худалдан авалт хийж байгаа хүн төлбөрийн картаараа тухайн барааны төлбөрийг гүйцэтгэн бараа, үйлчилгээ авах процесс юм.

Монголчууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформыг худалдан авалт хийхдээ ашигладаг. Монголын фэйсбүүк хэрэглэгчдийн 65 орчим хувь нь дор хаяж нэг фэйсбүүк дэлгүүрийн хуудастай холбогдсон байдаг аж.

ИРГЭДИЙГ ЦАХИМ ХУДАЛДААГААР ХОХИРООВОЛ "ЗАЛИЛАН"-ГААР ШИЙТГЭНЭ 

Сүүлийн үед цахимаар бараа бүтээгдэхүүн захиалан худалдаж авсан иргэдээс нэг бус удаа цахим худалдааны хохирогч болсон тухай гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өгчээ. Тухайлбал, иргэн О.Гэрэл цахим худалдаа эрхэлдэг, фэйсбүүкийн нэгэн хаягаар холбогдон, цамцны захиалга өгөөд хохирсон байна.

Захиалга авдаг групп хаягууд ихэвчлэн бараа бүтээгдэхүүнийг урьдчилгаа 30-50 хувиа төлсөн тохиолдолд, 7-14 хоногийн хугацаанд нийлүүлэх нь түгээмэл. Иргэн О.Гэрэлийн захиалга 10 хоногийн дотор ирсэн ч өнгө, зураг нь бүдэгхэн, чанарын шаардлага хангаагүй аж. Зураг дээрх шигээ бараа нийлүүлэхийг шаардаад, тус группийн админ гэх хүнд хэл амаараа доромжлуулаад л өнгөрчээ.

Иргэн М.Сайхан найз бүсгүйчүүдийн хамт гоо сайхны бараа захиалж, багагүй мөнгө урьдчилгаанд төлсөн байна. Харамсалтай нь, захиалга авсан фэйсбүүк хаягтай хэрэглэгч ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсон тул цагдаагийн байгууллагад хандахад хүрчээ. Энэ бол Монголд цахим худалдаанд оролцоод хохирсон иргэдийн ганц, хоёрхон жишээ. Үүний цаана хичнээн хүн хэрхэн хохирч байгааг тогтоох боломж хараахан байхгүй байна. Зарим нь урьдчилгаанд төлсөн "бага" мөнгөө нэхэмжлэх хэцүү, байх хэцүү байдалд ордог аж. Тиймээс манай улсад цахим худалдаа "аз сорьсон" худалдаа байсаар байгаа юм.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс энэ төрлийн хэрэг зөрчил хэр их бүртгэгдэж байгаа талаар тодруулахад, “Дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд энэ төрлийн хэрэг зөрчил бүртгэгддэг. Ийм төрлийн хэрэг зөрчилд “залилан мэхлэх” гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгадаг” хэмээн хариулсан юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өнөөдрийн байдлаар цахим худалдааны хохирогч болсон, өөрөөр хэлбэл бараа буцаалттай холбоотойгоор цөөхөн иргэн ханджээ. Тус газарт хохирогчдыг хамгаалах чиглэлээр боловсруулан гаргасан тодорхой журам байдаггүй бөгөөд цахим худалдааны золиос болохгүй байх талаар сэрэмжлүүлэг, анхааруулга иргэддээ хүргэн ажилладаг байна.

ЗАРИМ ECOMMERCE ПЛАТФОРМУУД ХУЛГАЙН БАРАА ЗАРЖ БОРЛУУЛДАГ

Манайхан Азийн орнуудаас ихэвчлэн Хятадын бараа, бүтээгдэхүүнүүдийг цахимаар захиалан авдаг. Урд хөршид цахим худалдааны хөгжил 1990 оноос эхлэлтэй аж. Мэдээлэлд суурилсан үндэсний эдийн засгийг бий болгох зорилгоор БНХАУ-ын засгийн газраас “Three Golden Projects” төслүүдийг 1993 оноос санаачлан, хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл 1993-1997 оны хооронд Хятадын цахим худалдааны суурь тавигдсан байна. Үүнд:

Нэгд, Golden Bridge төсөл. Улс орныг бүхэлд нь хамарсан олон нийтийн худалдааны интернэт үйлчилгээг бий болгоход төвлөрчээ.

Хоёрт, Golden Card төсөл: Үндэсний кредит картын сүлжээг бий болгох, валютыг тоон системд шилжүүлэх зорилготой аж.

Гуравт, Golden Gate төсөл: Цаасгүй худалдааг хөгжүүлэх, үндэсний EDI системээр custom point-ийг холбоход чиглэжээ.

Тус улсын цахим худалдааны төлбөр тооцоонд Alipay, UnionPay, Tencent Finance /Wechat Pay/ зэрэг төлбөр тооцооны арга хэрэгслийг түгээмэл ашигладаг.

БНХАУ-ын хууль тогтоох институт 2004 онд Цахим гарын үсгийн тухай хуулийг баталж, 2005 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэ нь Хятад улсын цахим худалдааны эрх зүйн орчны анхны хууль болжээ. Хятад улсын Цахим худалдааны холбоо /CECA/-ноос цахим арилжаа гүйлгээний платформын үйлчилгээнд тавигдах стандарт “OTPS”-ийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Цахим худалдааны тухай хуулийг 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын 13 дахь удаагийн Ардын Их Хурлаар баталсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болжээ. Уг хууль нь хэрэглэгчдийн эрх ашиг, хувь хүний мэдээлэл, оюуны өмчийг хамгаалахад чиглэгдсэн байна.

Дэлхийн цахим худалдааны зах зээлийн 60 орчим хувийг Хятад улс эзэлдэг байсан бол цар тахлын улмаас 80 гаруй хувьд болж өсчээ.

Монгол Улсын хувьд цахим худалдаа нь шинэ худалдааны хэлбэр бөгөөд одоогоор энэхүү ойлголтыг тодорхойлоогүй, уг харилцааг тусгайлан зохицуулах хууль тогтоомжгүй төдийгүй аль байгууллага хариуцахыг зохицуулаагүй хэвээр байна.

Цахим худалдааны талаар хууль, эрх зүйн орчин бүрдээгүй хэдий ч суурь зохицуулалтын нэг болох Цахим гарын үсгийн тухай хуулийг 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр батлан гаргаж, 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Энэ хуулиар цахим худалдаатай холбоотой гэрээ, хэлцэл байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, тоон гарын үсгээр баталгаажуулах зэрэг асуудлыг Иргэний хуульд зааснаар зохицуулах заалттай. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 40-р тогтоолоор батлагдсан “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” батлагдсаны дагуу вэб сайтыг хоёр жилийн хугацаатай бүртгэлжүүлдэг боловч үйл ажиллагааны төрлөөр нь ангилдаггүй байна.

“Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)”, “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого (2017-2025)”-ын баримт бичгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цахим худалдааны логистикийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын болон олон улсын өнөөгийн нөхцөл
байдал, цаашдын чиг хандлага зэргийг харьцуулсан судалгааны ажлыг 2018 онд боловсруулсан байдаг аж.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зарим eCommerce платформууд, ялангуяа Хятадад байрладаг байгууллагууд оюуны өмчийн эрхийн хууль тогтоомж, олон улсын гэрээ зөрчсөн хулгайн бараа зарж борлуулдгийг мэддэг. Гэвч Монгол дахь цахим худалдаатай холбоотой хулгайн гэмт хэргийн цар хүрээг хараахан судлаагүй бөгөөд асуудлыг шийдвэрлэх бодлого боловсруулаагүй байна.

ИХ БРИТАНИ ДЭЛХИЙД АНХНЫ ЦАХИМ ХУДАЛДААНЫ СИСТЕМИЙГ БОЛОВСРУУЛЖЭЭ

Түүх сөхвөл, дэлхийд Их Британийн Michael John Aldrich 1979 онд хамгийн анхны онлайн худалдааны системийг боловсруулжээ. Энэхүү систем нь бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн хооронд цахим арилжаа, гүйлгээ явуулах боломж олгосон байна. Аяллын оператор “Thomson Holidays UK” компани 1981 онд анхны бизнес онлайн худалдааны системийг нэвтрүүлжээ. Gateshead SIS/Tesco нь 1984 онд хамгийн хэрэглэгчдэд зориулсан анхны онлайн худалдааны системийг нэвтрүүлсэн байна.

Жефф Безос 1995 онд цахим худалдааны тэргүүлэгч Amazon компанийг үндэслэн байгуулсан. Мөн тус онд цахим худалдааны зах зээлд eBay цахим худалдааны сайт шинээр гарч ирсэн бол 1998 онд электрон шуудангийн маркуудыг онлайнаар худалдан авах, татаж авах боломжтой болжээ. БНХАУ-ын Alibaba групп 1999 онд байгуулагдсан. Дэлхийн цахим худалдааны орлого 1999 онд 150 тэрбум ам.долларт хүрчээ.

Монголд интернэт худалдаа 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн гэж үздэг. Цахим худалдаа нь интернэт олон нийтийн хэрэгсэл болсон үе буюу 1991 оноос хойш илүү хөгжиж эхэлжээ. Улмаар цахим мөнгөн гуйвуулга, нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага, интернэт маркетинг, онлайн гүйлгээ хийх, цахим өгөгдлийн өөрчлөлт, бараа материалын бүртгэлийн удирдлагын систем, автоматчилагдсан өгөгдлийн цуглуулгын систем зэрэг шинэчлэлтүүд бий болсон ажээ.

Цахим худалдааны давуу тал нь орон зай хамаарахгүй, 24 цаг, эсвэл долоо хоногийн турш хүргэлтийн үйлчилгээтэй, нэгэн зэрэг олон хүнд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой, бага зардлаар борлуулах суваг бол интернэт худалдаа юм.

 COVID-19 ЦАР ТАХАЛ ЦАХИМ ХУДАЛДААНД УРТ ХУГАЦААНД НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛТАЙ

Гаднын орнуудын цахим худалдаанд Covid-19 цар тахал багагүй сөрөг нөлөө үзүүлж байгаа ажээ. Тухайлбал, АНУ-д жижиглэнгийн худалдаа, хүнсний бүтээгдэхүүний борлуулалт 2020 оны 2-4 дүгээр сарын хооронд 2019 оны мөн үетэй харьцуулахад 7.7% -иар буурсан байна. Их Британид цахим жижиглэнгийн худалдаа 2020 оны дөрөвдүгээр сард 2019 оны мөн сартай харьцуулахад 30% -иар өссөн бол нийт жижиглэнгийн борлуулалт 17.9%-иар буурсан байна. БНХАУ-д цахим жижиглэн худалдааны эзлэх хувь 2019 оны наймдугаар сард 19.4% байсан бол 2020 оны 1-8 дугаар сарын хооронд 24.6% байжээ.

Европ, Хойд Америк, Ази, Номхон далайн орнуудыг оролцуулаад 2020 оны эхний хагаст хэд хэдэн бүс нутагт цахим захиалга ихэссэн байна. Ази, Номхон далайн орнуудын хувьд цахим худалдаа 2020 оны нэгдүгээр улиралд огцом нэмэгджээ.

АНУ-д нэг удаагийн бээлий, ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн эрэлт эрс нэмэгдсэн бол аялал, спорттой холбоотой хэрэгслийн эрэлт буурсан байна. Мөн хуримын даашинз, биеийн тамирын цүнх гэх мэт бараа бүтээгдэхүүний эрэлт буурчээ.

Германд эм, хүнсний бүтээгдэхүүний онлайн борлуулалт мэдэгдэхүйц өссөн бол нийт онлайн борлуулалт 2020 оны гуравдугаар сард өмнөх онтой харьцуулахад 18 орчим хувиар буурсан байна.

Өмнөд Солонгост албан ёсны статистик мэдээллээр, 2019 оны долдугаар сараас 2020 оны долдугаар сарын хооронд цахим худалдааны гүйлгээ 15.8%-иар өсчээ. Хүнсний үйлчилгээ (66.3%), гэр ахуйн бараа (48%), хүнс, ундаа (46.7) зэрэгт мэдэгдэхүйц өсөлт ажиглагдсан байна. Харин соёл, амралт, аялал жуулчлал, тээврийн үйлчилгээтэй холбоотой цахим гүйлгээ харьцангуй буурчээ.

Хятадад хүнсний бүтээгдэхүүний цахим худалдаа нэмэгдэж, 2020 оны 1-4 дүгээр сард борлуулалт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36%-иар өссөн байна. Энэ мэтчилэн цар тахлын нөлөө цахим худалдаанд ч урт хугацаанд нөлөөлөх магадлалтай байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОШИАЛ 2020-12-28 202.9.47.7

НЭГ ИХ ГОЁ БАРААНЫ ЗУРАГ ҮЗҮҮЛЧИХЭЭД ЭРЭЭНТЙ 5-10 ЮАНЫ БАРАА АВЧИРЧ ЗАРАХ ГЭЭД ДАЙРААД БАЙДАГ НӨХДҮҮДИЙГ СОШИАЛААР ДАХИЖ ҮЗЭГДЭХГҮЙ БОЛТОЛ НЬ ШАХАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-12-28 103.26.194.183

Хятадын Таобао бол үнэн гоё.

Avatar

Зочин 2020-12-28 192.82.77.178

Цахим худалдааг хөгжүүлэхэд тухайн улсын шуудангийн байгууллага чухал үүрэгтэй. Гэтэл манай улсад Монгол шуудан ХК-нд төрийн мэдлийн үндсэн сүлжээг 00 түрээсээр ашиглууж, зах зээлийн өрсөлдөөнийг хүчээр хязгаарлаж, э-худалдаа хөгжих боломжийг хязгаарлан хэрэглэгчдийг хохироож байна. Шуудангийн хөгжлийн индексээр дэлхийд жил дараалан 40 хүртэл байраар ухарч улсаар бол саарал байтугаа "хар" жагсаалтанд орчихоод байгааг мэдсэн мөртлөө салбарын удирдлага, хариуцсан сайд нар амаа үдүүлэсэн мэт таг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж