NEWS агентлаг 2020 онд Монгол Улсад өрнөсөн “Оны онцлох ТАВАН үйл явдал”-ыг нэрлэж байна.
ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛТИЙГ ДАГАЖ МӨРДӨВ
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцэл бий болох суурь тавигдав. Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үнэт зүйлийг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангасан зохицуулалт хийснээр улс орныг дараагийн 20-30 жилд яаж удирдан зохион байгуулж явах вэ, хүний эрх, эрх чөлөөг яаж бодитой хангах вэ, улс орноо яаж хөгжүүлэх вэ, шүүх засаглалыг хэрхэн сайжруулах вэ гэдгийг тодорхойлж чадсан.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр:
- Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч,
- Байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд очих нөхцөл боломжийг нээж өгч,
- Парламентын ардчиллыг зөв гольдролд оруулж, ард түмний засаглах эрхийг ханган УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг оновчтой болгов,
- Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүлж,
- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлт оруулж,
- Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн өөрчлөлт хийв.
Эдгээр өөрчлөлтийг амьдрал дээр биежүүлэн буулгахад ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрх зүйн хувьсгалууд хийгдэж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдан гарах 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар \2020.12.24\ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан нутгийн удирдлагын тогтолцоог хангав. Энэ мэт бусад органик хуульд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмуудыг суулгаж байж эцэг хуулийн өөрчлөлт бүрэн утгаараа “амь” орох юм.
2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар улиран томилогдсон У.Хүрэлсүх шинэ Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу танхимаа бүрдүүлсэн.Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Дөрөв хүртэлх сайдыг /Ерөнхий сайд багтана/ УИХ-аас сонгож болно. Бусдыг нь гаднаас ажиллуулна” гэж заасны дагуу тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн анх удаа Засгийн газраа байгуулсан.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн,сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтаар нэр дэвшүүлэлт явагдана.
Ш.АДЪЯАМАА
СОНГУУЛЬ: МАН ДАХИН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, АН ХҮЧГҮЙ СӨРӨГ ХҮЧИН БОЛОВ
2020 онд болсон онцлох үйл явдлын нэг бол УИХ болон орон нутгийн сонгууль байлаа. Цар тахлын үед хэдий ч иргэд сонгуульдаа идэвхтэй оролцсон. Мөн сонгуулийн эрх бүхий 2.003,969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1.475,780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн нь сүүлийн хэдэн жил байгаагүй ирцтэй байсныг СЕХ онцолсон юм.
УИХ-ын сонгуульд улс төрийн 13 нам, 4 эвсэл, бие даагчид зэрэг 606 хүн нэр дэвшиж өрсөлдсөн. 2020 оны УИХ-ын сонгуулийн бас нэг онцлог нь хамгийн олон буюу 121 бие даагч өрсөлдсөн явдал. Сонгуульд МАН 62 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ардчилсан нам 11 суудалтай, "Зөв хүн Электорат" эвсэл нэг, "Та бидний эвсэл" нэг, бие даагч нэг сонгогдов. Мөн энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан 38 нэр дэвшигч нь анх удаа сонгогдсон бол 13 нь эмэгтэй гишүүн сонгогдов. Сонгуулийн үеэр АН болон МАН-аас нэр дэвшигчдийг хууль, шүүхээс баривчлан хорьсон нь дуулиан тарьсан юм. Мөн түүхэндээ анх удаа шоронгоос УИХ-ын гишүүнээр шоронгоос сонгогдсон хүн бол Ж.Эрдэнэбат байлаа.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх барьсан МАН, тэр дундаа сүүлийн хоёр жил намаа, Засгийн газраа удирдсан У.Хүрэлсүхийн баг улиран сонгогдож, Засгийн газраа ч байгуулсан. Мөн нэг сонгогдсон гишүүн нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Улаанбаатар хотын Захирагч болсон юм. Эрх баригч нам сүүлийн хоёр жилийн хугацаанд намдаа “цэвэрлэгээ” хийж, шударга ёсыг тогтооно хэмээж, 60 тэрбумын гэх тодотголтой М.Энхболдын фракц болон ЖДҮХС-аас зээлтэй холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлээгүй, залуучуудыг түлхүү томилсон нь сонгуульд ялах нэг шалтгаан нь байв. Сонгуульд нэр дэвшигчид, дэлхий нийтэд тархсан цар тахлын үед авч хэрэгжүүлж буй эрх баригчдын бодлого зэргээс 2020 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулна гэх таамаглалыг биелүүлсэн.
Харин Ардчилсан нам дотоод зөрчилтэйгөө зууралдсаар, чадамжгүй нэр дэвшигчдийг сонгогчдод санал болгосон нь хоёр дахь удаагаа үнэмлэхүй ялагдах шалтгаан болсон гэж дүгнэж буй. 2016 оны сонгуулиас хойш Ардчилсан нам шинэчлэгдэх байх гэсэн хүлээлт хаана хаанаа байсан боловч өнөөдрийг хүртэл нам нь даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй, намын тамгаа “булаацалдсан” хэвээр байна. Өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчний үүргээ сайн хийсэн шиг энэ жил ч мөн Ардчилсан намаас хүчтэй сөрөг хүчин байх хүлээлт байгаа боловч одоогийн нөхцөл байдалд бол хүлээлт талаар өнгөрч байх шиг байна.
Үндсэндээ УИХ-ын сонгуульд МАН хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонх болж, засгийн эрхээ барьж байгаа бол Ардчилсан нам хоёр дараалж, УИХ-ын сонгуульд том ялагдал хүлээж, бүлэг байгуулах л хэмжээний сөрөг хүчин боллоо. Мөн энэ удаагийн сонгуульд "Зөв хүн Электрорат" эвсэл, "Та бидний эвсэл"-ээс сонгогдсон МАХН-ын нэг гишүүн, нэг бие даагч нийлээд ч хүчтэй сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн юм.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнг баталгаажуулах дараагийн сонгууль бол өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль байв. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэлийн найман дүүрэг, 13 аймагт эрх баригч МАН ялалт байгуулсан бол үлдсэнд нь АН ялалт байгуулсан. Орон нутгийн сонгуульд МАН УИХ-ын сонгуулийн амжилтаа бататгаж чадаагүй бол АН болон бусад жижиг нам, бие даагчид амжилтаа ахиулсан юм.
Ш.ОЮУНЧИМЭГ
АРДЧИЛСАН МОНГОЛ БА УЛС ТӨРИЙН 14 ХОРИГДОЛ
Хэдхэн жилийн өмнө Азийн ардчиллын баян бүрд гэгдэж явсан Монгол Улсад нэн шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэлсэн нь төрийн өндөр алба хашиж явсан албан тушаалтнуудыг албан үүргийнхээ хүрээнд гаргасан шийдвэрээр буруутган шүүхээс ялласан явдал байлаа. Нийтдээ 14 хүн улс төрийн хоригдол болж, өнөөдөр торны цаана сууж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Б.Болор, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Да.Ганболд, "Эрдэнэс Монгол" компанийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарт шүүхээс ял шийтгэл оноосон нь Монголын төр зүтгэсэн хүндээ халтай болохыг харуулсан баримт, хар толбо дагуулсан түүх болон үлдэж байна.
Зургадугаар сарын 24-нд явагдсан УИХ-д нэр дэвшин өрсөлдөж байсан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг баривчлан хорьсон нь Монголын улс төрийн түүхэнд, урьд өмнөх сонгуулиудад гарч байгаагүй үйл явдал болсон юм.
М.Энхсайханыг анх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад хууль бус давуу байдал олгосон, эдийн засгийг хорлон сүйтгэхийг оролдсон, терроризм үйлдэхийг завдсан хэмээн яллагдагчаар татаж, эцэстээ авто машины хэрэг тохон 4 жил зургаан сарын ял оноосон.
С.Баяр, С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан ч энэ нь нотлогдоогүй тул сүүлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутган шоронд хорьсон. С.Баярт анх 5 жилийн ял оноосныг давж заалдах шатны шүүх 2 жил 6 сар, С.Баярцогтод 10 жилийг ял оноосныг 4 жил, 8 сар болгон бууруулсан.
Оросын “Ростех”-ийн мэдэлд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголд худалдан авчирч, 100 хувь үндэсний компани болгосны төлөө УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад 4.5 жил, Б.Болорт 3.5 жил, Дубайн гэрээгээр Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жил хорих ял оноосныг 1.3 жил болгон ялласан бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гээд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг гэмт хэрэгтэн болгосон.
Өөрөөс нь өөр үзэл бодолтой байсных нь төлөө албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэг тохоод Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад 6 жил, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярыг 5 жил 5 сарын хорих ял оноосон юм.
Оюутолгойн төсөл Монголын тусгаар тогтнолын эдийн засгийн аргаар баталгаажуулсан том хөрөнгө оруулалт. Дубайн гэрээ буюу далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөр баталснаар 2022 оноос далд уурхайн бүтээн байгуулалт дуусч, тогтвортой олборлолтоо эхлүүлэх төлөвлөгөөтэй. Өдгөө 17 мянган хүн ажлын байраар хангагдсан Монголын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалт нь аль хэдийн 10 тэрбум ам.доллар давжээ.
Тавантолгойг төслийг үзэглэсэн бол дор хаяж 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж, 12 мянган хүн ажлын байраар хангагдана гэсэн тооцоог М.Энхсайхан гаргасан байсан. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч болсноор тус үйлдвэрийн ногдол ашиг болох 600 тэрбумаар айл өрх, албан байгууллагын цахилгааны, дулааны мөнгийг төлүүлэхээр болсон билээ.
Монголын эдийн засагт гуравдагч орны хөрөнгө оруулалт татсан, эдийн засгаа тэлсөн, томоохон төсөл хөтөлбөрийг гардан боловсруулж, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн хүмүүсийг улс төрийн хоригдол болгон, шоронд хорьсон нь гадаадаас “захиалгатай”, даалгавартай гэж харагдаж, хардагдаж буй юм.
Ж.НЯМСҮРЭН
ЦАР ТАХАЛ ЭДИЙН ЗАСГИЙГ ТӨСӨӨЛӨӨГҮЙ ХЯМРАЛ РУУ ХӨТЛӨВ
Сovid-19 цар тахал эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийг цочроож, зөвхөн нийлүүлэлт (бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ) төдийгүй хэрэглээ, хөрөнгө оруулалтад нөлөөлсөөр байна. Бизнесийн хэмжээнээс үл хамааран бүх төрлийн бизнес, ялангуяа агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын орлого тасалдах, дампуурах, ажлын байраа алдах зэргээр ихээхэн бэрхшээл учруулав. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ)-ийн хувьд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь хүндрэл нүүрлэсэн.
Улс хоорондын хөдөлгөөнийг зогсоож, хил хаах, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авсны улмаас олон ажилчин, тэр дундаа албан бус эдийн засагт ажиллаж байгаа болон тохиолдлын чанартай ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд ажилдаа ирж очиж чадахгүй, ажил эрхлэх боломжгүйд хүрч, цалин, орлогогүй болох зэргээр олон хүндрэлийг даван туулах зайлшгүй шаардлагатай болов.
Хүмүүс бараа, үйлчилгээ худалдан авах боломжгүй, эсвэл худалдан авахаас татгалзах хандлагатай байгаа бөгөөд энэхүү тодорхойгүй, айдастай нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгжүүд ажилтан авах, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, хөрөнгө оруулалт хийх зэргээ хойшлуулж байна.
Улсын нийт гадаад өр 2020 оны эхний есдүгээр сард 31.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (4.2%) тэрбум доллар, өмнөх улирлаас 378.5 (1.2%) сая ам.доллараар өсөв. Засгийн газрын нийт өрийн 23.0 их наяд төгрөг буюу 87.7 хувь нь гадаад өр, 1.3 их наяд төгрөг буюу 5.0 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.0 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 0.9 их наяд төгрөг буюу 3.3 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.1 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 8.3 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 91.0 хувийг эзэлж байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 12.0 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 3.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сард 0.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 160.5 (18.8%) тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 228.1 (16.6%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Эдийн засгийн төлөв байдал муудаж, хөдөлмөр эрхлэлтийн тоо, чанарын үзүүлэлт маш хурдацтай буурав. Эдийн засгийн үйл ажиллагааны зогсонги байдал орлогод нөлөөлснөөр ажилтай дундаж давхаргынхан ядуурлын шугамд ойр, түүнээс ч доогуур ороход хүрсэн билээ. Үүнийг 2020 оны хоёрдугаар улиралд Монголд нийт 8000 ажлын байр цомхтголд орох (“Covid-19” вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгааны тайлан. МҮХАҮТ) тооцоо судалгаанаас харж болно. Ажлын байрны тооны өөрчлөлтийг салбараар харвал зочид буудал, нийтийн хоолны 52%, аялал жуулчлалын 44%, банк санхүүгийн 42%, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 39% нь ажлын байрны тоогоо бууруулжээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 11 дүгээр сард 6.4 мянган хүн шинээр бүртгүүлсний 3.6 (55.3%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 511 (16.7%) хүнээр өссөн үзүүлэлт (ҮСХ) байв.
Монгол Улсын Засгийн газар цар тахлын хүнд нөхцөлд ард иргэдийнхээ ачаанаас хөнгөлөх багагүй алхмууд хийв. Тухайлбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, крипто валюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа 9-өөс бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцах шийдвэр гаргасан нь чухал дэмжлэг болж байна. Мөн гэр хорооллын иргэдэд нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулах багц шийдвэр гаргасанд иргэд ам сайтай байгаа юм.
Төв банк Covid-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжих, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна.
Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулан 6% болгосон нь Монгол Улсын хувьд түүхэн доод түвшин бөгөөд 2020 онд цар тахалтай холбоотойгоор ийнхүү бодлогын хүүг нийт 5 нэгж хувиар бууруулав.
Цар тахлын хүндрэлийн үед иргэдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, “МИК ОССК” ХХК болон банкууд хамтран хэрэгжүүлж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс цахим хэлбэрээр авч эхэлсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийт 2.11 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,828 зээлдэгч хүсэлт гаргаснаас 1.87 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 33,929 зээлдэгчийн хүсэлтийг буюу 87 орчим хувийг нь шийдвэрлэж эргэн төлөлтийг хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулжээ. Он гарснаас хойш Монголбанк өссөн дүнгээр нийт 21 тоннд үнэт металл худалдан авсны 19.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө юм.
Хувиараа хөдөлмөр эрхлэлт зэрэг хөдөлмөр эрхлэлтийн зарим төрөлд онцгой анхаарал хандуулах нь нөхөн сэргээх үйл ажиллагааны үндэс. Бүх шатанд бэлтгэлтэй байх нь нөлөөллийг бууруулах, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, ажлын байр, аж ахуйн нэгжүүд, амьжиргааг хамгаалахад чухал үүрэгтэй билээ.
Д.ЭРДЭНЭТУЯА
ЭХ ХЭЛНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ МОНГОЛ ҮНДЭСТНИЙГ НЭГТГЭВ
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд өнгөрсөн есдүгээр сард өрнөсөн эх хэлээ хамгаалах тэмцэл дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстнийг сэрээж, язгуур соёлоо хамгаалах үзэл санаанд нэгтгэсэн нь 2020 оны онцлох үйл явдлын нэг боллоо.
Төрт ёсоо үүсгэсэн монголчуудын түүх 2200 гаруй жилийн тэртээгээс эхтэй бол монгол бичгийг Их Монгол Улс байгуулагдахаас өмнө зохиогдсон гэж эртний мэргэд судар бичигт тэмдэглэн үлдээсэн ч өнөөг хүртэл батлагдаагүй. Гэсэн ч монгол үндэстнийг бусад улс үндэстнээс товойлгож, өнөөдрийг хүртэл газар нутаг хаана байгаагаас үл хамааран хэдэн зууны турш үзэл санаагаар нь нэгтгэн, зангидаж ирсэн үнэт зүйл бол монгол хэл бичиг, монгол хэл юм.
Өвөрмонголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдүгээр ангиас эхлэн монгол хэл бичиг үздэг байсныг сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт оруулж, хятад хэлийг нэгдүгээр ангиас “Хэл бичиг” нэртэйгээр заахаар тогтож, 2021 оноос улс төрийн хичээлийг, 2022 оноос түүхийн хичээлийг хятад хэлээр заахаар болсон нь Өвөр Монгол даяар тэмцэл өрнөхөд хүргэсэн юм.
Дүрэмт хувцсаа өмссөн сурагчид сургуулийнхаа гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, “Бидний эх хэл бол монгол хэл. Бид үхэх хүртлээ Монгол хүн” гэх уриа хашхирч, тэр бүү хэл амь насаа золиосолсон харамсалтай түүхийг ч үлдээсэн юм.
Судлаачид ч “монгол хэл бол бага үндэстний хэл биш дэлхийн хэл юм” хэмээн тодотгож байв.
Эх хэлээ хамгаалах зорилго дор өрнөсөн энэхүү тэмцлийг Монголын улстөрчдөөс түүчээлж, дэлхий дахины анхааралд оруулахын төлөө оюун санааны тэмцэл хийсэн хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байв.
Тэрбээр “Монгол Улс эрх чөлөөтэй орон. Бид энэ асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах ёстой. Монгол хүн л юм бол монгол хүний, монгол үндэстний илэрхийлэл болсон эхийн сүүтэйгээ хөхөж бойжсон соёл уламжлал, хэл бичиг, өвөрмөц ахуй амьдралаа гээж болохгүй. Тэр тусмаа бусад үндэстний түрэмгий түрэлтийн дор. Тэмцэлгүй үндэстэн мөхдөг. Галгүй гэр хөрдөг. Нэг хүний дуу хоолой ч ганцдахгүй. Хэдий Хятад том ч монгол хүн энэ тэмцэлд жижигдэхгүй. Ямар ч үндэстэн үүнийг ойлгоно. Элбэгдорж жижиг ч, монгол хүний төлөө тэмцэлд бол Хятад надад томдохгүй” хэмээн байр сууриа илэрхийлж, өвөрмонголчуудын тэмцэлд хүч өгч байв.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан захидал илгээж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйд хатуухан үгтэй жиргээ “хаягласан”.
Энэхүү оюун санааны тэмцлийг иргэний нийгэм, төрийн бус байгууллага, Монголын бурхан шашны сүм хийд, холбоод дэмжиж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилсан өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхэд хүргэв.
Тайван жагсаалд оролцсон иргэд “Түүх, хэл бичгийг нь устгана гэдэг үндэстэнг устгаж байна гэсэн үг. Бид өвөрлөгч нарыгаа өмгөөлж, жагсч байна. Бидэнтэй л адил хэл, бичгээ хамгаалж байгаа хүмүүс. Төрийн гурван өндөрлөг энэ асуудалд байр сууриа илэрхийлэх ёстой” хэмээн мэдэгдэж байв.
Монгол Улсын хувьд үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх Ерөнхийлөгчийн зарлиг 2010 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал мандсан 100 жилийн ойг угтаж, гарсан түүхтэй. Зарлигийг тухайн үед Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Ц.Элбэгдорж баталсан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ