Зөөлөн хүчний бодлогоо одоо л хэрэгжүүлье, хотын дарга аа

Хуучирсан мэдээ: 2020.12.27-нд нийтлэгдсэн

Зөөлөн хүчний бодлогоо одоо л хэрэгжүүлье, хотын дарга аа

Зөөлөн хүчний бодлогоо одоо л хэрэгжүүлье, хотын дарга аа

Дан ганц Монгол ч биш дэлхий даяар цар тахалтэй зэрэгцэн, дасан зохицож амьдарч буй энэ үед эдийн засгаа унагаалгүй авч үлдэх, ард иргэдийн болон улс орныхоо дансыг хоослохгүй байх нь хамгийн нэн чухал асуудал болоод байна.

Монгол Улсын хувьд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хоёр дахь удаагаа шилжив. Эхний удаад бид сар гаруйн хугацаанд бүх нийтээрээ бэлэн эсэхээ шалгах үед алдаа дутагдал ихтэй байсан ч энэ удаад бид арай дөнгүүр арга хэмжээ авч хэрэгжүүлж чадаж байгаа.

Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан Эрдэнэт, Эрдэнэставантолгой ашгийг нийслэлчүүд бид “шатааж” дулаан хонож байна. Нийгмийн даатгал, татварын алданги гэх мэт олон хөнгөлөлт чөлөөлөлтийг бид улсынхаа сан хөмрөгөөс гаргаж байгаа.

Хэдий бид дулаан хонох түлш, зурагт үзэх эрчим хүчийг олгож, зээл болон нийгмийн даатгал нэхэхгүй байх зохицуулалт хийж чадсан ч иргэдийнхээ аманд орох хоолны асуудлыг орхигдуулж болохгүй.

Иргэд ажил хийж мөнгө олоод, мөнгөөрөө хоол авдаг. Ажиллаж буй ААН татвараа төлж, улсад татвараа төлж, татварын мөнгөөр эмч багш, онцгойгийнхон цалинжина. Тэгэхээр ААН-үүд ажиллаж байгаа цагт улс мөнгөтэй, иргэд хоолтой байна. Яг л Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой цар тахлын үед ч гэсэн ажлаа үргэлжлүүлж, улсаа “чирж” яваатай адил.

Улсад Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойн уурхай байгаа бол нийслэлд жижиг дунд бизнес эрхэлдэг мянга мянган ААН бий. Энэ жилийн хотын төсвийн нийт орлогыг 734 тэрбум байхаар төлөвлөсний 78 хувийг буюу 570 тэрбум төгрөгийг ААН-үүдийн татварын орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл өдгөө хөл хорио, цар тахлын улмаас нийслэлийн төсөв 40 орчим хувиар тасарсан гэх. Тодруулбал, нийслэлийн саалийн үнээ болсон жижиг дунд бизнесийнхэн зөвшөөрөгдсөн 15 чиглэлд багтаж чадаагүй учраас өдгөө нийслэлийн төсөв тасарсан нь дамжиггүй.

Улаанбаатар хотод одоогоор 15 чиглэлийн аж ахуйн нэгжээс бусад төрлийн үйл ажиллагааг бүрэн хориглож, зөвхөн тусгай зөвшөөрөлтэй автомашинтай иргэд замын хөдөлгөөнд оролцож байна. Дээрх 15 чиглэлийнхэн дээр бизнес эрхлэгчдийг нэмж чадвал нийслэл маань төсөвтөө мөнгөтэй, ажилчин иргэд нь гэртээ хоолтой байж чадна.

Хотын дарга Д.Сумъяабазар бүх нийтийн бэлэн байдлын үеэр хотын эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримтлахаа мэдэгдэж байсан нь маш оновчтой шийдвэр байсан. Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлсний үндсэн дээр 20 төрлийн үйлчилгээний газрыг нээснээр 30 000 орчим иргэнийг ажилтай болгож чадна хэмээн мэдэгдэж байсан билээ. Харин одоо дээрх саналыг хэрэгжүүлэх цаг мөн гэдгийг хотын сан хөмрөг харуулж байгаа биз.

Т.АРЪЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж