News агентлаг өнгөрч буй долоо хоногт нийгэм, улс төрийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд сулруулаад байсан хөл хорионы дэглэмийг арванхоёрдугаар сарын 23-нд 06.00 цагаас дахин сэргээв.
Хөл хориог дахин тогтоосон шалтгаан нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн Covid-19 өөр өвчилсөн болох нь батлагдсан юм. Одоогоор тус голомтоос үүдэлтэй халдвар 146-д хүрээд байна. Тодруулбал, 15 эрүүл мэндийн ажилтан, 27 гэр бүлийн гишүүд, 81 өвчтөн, 22 сахиур, хавьтал нэг хүн байна. Тэдний ойрын хавьтал 1444 хүнийг хоёр дахь шинжилгээнд хамруулжээ.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн халдварын голомтын эх үүсгүүрийг олж тогоогоогүй байтал Хавдар судлалын үндэсний төвийн хоёр эмч, ойрын хавьтлын нэг хүнээс Covid-19 илэрч дахин нэг эмнэлэг халдварын голомтоор бүртгэгдэв. Одоогоор тус эмнэлгийн хэмжээнд ойрын хавьтлын 112 хүнийг тусгаарласан бол хоёрдогч хавьтал болох 500 орчим хүнийг шинжилгээнд хамруулжээ.
Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн 1082 тохиолдол батлагдсанаас 711 хүн эдгэрсэн бол 300 гаруй тохиолдол нь эмчлүүлж байна. Харамсалтай нь, халдвар тээгч нэг иргэн нас барсан болохыг өчигдөр (2020.12.26) Эрүүл мэндийн яам албан ёсоор мэдээллээ.
Талийгаач нь 76 настай, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Үндсэн онош нь цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерын даралттай, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь Covid-19-өөр халдварласан, маш хүнд өвчтөн байсан учраас Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэх боломжгүй байсан, тиймээс тус төвийн эмч нар эмчилгээ хийлгэх шатанд нь очиж, зөвлөгөө өгдөг байсан гэв.
Хувийн нэг, улсын нэг эмнэлэг Covid-19 халдварын голомт болсон тул нэгдүгээр сарын 6-н хүртэл тогтоогоод байсан хөл хорио сулрах эсэх эргэлзээтэй болж эхэллээ.
Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
УИХ Пүрэв гаригийн (2020.12.24) нэгдсэн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлэх бөгөөд сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байна. Мөн Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгоно.
Авлига, албан тушаалын хэрэг, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй байхаар хуульчлагдлаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогч саналаа өгснийг илтгэн бэхэн тэмдэглэгээ хийх, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэнээ мэдэх эрхтэй байх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн асуудлаар гомдол гаргах эрхтэй байх зохицуулалтыг тусгаж өгөв.
Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсэг бүрд өгч байх, хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолохоор, санал авах байранд дуу, дүрс авах хяналтын камер байрлуулах, сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсвэл ажиллах боломжгүй болсон бол сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч овог, нэр, регистерийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг нь тэмдэглэсэн цахим, цаасан архив үүсгэх талаар тусгасан байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.15 дахь хэсгийн сонгогчдийн нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан нам, эвсэлд өгөх байсныг хоёроос доошгүй хоногийн өмнө өгөхөөр,
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг өөрчлөхөөр, 36 дугаар зүйлийн 36.11, 41 дүгээр зүйлийн 41.8, 42 дугаар зүйлийн 42.12 дахь хэсгийн сонгуулийн сурталчилгааны төлбөрийн дунджийг тогтоохдоо ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санап авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацааны дунджаар тооцохоор,
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.12 дахь хэсгийг хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулж, сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулахаар өөрчилжээ.
Ерөнхий сайд АТГ-ын даргыг томилдог байхаар хуулийн заалтыг өөрчлөв
Хонгилын түлхүүрийг хэн атгах вэ тулаанд МАН ялалт байгууллаа. УИХ-аар энэ долоо хоногт Авлигын эсрэг хуулийг баталснаар Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын даргыг Ерөнхийлөгч бус Ерөнхий сайд санал болгон, УИХ баталдаг байх зохицуулалт хэрэгжиж эхлэх юм.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар АТГ-ын дарга, дэд дарга нарыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ баталдаг байсан. Харин Засгийн газраас Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга нь дэд даргыг томилдог байх зохицуулалтыг тусгасан ч УИХ-д 62 суудалтай МАН боломжийг ашиглан барьцаа ахиулж, Ерөнхий сайд АТГ-ын даргыг томилдог байх заалт хуулийн төсөлд тусгасныг УИХ Пүрэв гаригийн хуралдаанаараа дэмжиж, суулгаад байна.
Үндэслэлийг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байнгын хорооны хуралдааны үеэр АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгохыг Үндсэн хуулиар хориглосон тул УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санал гаргаж Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгодог зарчмын зөрүүтэй санал оруулсан нь дэмжигдсэн. Ингэснээр, АТГ нь УИХ-ын дэргэдэх байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Харин гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь Засгийн газрын эрхлэх хүрээний асуудал тул Ерөнхий сайд санал болгож УИХ-аар нээлттэй сонсгол хийж томилдог болно" гэв.
УИХ энэ долоо хоногт тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталснаар Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгон, УИХ батлахаар, харин АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог байхаар болж, өөрчлөгдөнө.
Эрх мэдлийн хуваарилалт Ерөнхий сайдад төвлөрч байгаатай зэрэгцэн МАН дотор ч хэн нь эрх дараагийн албан тушаал руу нүүх вэ гэдэг нүүдэл өндөр авах шинжтэй байна. Учир нь зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно, түүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болоод буй. Харин дараагийн гүйцэтгэх засаглалын тэргүүнд хэн өрсөлдөх вэ гэдэг рүү хамгийн их амбицтай хөдөлж, өөрийн гэсэн хүмүүсээ албан тушаал болгон руу шургуулахаар хөдөлгөж буй хүнээр УИХ-ын дарга Г.Занданшатар нэрлэгдээд байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ