Хятадын эрх баригчид 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн дотоодын болон гадаадын аливаа тэмцээн уралдаанд оролцож буй тамирчид амжилтаа ахиулах зорилгоор байгалийн болон синтетик гаралтай бодис хэрэглэхийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болж байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр, энэхүү шийдвэрийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны хурлаар гаргажээ.
Шинэ хуулийн дагуу сэргээш хэрэглэсэн нь батлагдсан тохиолдолд торгууль болон гурав хүртэл жилийн хорих ялаар шийтгэх шийтгэх бол тамирчдад хориотой сэргээх бэлдмэл санал болгосон этгээдэд илүү хатуу шийтгэл ногдуулахаар төлөвлөж байгаа аж.
Саяхан тус улсын тамирчин, Олимпийн гурав, дэлхийн 11 удаагийн аварга усанд сэлэгч Сунь Янтай холбоотой допингийн асуудал дахин олны анхааралд өртөж эхэлсэн билээ. Тэрбээр 2018 онд сэргээшийн шинжилгээ өгөхөөс татгалзаж, эсэргүүцэл үзүүлсэн гэх шалтгаанаар энэ оны хоёрдугаар сард эрхээ найман жилээр хасуулж байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Швейцарийн Холбооны Дээд шүүх Сун Янд тавьсан найман жилийн хоригийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. 2018 оны Азийн наадмын дараа Шведийн сэргээшийн мэргэжилтнүүд цус, шээсний дээж авахаар гэрт нь очиход Сүн Ян ээжийн хамт эсэргүүцэл үзүүлсэн нь өнөөдрийн шийтгэл хүртэх шалтгаан болсон байна.
Тэрбээр 2014 онд хориотой сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож байсан ба Хятадын эрх баригчид түүнийг гурван сар тэмцээнд оролцох эрхийг хассан юм. Түүнээс хойш Сүн Ян олон улсын гол уралдаан тэмцээнүүдэд алгасалгүй оролцож, олон арван медалийн эзэн болж байв. Гэсэн ч өрсөлдөгчид нь түүнийг сэргээш хэрэглэдэг гэж шүүмжилдэг, янз бүрээр эсэргүүцлээ илэрхийлж ирсэн юм. Тухайлбал, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өрсөлдөгч тамирчид нь түүнтэй цуг медалийн тавцанд гарахаас татгалзаж байжээ. Эцэст нь тэр Швейцарийн шүүхэд давж заалдан ялалт байгуулж, тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болж байна.
Эх сурвалж: XINHUA, Washington Post
Холбоотой мэдээ