News.mn агентлаг Монголын спортын ертөнцийн 2020 оны онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
СПОРТЫН САЛБАРЫНХАН ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны аравдугаар сарын 05-ны өдөр зарлиг гаргаж, Монголын спортын салбарын төлөөллүүдийг шагнав. Тодруулбал, Монголын спортын салбарт Ардын багш нэг, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч гурав, Монгол Улсын Гавьяат тамирчин нэг төрөн гарсан.
Монгол Улсын Ардын Багш цолоор Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Хангайн Намшир шагнагдав. Тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь Ардын багш болсон билээ. Түүнээс өмнө нь 2006 онд Д.Сэрээтэр, 2008 онд Ч.Дамдиншарав, 2009 онд С.Магсар, 2014 онд А.Басхүү нар Ардын багш цол хүртэж байв.
Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч цолоор
- Монголын байт харвааны холбооны дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, Завхан аймгийн Сонгино сумын харьяат, ОУХМ Натжавын Дариймаа
- Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч, Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, үндэсний сурын Монгол Улсын Хүндэт мэргэн Батдалайн Өлзийдэлгэр
- Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, үндэсний сурын Монгол Улсын Хүндэт мэргэн, спортын мастер Дашийн Санжаасүрэн тус тус шагнагдсан.
Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор Монголын Ширээний теннисний холбооны тамирчин, Монголын ууган мастеруудын нэг, улсын таван удаагийн аварга Тогосын Болд шагнагджээ.
“AIPS Sport Media Awards”-ийн 2020 оны олон улсын спортын гэрэл зургийн “Алтан агшин” номинацид дэлхийн 129 орны спортын гэрэл зурагчдын 1746 бүтээл өрсөлдсөнөөс шилдэг 30 гэрэл зургийг тодруулж, улмаар шилдэг 10 бүтээлийг шалгаруулахад Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл багтсан билээ.
Унгарын Будапешт хотноо 2020 оны хоёрдугаар сарын 3-нд зохион байгуулагдсан AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар Их хурлын үеэр “AIPS Sport Media Awards” шагналын номинаци тус бүрийн гурван ялагчийг оролцуулж шилдгийг нь тодруулахаар 9 ялагчид урилгаа илгээсэн юм. Монголын гэрэл зурагчин Ч.Ганбат энэхүү хүндтэй урилгыг хүлээн авч Будапешт хотыг зорьсон билээ. Ийнхүү түүний “Before a catch!” бүтээл гуравдугаар байрт шалгарч AIPS-ын Их хурлын индрээс шагналаа хүртсэн юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО ШИНЭЧЛЭЛ ХИЙВ
МҮОХ-ны ээлжит бус хурал 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан. Энэхүү ээлжит бус хурлаар Монгол үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн ажил болон бусад ажлуудыг хэлэлцсэн юм. Тодруулбал, тус хорооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгууль явагдаж, МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаяр ганцаараа өрсөлдөж нийт хуралд оролцсон гишүүдийн 123 буюу 94.6 хувийн саналаар сонгогдсон бол МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Ч.Наранбаатар нийт хуралд оролцсон гишүүдийн 67 буюу 50.7 хувийн саналаар сонгогдсон билээ.
2019 онд Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш түүний үүргийг тус хорооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр гүйцэтгэж байсан юм.
Мөн Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Батболдын Баттүшиг Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны гишүүнээр сонгогдсон. ОУОХ-ны 136 дахь чуулган өнгөрөгч 2020 оны долдугаар сарын 17-нд цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тус чуулганаар ОУОХ нь шинээр таван гишүүнийг баталснаар нийт 103 гишүүнтэй болов.
БАГИЙН СПОРТЫНХОН АМЖИЛТ ГАРГАВ
Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос 2020 оны зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулсан "Үндэстнүүдийн цом" багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын даамын эмэгтэй баг түрүүлсэн.
Тэд “Үндэстнүүдийн цом” тэмцээнд эхний шатанд 11 орны бүсгүйчүүдтэй тойргийн журмаар тоглож Нидерланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд ялагдан хэсгээсээ дөрөвдүгээр байрт шалгарсан. Хасагдах шатанд БНХАУ-ыг 6:2, 8:0-ээр, ОХУ-ыг 4:4, 7:1-ээр буулган авч, шигшээ тоглолтод шалгаран үлдсэн юм. Улмаар аваргын төлөө Беларусийн багтай тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорсон билээ.
Бенди буюу бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В дивизионы тоглолтууд гуравдугаар сарын 1-нээс 6-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдаж Монгол Улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг дөрөвдүгээр байрт шалгарсан. Тэд хэсгийн шатандаа Словак, Латви, Япон, Сомали зэрэг багуудыг ялж, хасагдах шатанд Чехийн шигшээ багтай тааран тоглож чухал ялалтыг байгуулсан. Ийнхүү хагас шигшээд Украины шигшээ багтай тааран тоглож, харамсалтай ялагдал амсан хүрэл медалийн төлөө Словак улсын шигшээ багтай тааран тоглож мөн хожигдсоноор дөрөвдүгээр байраар тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
3х3 сагсан бөмбөгийн World Tour Final 2020 тэмцээн 2020 оны арванхоёрдугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд Саудын Арабын Жедда хотод зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг 12 баг оролцсон. Энэхүү дэлхийн шилдэг 12 багийн нэгээр Монгол улсын "Улаанбаатар ММС Энержи" баг шалгаран тэмцээний А хэсэгт Сербийн Лиман, ҮБ багуудтай нэг хэсэгт багтсан. Ийнхүү анх удаа оролцсон World Tour Final тэмцээндээ "Улаанбаатар ММС Энержи" баг нийт 32 оноо авсан үзүүлэлтээрээ 10-р байранд орсон юм.
ОЛИМПИЙН ЭРХ ӨВӨРТЛӨВ
Токио-2020 зуны XXXII Олимпийн наадмын боксын эрх олгох Ази-Номхон далайн орнуудын эрхийн тэмцээн 2020 оны гуравдугаар сарын 3-наас 11-ний хооронд Йордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдсан. Монгол улсаас нийт 13 тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд Б.Чинзориг олимпийн олимпийн эрхээ авав.
Япон улсын Осака хотноо 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд Монгол улсын тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа оролцож, 12-р байр эзэлсэн билээ. Тэрбээр 2 цаг 28 минут 3 секундын хугацаанд нийт зайгаа дуусгаж, өөрийн тогтоосон Монгол улсын дээд амжилтаа шинэчилсэн юм. Мөн тэрбээр “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ ийнхүү гурав дахь удаагаа хангасан.
МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫН СЭРГЭЛТ
CS:GO major тэмцээний Азийн цувралын 2020 оны эхний аварга шалгаруулах тэмцээн болох ESL One: Road to Rio тэмцээний аваргаар Монгол Улсын Tiger баг тодорсон. Тiger баг финалын тоглолтод Азийн чансааг сүүлийн хоёр жилийн туршид тэргүүлсэн Tyloo багтай учраа таарч 2:1 гэсэн харьцаатайгаар ялжээ.
Энэхүү тэмцээнд Азийн шилдэг найман баг оролцсон бөгөөд Монгол улсаас Tiger, D13, Mazaalai гэсэн цахим спортын гурван баг оролцож, Tiger баг ийнхүү аваргаар нь тодорч, чансааны 1600 оноо болон 4000 ам.долларын эзэд болсон юм.
Хамгийн сүүлд 2016 онд Монгол улсаас The MongolZ баг Азийн аваргаар тодорч байсан юм
Үүний дараа Хятадын сошиал платформ болох "Weibo" болон "MarsTv"-ийн хамтран зохион байгуулсан "Weibo Cup Asian Championship-2020" CS:GO тэмцээнд Ази тивийн Tyloo, VICI, Tiger, D13 Esports, IG, BTRG тэргүүтэй 16 багууд өрсөлдөж аваргаар нь Монгол улсын Tiger баг мөн тодорсон. Тэд тэмцээний шигшээ тоглолтонд Хятадын Invictus Gaming багийг 2:0 гэсэн харьцаатай ялж, 160 мянган юань буюу 22,439.84 ам.долларын эзэд болов. Харин Монгол Улсын өөр нэгэн төлөөлөл болох D13 баг дөрөвдүгээр байранд шалгаран 20 мянган юань буюу 2,815 ам.долларын эзэд болж байлаа.
Дээрх хоёр түрүүлсэн Tiger багийн бүрэлдэхүүнд Г.Есөнтөмир (nin9), Б.Болд (ncl), Б.Батбаяр (kabal), Б.Ган-Эрдэнэ (dobu), Г.Эрдэнэцогт (erkaSt) нар багтдаг байлаа.
ХИЛИЙН ЧИНАД ДАХЬ МОНГОЛ ТАМИРЧИД
Холимог тулааны дэлхийн хамгийн нэр хүндтэй томоохон холбоодын нэг болох АНУ-ын UFC холбооны анхны монгол тамирчин болсон Д.Батгэрэл 2020 оны гуравдугаар сарын 08-ны өдөр UFC-248 өдөрлөгийн хүрээнд АНУ-ын Лас-Вегас хотод Аргентин тулаанч Гуйдо Ганнеттитэй тулалдаж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан билээ.
Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ, олимп, дэлхийн мөнгөн медальт “King Tug” хочит Н.Төгсцогт 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр мэргэжлийн боксын 13 дахь тулаанаа хийсэн. Түүний ээлжит өрсөлдөгчөөр Барбадос улсын тамирчин Кобиа Брийди тодорсон бөгөөд хоёр тулаанч 12 үе тулалдсаны эцэст Н.Төгсцогт шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулсан юм.
Н.Төгсцогт мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Гарри Рассель Жуниортой дахин тулалдах болов.
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны Нагоя башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлсэн. Тэрбээр 2000 оны нэгдүгээр сард сэкивакэ цолтой Мүсояама түрүүлж байснаас хойшхи анхны, жүрёо зиндаанаас дээд зиндаанд дэвшсэн башёдоо түрүүлсэн гуравдахь, макүүчи зиндаанаас чансаа буурч, жонидан зиндаанаас эргэж дээд зиндаандаа гарч ирж түрүүлсэн сүмогийн түүхэн дэх цорын ганц бөх болсон юм.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал хацү башёд түрүүлж, 44 дэх түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиулсан.
МОНГОЛ НААДАМ БА ДОПИНГ
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадам цар тахлын улмаас нийслэл Улаанбаатар хот төв цэнгэлдэхэд бус Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолбор газарт зохион байгуулагдсан. 512 хүчит бөхийн барилдаан тун сонирхолтой, таамаглаагүй үр дүнтэй, ярих зүйлс ихтэй явагдаж, үзүүр түрүү булаалдахаар Увс нутгийн аварга, арслан хоёр тунан үлдсэн. Ийнхүү Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс хоёр дахь удаагаа Улсын их баяр наадамд түрүүлэн Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн 25 дахь бөхөөр тодров.
Гэхдээ шинэ аварга төрсөн үйл явдал нь допингийн хэрэгт даруулав. Хууль зүй, дотоод хэргийн яам, Баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо /ҮБСХ/-ноос Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулсан. Тодруулбал, шөвгөрсөн бөхчүүдийн гурваас нь буюу улсын харцага цол хүртсэн Б.Бат-Оршихын 4407678 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм, чимэг нэмсэн улсын арслан Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай дээжид S1.1 бүлгийн 19-норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен илэрсэн бол хоёр наадам дараалж үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурийн 4406049 дугаартай дээжээс S4 бүлгийн триметазидин хэмээх бодис илэрсэн гэдгийг мэдэгдсэн.
Гэхдээ нэг ололттой зүйл болсон нь Монгол бөхийн түүхэнд байгаагүй удаан үргэлжилсэн, эзэн нь тодорхой, баримт нотолгоотой допингийн хэрэг “бараг” шийдэгдсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын хоёрдахь заалт буюу Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын барилдах эрх нь нээгдэж, Ерөнхийлөгчийн зарлигаар аварга цолноосоо салах болов. Одоо зөвхөн Ерөнхийлөгчийн зарлиг л үлдсэн.
Холбоотой мэдээ