Монголчууд биднийг гадаад улс орнуудаас эцсийн бүтээгдэхүүн худалдан авч байгалийн болон малын түүхий эдээ экспортолдог хэрэглэгч ард түмэн хэмээн гадныхан дүгнэж байсан бол сүүлийн жилүүдэд аж үйлдвэр эрчимтэй сэргэснээр өмнөх зуунд хийж бүтээж байсан шигээ дахин эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнийгээ олон улсад экспортолж эдийн засагтаа хувь нэмэр оруулах эх орныхоо хөгжил дэвшилд түүчээ болон ажиллах цаг үе бий болсныг нэгэн үйл явдал харуулж чадлаа. 2016 оны гуравдугаар сарын 14-ний билэгт сайн өдрийн морин цагт үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Тэсо” корпораци өөрийн албан ёсны төлөөлөгчийн газраа БНХАУ-д нээж уг төлөөлөгчийн газраараа дамжуулан Хөх хот, Жининь хот, Шилийн гол аймаг зэрэг эхний ээлжинд Өвөр монголчуудын тархан суурьшсан бүс нутгийн зах зээлд нэвтэрч цаашлаад Хятад улсын хүн ардад Монгол орны цэвэр экологийн бүтээгдэхүүнээ хүргэх эрхэм зорилго тавин үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
…экспортолно гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг билээ…
“–Монголчууд бид өмнө нь Хятад улстай зөвхөн бараа бүтээгдэхүүний худалдаа гэхээсээ илүү түүхий нүүрс, төмрийн хүдэр гэх мэт зүйлсийг экспортолдог байсан бол одоо бид нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг БНХАУ–д албан ёсоор худалдаалж байгаагаараа онцлогтой юм. Энэхүү үйл явдал нь өнөөгийн эдийн засаг хямралтай хүнд үед бид бүхэн бага ч гэсэн хувь нэмэр оруулж буй үйлдэл хэмээн бодож байна. “Тэсо” корпорацийн хувьд анх удаа БНХАУ–д өөрийн бараа бүтээгдэхүүнээ экспортлож эхлээд байна. Хятадын ард түмэн бол олон жилийн аж үйлдвэрийн томоохон соёлтой, мэдлэгтэй, чадвартай ард түмэн юм. Хятад улсын чанар стандартыг хангаж улмаар бараа бүтээгдэхүүнээ экспортолно гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг билээ. Энэ том зах зээлд бид эх орны цэвэр экологийн бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх зах зээлийн өргөн боломж байгаа хэмээн үзэж өнөөдөр албан ёсны Төлөөлөгчийн газраа нээгээд байна. Бид цаашид өртгөөр бус өөрсдийн давуу талаараа өрсөлдөх стратегийг барин Хятад улсын зах зээлд амжилттай үйл ажиллагаагаа явуулна хэмээн төлөвлөж байна…”
“Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл
Тэд мөн өнгөрсөн 2015 оноос эхлэн Казакстан, Киргиз, Узбекстан, БНХАУ зэрэг гадаад улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ экспортлож эхэлсэн бөгөөд энэ удаад БНХАУ-д өөрийн албан ёсны төлөөлөгчийн газраа нээсэн төдийгүй томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллахаар гарын үсэг зуржээ. Ингэснээр Хятадын ард түмэнд шинэ шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаас гадна тэдний сонголтонд Монгол хүнс нэгээр нэмэгдэж буйг албаны хүмүүс онцолж байлаа. “Тэсо” корпорацийн хамт олон одоогийн байдлаар “100” зэрлэг жимсний ундаа, “VIP” байгалийн эрдэст ус, “Лапша” гоймон, “Голден милк” хуурай сүү зэрэг бүтээгдэхүүнийг экспортолж байгаа бөгөөд цаашид нэр төрлөө нэмэхээр ажиллаж байгаа юм байна.