“ХӨСҮТ-ийн эмч нар удирдлагуудаасаа салахыг хүсч байгаа"

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

“ХӨСҮТ-ийн эмч нар удирдлагуудаасаа салахыг хүсч байгаа"

“ХӨСҮТ-ийн эмч нар удирдлагуудаасаа салахыг хүсч байгаа"

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нарын хооронд үл ойлголцол үүссэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдах болсон. Тэдний зөрчилдөөний улмаас ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа доголдож, зарим тасаг, нэгжүүдээ хаасан талаар тус төвийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун мэдээлсэн.

Тэрбээр “Д.Нямхүү захирал ХӨСҮТ-ийн захирлаар 13 орчим жил ажиллаж байна. Тэр Халдвартын эмнэлгийг сайн хөгжүүлж байгаадаа олон жил захирлаар ажиллаж байгаа юм биш. Энэ бол Монголын төр авилгад идэгдснийг харуулж буй илрэл” гэдгийг хэлж байв. Ингээд түүний яриаг хүргэе.


-Салбарын сайд болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын үл ойлголцол байгууллагын  үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан , манай байгууллагын захирал нарын үл ойлголцол ХӨСҮТ-ийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж буй. Өнөөдөр ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зарим тасаг нэгжүүдээ хаачихсан, ажилчдаа амраачихсан. Эмнэлгийн гол лабораторид лаборантууд ажиллаж, Covid-19-ийн халдвартай иргэдээ л эмчилж байна.

Ер нь энэ хоёр хүний үл ойлголцол эрүүл мэндийн салбарын бугласан идээ бээрийг шахаж, үнэн дүр төрхийг харуулж байна. Учир нь Д.Нямхүү захирал 13 жил энэ ХӨСҮТ-ийг удирдсан хүн атлаа яагаад хөгжүүлээгүй юм бэ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд юу ч өөрчлөгдөөгүй. Тэрбээр эмчилгээ, үйлчилгээний ямар нэгэн шинэ менежмент, шинэ технологи, аргуудыг нэвтрүүлэлгүй өдийг хүрлээ.

Эмнэлгийн барилга, засвар үйлчилгээ ч сайжирсангүй. Энэ хүн Эрүүл мэндийн яаман дээр өдөр бүр 11:00  цагийн мэдээ уншсанаараа, их ажил хийгээгүй. Түүний ар талд цар тахлын голомтод 24 цагаар ажиллаж буй лабораторийн эмч нар, лаборант, ариутгагч, эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, инженер техникийн ажилчид, жолооч нар л цар тахлын эсрэг зүтгэж байгаа.

-Монгол Улсад нийт 40 орчим эмч, эмнэлгийн ажилтан Covid-19-ийн халдвар авсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Үүнд, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд ихэнх хувийг эзэлж буй. Цар тахлын нөхцөл байдалд эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж чадаж байна уу?

-Цар тахлын голомтод ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид Covid-19-ийн халдвар авсан. Гэтэл Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дарга 11:00 цагийн мэдээгээр “Халдвар авсан эмнэлгийн ажилчид халдвар хамгааллын дэглэмээ зөрчиж, тусгай хамгаалалтын хувцсаа тайлах явцад алдаа гаргаж, халдвар авсан байж болзошгүй” гэж мэдээлсэн. Хэрэв тийм бол өнөөдөр халдвар авсан бүх эмч нарыг эрсдлийн үнэлгээнд хамруулахгүй яасан юм бэ. Тэдний халдвар авсан замыг нь яаж тогтоож байгаа юм.

Энэ бол агаар дуслын замаар тархдаг халдвар шүү дээ. Тэр хүн агаараас авсан байхыг үгүйсгэхгүй. Халдвар авсан эмч, ажилтнууд дарга нарын тайлбарыг сонсоод маш их гомдож байна. Тэр хүмүүсийн ар гэр, ажлын хамт олондоо нэр хүндгүй болж, “Ажлаа хийж чаддаггүй”, “Өөрөөсөө болж халдвар авлаа” гэх буруу ойлголтыг төрүүлж байгаа тухай уйлаад ярьж байна.

-Халдварын голомтод ажиллах эмч нарыг тусгай сургалтад хамруулж байгаа биз дээ?

-Бүх эмч, эмнэлгийн ажилчид цар тахлын голомтод ажиллах тусгай сургалтад сууж, мэргэшиж байгаа. Тэрнээс биш хэн дуртай нь халдварын голомтод ажиллахгүй шүү дээ. Эмч, сувилагч нар өнөөдөр тусгай хамгаалалтын хувцас, хэрэгсэл өмсч, тайлахдаа мэргэшсэн гэсэн үг. Гэтэл тэднийг “Тусгай хэрэгсэл, хувцсаа тайлахдаа алдаа гаргасан” гэж буруутгаж, хариуцлагаас зугтааж байна. Энэ бол удирдах албаны арга барилын буруутай, хариуцлагагүй үйлдэл.

Энэ хүмүүс өнгөрсөн 10 сарын хугацаанд юу хийсэн юм бэ. Албадын дарга нар захиргааны байран дээр нийлж, архи согтууруулах ундаа л уусан. Өнгөрөгч наймдугаар сарын 3-нд албадын хоёр, гурван дарга архи ууж, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг зодсон. Цагдаагийн нэмэлт хүч ирэхэд зугтааж, хоёр нь эрүүлжүүлэх байранд хоносон.

Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байхад ХӨСҮТ-ийн дарга нар нь архи уусан. Арваннэгдүгээр сард захиргааны байранд дарга нар архи ууснаас болж, нэг дэд дарга нь ажлаа хүлээлгэж өгсөн. Яагаад өнөөдөр ХӨСҮТ-ийн дарга нарт хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.

-ХӨСҮТ-ийн дарга, удирдлагууд ажилчдаа дарамталдаг байсан гэж үнэн үү. Өнгөрсөн хугацаанд ажилчдаас ажлын байрны дарамтад өртсөн талаарх өргөдөл, гомдол ирсэн үү?

-Ажлын байрны дарамт олон янз. Ерөнхий захирал нь ямар арга барилтай байна доод албан тушаалын дарга нар нь яг адилхан. Би өнгөрсөн жил хоёр ч удаа биднийг ажлын байран дээр дарамталдаг тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бичиг явуулсан. Ямар ч арга хэмжээ аваагүй. Би гэнэт л цар тахлын үед энэ асуудлыг яриагүй.

Өмнө нь энэ талаар ярьж, холбогдох дээд шатны байгууллагад хэлж байсан юм. Өнөөдөр аргагүй байдал орж, ХӨСҮТ-ийн хамт олон дугарч эхэллээ. Өнөөдөр Д.Нямхүү захирлаас айгаад нэг ч эмч, эмнэлгийн ажилтан дугарч чадахгүй. Бүгд ажлын байрны дарамтаас айж байгаа. Харин нийт ажилчдад ХӨСҮТ-ийн удирдлагуудаас салах сонирхол маш их байгаа.

ХӨСҮТ-ийн дэргэдэх цэвэрлэх байгууламж халдвартай бохироо бүрэн халдваргүйтгэж чадахгүй төв шугамд нийлүүлж байгаа гэж үнэн үү?

-ХӨСҮТ-ийн дэргэдэх цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа нь байнга доголдож байдаг. Үүний улмаас ХӨСҮТ-ийн бохирыг бүрэн халдваргүйжүүлж чадахгүй Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа. Энийг Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, арга хэмжээ авах хэрэгтэй. Д.Нямхүү дарга 12 жил ажиллахдаа цэвэрлэх байгууламжаа засаж сэлбээд өөд нь татаж чадаагүй.

Монгол Улсын бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд шинэчлэгдэж, хөгжиж байна. Тодруулбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ зэрэг эмнэлгүүд хөгжлийн эрүүл өрсөлдөөнөөр эмнэлгийн тусламж үйлчилгээгээ сайжруулж,  шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлж, эмч ажилтнаа дэмжин, ажиллаж байна.

Гэтэл ХӨСҮТ-ийн удирдлагууд “Чи дуугүй байгаарай”, “Зайлаарай” гэж ажилчдаа дарамталж, өнгөрсөн хугацаанд эмнэлэг огт хөгжсөнгүй. Мөн эмнэлгийн тохижилт байхгүйгээс эмч нар өөрөө мөнгөө гаргаж, өрөөгөө засварладаг. Эмнэлгийн удирдлагууд жил бүр хийсэн ажлаа дүгнэж, тайлангаа танилцуулдаг. Харин Д.Нямхүү захирал огт тайлангаа тавьдаггүй. Бас тасаг нэгжүүдээрээ огт явдаггүй.

Цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад цалин хөлсний урамшууллыг хүртээмжтэй олгож байгаа юу?

-Эмч, ажилтнуудын цалин хөлсийг хангалттай олгож байгаа. Сүүлд арваннэгдүгээр сарын илүү цагийн урамшууллыг олгосон. Засгийн газраас цар тахлын голомтод ажиллаж буй албан хаагчдад тодорхой хэмжээний урамшууллыг өгсөн. Саяхан 800 мянган төгрөгийн урамшуулал өглөө. Шадар сайд асан Ө.Энхтүвшин ажиллаж байхад цар тахлын голомтод ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчдад урамшуулал өгсөн.

Тухайн үед ХӨСҮТ-ийн 102 ажилтанд 165 сая төгрөгийг өгсөн. Гэтэл тэр 102 ажилчин дунд хууль хүчний байгууллагын хоёроос гурван хүн орчихсон байсан. Тэр хүмүүс манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Энэ асуудал дээр ажилчид бухимдаж, хэл ам гаргахаар загнаад л хөөгөөд гаргачихдаг. Хатуу хөл хорионы үед ажилчид цугларч болохгүй учраас би өнөөдөр үйлдвэрчний хороогоо төлөөлж яриа өгч байна. Одоо ХӨСҮТ-д удирдлагын шинэчлэлийг хийх цаг болсон гэдгийг хэлье.

А.СҮРЭН      

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ЗөвЗөв
15
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж