Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны хэрэглэж байсан Ардчилсан намын тамгыг Улсын бүртгэлийн газраас хүчингүй болгожээ. Учир нь Ардчилсан намын дарга С.Эрдэнэ арванхоёрдугаар сарын 21-нд Ардчилсан намын тамгыг хүчингүй болгох хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т хүргүүлсэн байна.
Тэрбээр уг хүсэлтэд "Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул иргэн Ц.Тувааны ашиглаж байгаа Ардчилсан намын 11172378445 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэжээ.
Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Би энэ асуудлыг өнгөрсөн зургаан сар ажиглалаа. Ц.Туваан гэж хүн Ардчилсан намыг самарч байна. Ардчилсан намын 10 дугаар их хурлыг цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулах тусгай журам, дэг батлаагүй. Манай намын үндсэн дүрэмд цахимаар хуралдах тухай ямар ч зохицуулалт байхгүй. Тиймээс үндсэн дүрэмдээ тусгай журам батлуулж, их хурлаа зохион байгуулах ёстой байсан.
Арванхоёрдугаар сарын 18, 19-нд зохион байгуулсан Ардчилсан намын 10 дугаар их хурал нь хууль бус хурал болсон. Манай намын дүрэмд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж албан тушаал огт байхгүй. Тийм учраас би Ц.Туваанд олгосон түр эрхээ цуцалж, 24 цагийн дотор Ардчилсан намын тамгыг хүлээлгэн өгөхийг шаардаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч миний хүсэлтийн дагуу хуучин тамгыг хүчингүй болгож, надад шинээр тамга авах эрх өгсөн” гэв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ