Монгол Улс импортоос хэт хамааралтай. Ялангуяа, дотоодод бүрэн үйлдвэрлэх боломжтой хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаднаас их хэмжээгээр авч байгаа нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хориг саад болдог гэхэд хилсдэхгүй. Ядаж хүнсний ногоогоо Өмнөд хөршөөс биш дотооддоо үйлдвэрлэе гэж улиг болтлоо ярьцгаасан. Гэвч Хятадаас импортлогдон орж ирэх бүтээгдэхүүний давалгаан дороос өндийж чадахгүй өдийг хүрэв. Хүнсний хэрэглээгээ дотоодоос хангах нь үе, үеийн Засгийн газрын нэг бодлого байсан ч хөл хорьж, хил хаангуут нарийн ногоо тасарсан гэх шүүмжлэл гарсан.
Ямар сайндаа л цахим орчинд “Хил хаагдахад Монголд тарьсан нарийн ногоо тасардаг” хэмээн иргэд хошигноод амжсан. Ерөнхийдөө Сүхбаатар-Алтанбулагийн боомтыг түр хугацаагаар хааж, Замын-Үүд боомтоор орж ирэх тээврийн ачаалал нэмэгдсэнээр нарийн ногооны импортын нийлүүлэлт, хангамж доголдоод байгаа талаар албаныхан дуулгасан юм.
Тодруулбал, нийслэл хотын хүн амын хүнсний хэрэгцээнд хэвийн үед импортоор 10 тээврийн хэрэгслээр 200 орчим тонн нарийн ногоо, жимс жимсгэнэ орж ирдэг байсан бол одоо ердөө хоёр тээврийн хэрэгсэл явж байгаа нь нарийн ногооны хомсдол болон үнэ өсөх шалтгаан болжээ.
"Барс" худалдааны төвд:
- Брокли нэг килограмм нь өмнө нь 5000 төгрөг байсан бол одоо 10000 төгрөг
- Өргөст хэмх нэг килограмм нь 4000 төгрөг байсан бол одоо 12000 төгрөг
- Бууцай нэг килограмм нь 4000 төгрөг байсан бол одоо 10000 төгрөг
- Улаан лооль нэг килограмм нь 5000 төгрөг байсан бол одоо 12000 төгрөг
- Бор мөөг нэг килограмм нь 7000 төгрөг байсан бол одоо 15000 төгрөг
- Навчит байцаа нэг килограмм нь 6000 төгрөг байсан бол одоо 15000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
ИМПОРТООР ӨРГӨСТ ХЭМХ, УЛААН ЛООЛЬ ОРУУЛЖ ИРЭХ НЬ БУУРЧЭЭ
Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсээс мэдээлснээр “Арванхоёрдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 25-ыг хүртэлх хугацаанд 7.3 тонн брокли, 10.2 тонн ѳргѳст хэмх, 7.1 тонн улаан лооль, 215.7 тонн навчит байцаа, 378.2 тонн юуцай импортлогдсон. Арванхоёрдугаар сарын эхний 20 хоногийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр зарим нарийн ногоо, тухайлбал брокли 3.5 тонн буюу 91.5 хувиар, навчит байцаа 55.9 тонн буюу 35 хувиар өссөн байна. Харин ѳргѳст хэмх 17.7 тонн буюу 63.4 хувиар, улаан лооль 19.6 тонн буюу 73.3 хувиар, юуцай 340.8 тонн буюу 47.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2019 онд өдөрт 107.8 тонн импортлогддог байсан бол энэ онд ажлын өдөрт 44.2 тонн нарийн ногоо импортлогдож байна” гэжээ.
Үүнээс гадна авто тээврээр хийх ачаа тээвэр түр зогссоноор хүнсний бүтээгдэхүүнийг төмөр замаар шилжүүлэн тээх болсон ч нарийн ногоо нь тээврийн горим шаардагддаг эмзэг бүтээгдэхүүн байдаг учир вагоноор тээвэрлэх боломжгүй, хөлдөж хурдан мууддаг байна.
Тиймээс Монгол Улсаас Хятад руу дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох зургаан хөргүүртэй тээврийн хэрэгслийг буцаж орж ирэхэд нь нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжийг холбогдох байгууллагууд судалж байгаа аж.
Мөн одоо нарийн ногоо тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, 10 болгох талаар Нийслэлийн захирагчийн албанаас Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарт танилцуулсан байна. Ингэснээр өдөр тутам БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд хот хооронд тээвэрлэлт хийж байгаа 60 автомашины 10 автомашиныг долоо хоногийн хугацаанд зөвхөн хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ. Тус шийдвэр нь удахгүй болох шинэ жилийн баярын эрэлтийг хангахад хүрэлцээтэй гэж үзсэн байна.
ТЭГВЭЛ МОНГОЛЧУУД ДОТООДДОО НАРИЙН НОГОО ТАРИХ БОЛОМЖТОЙ ЮУ?
“Асрал” агропаркийн захирал Х.АЛТАНЦАЦРАЛТ:
-Монголд гарын таван хуруунд багтахаар цөөхөн өвлийн хүлэмж ажиллаж байгаа. Ерөнхийдөө жилийн дөрвөн улиралд ногоо тарих аж ахуй сүүлийн хэдэн жил хөл дээрээ тогтох гэж хичээж явна. Хамгийн гол нь Монголын цаг агаарын эрс тэс уур амьсгалд нарийн ногоо тарих хүндрэлтэй. Зарим нутгаар шөнөдөө -30 градусаас дээш хонож байна. Нарийн ногоо тариална гэдэг нь амьд ургамлыг ургуулна гэсэн үг. Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг нарийн ногоо нь дулаан, чийг бусад арчилгаа нөхцлийг хамгийн ихээр шаарддаг. Өвлийн улиралд амьд ургамлыг ургуулахын тулд өвлийн хүлэмж, дулааны хангамж бусад дэд бүтэц шаардагдана. Үүнээс гадна өдөр тутмын арчилгаа сэтгэл зүтгэл шаарддаг. Монгол орны нөхцөлд зургаагаас есдүгээр сарын хугацаанд нарийн ногоо ургуулах боломжтой. Харин шахмал түлшний илч нь шөнөдөө -30 градус хүрч байгаа энэ үед хүлэмжийг шаардлагатай дулаанаар хангаж чадахгүй байна. Үүнээс болоод хүлэмжээ хөлдөөсөн. Ерөнхийдөө 1000 метр квадрат талбайг халаах зууханд шахмал түлшний илч нь хүрэлцэхгүй байна гэсэн үг. Тиймээс амьд ургамал тарьж байгаа аж ахуйн нэгжүүдийг төр тусад нь анхаарч шийдвэртээ уян хатан хандах хэрэгтэй юм болов уу л гэж бодож байна. Хэрэв төрийн зохицуулалт сайн бол өвлийн улиралд бүх төрлийн нарийн ногоог тарьж ургуулах боломж бүрэн байгаа” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ