Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2020.12.24/ хэлэлцэн баталсан. 2015 оноос хойш Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулж ирсэн юм. Гэвч тус тусын онцлогтой сонгуулиудыг нэгдсэн нэг хуулиар зохицуулснаар ээлжит сонгуулийн үеэр олон хүндрэл үүссэн мөн хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар нь батлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 11 бүлэг, 81 зүйлтэй.
Хуулийн ерөнхий зохицуулалт нь УИХ-ын сонгуулийн тухай хуультай адилхан бөгөөд цөөн хэдэн онцлох хэдэн зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан. Энэ зохицуулалтын хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэлт явагдана. Дээрх заалтаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрх нь нээлттэй эсэх нь тодорхой бус байгаагаас олон нийт болон улс төр судлаачдын дунд хамгийн их маргаан дагуулж байгаа. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар ч гэсэн энэ асуулт тодорхой бус хэвээр үлдэв. УИХ-аар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр дээрх асуулт гишүүдийн дунд хөндөгдөхөд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар Үндсэн хуулийг хамаагүй тайлбарлаж болохгүй” гэж хэлээд өнгөрсөн. Үндсэндээ, Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эсэх нь Сонгуулийн ерөнхий хороо болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс хамаарахаар болж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг УИХ хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлана. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд "Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон. “Ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ял, тэнсэх, албадлагын арга хэмжээг эдэлж дуусаагүй байхыг хэлнэ.
Мөн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заажээ.
Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг ерөнхий менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрд нэг менежер, хороо, баг тус бүрд нэг шадар туслагч, 200 сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно. Хэрэв тухайн аймаг, дүүргийн сонгогчийн тоог 200-д хуваасны үлдэгдэл нь 200-аас доош, 100-аас дээш бол тэдгээр сонгогчийг хариуцсан нэг ухуулагч ажиллуулах юм байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиар саналаа өгсөн сонгогчдод гар дээр нь бэхэн тэмдэглэгээг давхар хийхээр болжээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа тухайн сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийнэ” гэж заажээ. Мөн сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно. Энэ тохиолдолд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч, овог, нэр, регистрийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг тэмдэглэсэн цаасан архив үүсгэж хадгална. Гарын хурууны хээгээр нь сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгох бөгөөд цахим болон цаасан архивыг үүсгэж хадгална” гэж заажээ.
Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэнэ
Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн асуудлаар өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.11-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгох юм байна. Гадаад улсад байгаа иргэд гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.
ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ
26 дугаар зүйл. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам
26.1.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана.
26.2.Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;
26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.
26.3.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
26.3.1.төрийн жинхэнэ албан хаагч;
26.3.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;
26.3.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал;
26.3.4.Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн.
26.4.Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн эвслээс өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно.
26.5.Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.
26.6.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.