Монголбанк цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ѳрх, бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогыг оны эхнээс хэрэгжүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулах шийдвэртэй алхам хийх орон зайг инфляц, ханш аль аль нь олгосон талаар Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярив. Түүний хэлснээр, инфляц сүүлийн саруудад бага түвшинд (аравдугаар сарын байдлаар 2.4%) хадгалагдаж, цаашид ч бага байх төсөөлөлтэй байгаа аж. Эдийн засгийн сэргэлттэй уялдан инфляц өсөх ч Тѳв банкны зорилтот түвшинд байх боломжтой гэж үзсэн байна.
Төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа аж. Тодруулбал, мөнгөний бодлогын төлөв зохистой байгаа, экспортын орлогыг эрчимжүүлэхэд чиглэсэн Засгийн газрын үйл ажиллагаа үр дүнтэй байгаа нь нөлөөлжээ.
Мөн энэ жилийн болон ирэх жилийн томоохон гадаад төлбөрүүдийг шийдвэрлэсэн, саарал жагсаалтаас гарсан гээд “Covid-19”-ийг эс тооцвол эдийн засагт тодорхой ахиц дэвшлүүд гарсан билээ. Энэ эерэг хүчин зүйл нь эргээд эдийн засагт болон төгрөгт итгэх итгэлийг дэмжиж байна гэж үзжээ.
Валютын нѳѳц 8-9 сарын импортыг хангах түвшинд байгаа бөгөөд энэ оныг 4 орчим тэрбум ам.долларын нөөцтэй давах боломжтой аж.
Монголбанк ирэх оны эдийн засгийн өсөлт 6 орчим хувьд байна гэж төсөөлж байна. Энэ талаар Төв банкны тэргүүн хэлэхдээ “Цар тахал дотоодод тархахаас өмнө 8-9 орчим хувийн суурь хүлээлттэй байсан. Эдийн засгийн үйл ажиллагаа хөл хорионоос ихээхэн шалтгаалж байгаа тул дотоод тархалтаа аль болох богино хугацаанд цурманд оруулах шаардлагатай. Бизнесийн идэвх сулардаг өвлийн улиралд хөл хорио таарлаа. Ирэх хавар хөл хориогүй байх нь бизнесийн сэргэлтэд их чухал. Ер нь манайд дотоод тархалтаа шийдвэрлэх асуудал байгаа болохоос бус гадаад орчин бол эерэг тал руугаа тасралтгүй өөрчлөгдөж байна. Хүнд цаг үе ч удаан үргэлжлэхгүйгээр ирэх жилээр хязгаарлагдахаар байгаа тул дунд хугацааны төсөөлөл харьцангуй өөдрөг байна. Тийм учраас өрх болон бизнес, зах зээлийн зарчмаа богино хугацааны бэрхшээлийн золиосонд алдчихалгүйгээр сайн цагтай золгох нь чухал байна” гэв.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Б.ЖАРГАЛ