Хөл хорионд орсон хүмүүсийг баярын уур амьсгал хөгжөөв

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

COVID-19

Хөл хорионд орсон хүмүүсийг баярын уур амьсгал хөгжөөв

Хөл хорионд орсон хүмүүсийг баярын уур амьсгал хөгжөөв

Католик шашинт олон зуун сая хүн уламжлалт Зул сарын баяраа хорио цээрийн дэглэм дор хөл хөдөлгөөн багатай тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүрийн зул сарын баяраар дэлхийн олон орны хүүхдүүд Санта Клауст захидал бичдэг. Тэгвэл энэ жил маш олон хүүхдийн хүслийн жагсаалтад covid-19 цар тахлыг дарах вакцин багтжээ. Нэгхэн жилийн дотор 80 сая хүнд халдварлаж, 1.7 сая хүний амийг авч одоод буй цар тахал ийнхүү хүн төрөлтний олон мянган жилийн уламжлалыг ч өөрчилж байна. Хотууд Зул сарыг өмнөх шигээ өргөн дэлгэр тэмдэглэж чадахгүй болсон ч гудамж талбайгаа урьдын адил, түүнээс ч илүү сайхан чимэглэж, хүн ардынхаа сэтгэл санааг өргөжээ. Дэлхий нийтийн хувьд шинэ оныг вакцин гаргаж авсан сайн мэдээтэй угтаж байгаа ч вакцины үр дүн, нийлүүлэлтийн асуудал бүрхэг хэвээр байна. Мөн цар тахал өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж, тархалт нь нэмэгдсээр байгаа нь санаа зовоож байгаа юм.

Дэлхийн Католик шашны тэргүүн, Ромын Пап лам Францис ч мөн цар тахлын дүрэмд захирагдан Зул сарын баярын уламжлалыг түр хойш тавин, Гэгээн Петрийн талбайд олон хүн цуглахаас сэргийлж анх удаа ордон дотроос  адислалаа хүртээж, үгээ хэлэв. Тэрбээр covid-19-ийн эсрэг вакцинууд гарч эхэлсэн нь “Дэлхийн хүн амын хувьд итгэл найдварын гэрэл асаасан хэрэг байлаа” хэмээгээд вакциныг хүн бүрт тэгш хуваарилхыг дэлхийн удирдагчид, олон улсын байгууллагууд, томоохон хандивлагч, бизнес эрхлэгч нар уриалжээ. “Өрсөлдөөнийг бус хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, хүн болгоныг хамруулсан шийдлийг олохыг уриалж байна” хэмээн Пап лам уриалсан байна.

Харин өдгөө 94 настай Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет “Мэдээжийн хэрэг олон сая хүний хувьд маш хүнд, уйтгар гунигтай жил болж өнгөрч байна. Зарим нь хайртай дотны хүнээ аюулт өвчнөөр алдаж, зарим хэсэг нь ойр дотныхонтойгоо ч хамт байж чадахгүй байдалд байна. Зарим хүмүүс Зул сарыг ганцаараа ч өнгөрөөж байгаа. Хэрэв танд дээрх  зүйлс тохиолдож байгаа бол та ганцаараа биш гэдгийг санаарай. Энэ хатуу сорилтод тэнцэж чадсан хүн бүрээр бахархаж байна” хэмээн ярьжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус мөн дэлхий нийтэд хандаж цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Ар араасаа бэлэн болж буй вакцинууд энэхүү эмгэнэлт явдлаас гарах гарцыг бий болгож байна. Хэдий хэцүү байгаа ч хүн бүр дор бүрнээ хичээж, Зул сарын баяраар хайртай хүмүүсээстэйгээ ч уулзаж чадахгүй ажиллаж байгаа сая сая хүмүүсийн төлөө, тэдний зүтгэлийг талаар болгохгүйн төлөө халдвараас урьдчилан сэргийлэх дүрэм журмыг сайтар мөрдөхийг уриалж байна” хэмээн хэлсэн байна.

ДЭЛХИЙН УЛСУУД ЗУЛ САРАА ХЭРХЭН ТЭМДЭГЛЭВ?

Христийн мэндэлсэн гэгддэг Израилын Бетлехем хот түүхэн дэх хамгийн нам жим Зул сарыг тэмдэглэв. Энгийн үед Зул сарын баярын өмнөх орой тус хотод маш том баярын жагсаал болж, олон зуун мянган жуулчид цуглардаг. Гэвч энэ удаад бүх арга хэмжээ онлайнаар зохион байгуулагдаж, зөвхөн лам хуврагууд болон сонгогдсон хүмүүсийг сүм рүү орохыг зөвшөөрчээ.

Азийн цорын ганц Католик шашинт Филиппин улс хамгийн таагүй Зул сарыг өнгөрөөлөө. Баярын өдөр тус улсад 6,3 магнитутын газар хөдлөлт болсны зэрэгцээ цар тахлын хорио цээрийн дэглэм мөрдөгдөж байв. Кувейт улс баярын үеэр халдварын тархалт эрчимжихээс сэргийлж нэгдүгээр сарын 10 хүртэл хатуу хөл хорио тогтоожээ.

Covid-19-ийн шинэ омог үүссэн Их Британид хилийн зарим хязгаарлалтыг түр хугацаагаар зөөлрүүлсэн боловч Европын бусад орноос ирсэн мянга мянган хүн тус улсад гацсан хэвээр байна. Түүнчлэн тус улсын иргэдийн дэлхийн олон улс орнууд хилээрээ нэвтрүүлэхээс татгалзаад байгаа юм.

Бээжин хотод өнгөрсөн долоо хоногт Covid-19-ийн хоёр тохиолдол бүртгэгдсэний дараа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, сүмүүд болон олныг хамарсан үйл ажиллагааг хоригложээ. Францын нийслэл Парист алдарт Эх дагинын сүм шатсанаас хойш анх удаа тус сум дотор Зул сарын найрал дуу эгшиглэв. Гэсэн ч барилгын нөхцөл байдлаас шалтгаалан найрал дуучин хамгаалалтын малгай, хувцас өмсөн дуулжээ.

АНУ нь цар тахалд хамгийн их нэрвэгдэж, хохирол амсаад байгаа ч Зул сарын баяраа тэмдэглэн өнгөрөөлөө. Гэхдээ улс даяар сүм хийдүүд цахимаар үйлчилгээ үзүүлж, эрх баригчид хүмүүсийг аялах, олноороо нэг дор цугларахгүй байхыг анхааруулав. Тус улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд баярын үеэр гэрээсээ гаралгүй, аялахгүй байхыг сануулсаар байсан ч өнгөрөгч Лхагва гаригт буюу Зул сарын өмнөхөн 1,2 сая хүн нисэх буудлаар үйлчлүүлсэн нь гуравдугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт байв.

Грек улсад Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш мөн л нам гүм өнгөрөв. Ердийн үед хүүхдүүд айлуудаар явж, бэлэг цуглуулдаг уламжлалтай байсан ч энэ удаа хоригложээ. Канцлер Ангела Меркель Германчуудыг Христийн Мэндэлсний Баярын үеэр гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахаас зайлсхийж, оронд нь онлайнаар мэндчилгээ дэвшүүлэхийг уриалжээ. Тус улсад сүүлийн үед covid-19-ийн халдвар, нас баралт эрчимжиж байгаа юм.

Харин Өмнөд Солонгост Зул сарын баярыг угтан цанын бааз, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг зогсоож, зочид буудлуудыг хааж, хөл хорионы дэглэм зөрчигсдөд өндөр торгууль ногдуулах шийдвэр гаргажээ. Тус улсад Баасан гаригт 1241 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойшхи хамгийн муу үзүүлэлт байв. Австралийн Сиднейн олон сая оршин суугчдын ихэнх нь Зул сарын баярын өдрүүдэд хөдөлгөөнөө хязгаарлахыг хүссэн бөгөөд гадаад орчинд 10-аас дээш хүн цугларахыг хоригложээ.

Эх сурвалж: Al JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж